Дорнод аймгийн Матад сумаас төөрч сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Матад сумын “Тархитын хошуу” гэдэг газраас энэ сарын 16-ны өдөр 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёр өдрийн дараа Онцгой байдлын албанд мэдэгдсэн. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж байна.
Сураггүй болсон иргэн нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн 48 настай эрэгтэй гэнэ. Эрлийн ажлыг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран хийж байна.