Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дуусаж улсын комисст хүлээлгэн өгчээ. Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг гэнэ. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг.
Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 100 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой аж.
Төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн байна.