Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар Таравлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр 12 бөхөөс допингийн шинжилгээг авлаа.
2024 оны 10-р сараас тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 бөхийг шинжилгээнд хамруулаад байна. Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ.
Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдөр буюу 02-р сарын 25-ны өдрийн нислэгээр хүргүүлж байгаа аж. Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэх гэнэ.