Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзах гэнэ.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.