Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө.
Ази тивийн хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Энэхүү уралдаанд БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ.
С.Жамбалжамцийн хувьд Парис-2024 Олимпын наадмын дугуйн спортын төрөлд эрх авч оролцсон анхны Монгол тамирчин болсон.