Дорнод аймгийн Булган суманд гарсан хээрийн түймрийг унтраалаа. Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 14:00 цагт бүртгэгдлээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж оройн 20:40 цагт түймрийг бүрэн унтраажээ.
Хээрийн түймэрт 7,500 га талбай өртөж шатсан бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Иргэд та бүхэн түймрийн аюултай үе буюу хуурайшилт өндөртэй хаврын өдрүүдэд халуун цогтой үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж, хог шатаах болон ил гал гаргахгүй байх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.