Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталжээ. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг "Хуримтлалын сан"-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдэж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудаснаа нийтэлжээ.
Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж, "Оюу Толгой"-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, "Эрдэнэс Тавантолгой" компани ашигтай ажиллаж ногдол ашгаа хуваарилж эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж бүрдлээ. "Хуримтлалын сан"-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болов. Ийнхүү олон жил яригдсан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдэв" гэжээ.