“Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцох гэнэ.
Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншил болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг.
Наадмын үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6.000 жилийн өмнө үүссэн. Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.