Өмнөговь аймаг, Ханбогд сумын нутагт ачааны хоёр автомашин мөргөлдөж нэг жолооч нас баржээ. Хэргийг тодруулбал Ханбогд сумын төвөөс урд зүгт “Хайрхан-Овоо” гэх газар ачааны хоёр автомашин мөргөлдөж төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага шөнийн 12:05 цагт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, 52 настай эрэгтэй жолооч төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Жолоочийн цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.