Нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5.490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрөгч 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.
Ингэснээр өдөрт дунджаар 25 мянган айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.
Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой. Тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм.