МҮБХ-оос Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Спортын арбитр ТББ-ын удирдлага, төлөөлөлтэй нээлттэй уулзах саналыг хүргүүлжээ. Шалтгаан нь тус байгууллагын шийдвэрүүд холбоо болон бөхчүүдэд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзжээ.
Жишээлбэл МҮБХ-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх найм дахь шаардлагын дагуу аймгийн арслан Б.Өсөхбаярыг тавдугаар сарын 3-ны өдрийн барилдаанд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэн барилдуулсан.
Тус барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүд Спортын арбитр ТББ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, тус төрийн бус байгууллагыг спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэж ажиллах, үүний тулд 2023.11.23-ны өдөр гаргасан шийдвэрээ дахин нягтлах шаардлагыг хүргүүлэхээр гарын үсэг зурж барилдааны нээлтийг 36 минутаар хоцроосон.
Үүний дагуу МҮБХ-ны Тэргүүлэгчид тухайн өдөр хуралдаж бөхчүүдийн шаардлагыг Спортын арбитр төрийн бус байгууллагад хүргүүлэх, тус ТББ-д харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох зөрчлийг дахин хэлэлцэх саналыг хүргүүлэн ажиллах шийдвэр гаргасан байна.
Мөн Спортын арбитр ТББ-ыг дээрх хоёр бөхийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах хүртэл бөхийн барилдаанд бүртгэхийг түр түдгэлзүүлж ажиллахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгажээ.