Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр ажиллаж байна.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, таван саравч, дөрвөн хашаа, нэг өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ. Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өгчээ.
Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэд хамтран Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг бүрэн унтраасан ба өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.