Өнгөрөгч долоо хоногт МҮБХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж, зохих хэмжээнд баримт мэдээлэл цуглуулах, тэднээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийж дараах хариуцлагыг оногдуулжээ.
1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглож, аймгийн начин М.Баасанцэндэд дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байж, Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж явахыг сануулсугай.
Зөрчил гаргагч Г.Болдбаатарын гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдэл, хандлагыг, зөрчил гаргагч М.Баасангийн удаа дараагийн зохисгүй үйлдэл гаргаж байгааг тус тус харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн нь улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг зургаан сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
3. Төв аймгийн Зуунмод суманд болсон “Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан”-д улсын начин Б.Чимэдвандан нь учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг есөн сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
4. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг зургаан сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Зөрчил гаргагч Ц.Мөнхбаяр нь барилдааны талбай, бөхийн дэвжээнд учраа бөх рүүгээ гар далайх, хуруугаараа чичлэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсныг харгалзан хариуцлагын хугацааг тогтоосныг дурдсугай.
5. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд “Засуул”-аар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг 2 жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосугай.
6. Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг нь унасан бөхийн дээрээс зохисгүй үйлдэл гаргаж, баяр наадам, наадамчин олон, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Заяатүшигийг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
7. Улсын харцага Г.Ганхуяг нь Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан боловч наадмын барилдааныг дуусгаагүй нь түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн болохыг, түүнээс шалтгаалан наадам саатсан байх тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Г.Ганхуягийг 3 сарын хугацаанд үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдахыг хориглосугай.
Харин Улсын заан Д.Баасандорж, улсын начин Б.Батжаргал, сумын заан Э.Ганболд нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрдээгүй тул ямар нэгэн хариуцлага тооцоогүй гэнэ.