• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    97   |  
0

Азийн Хөгжлийн Банк (АХБ), Монгол Улсын Засгийн газар сургуулийн өмнөх, бага дунд, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15 сая ам.долларын нэмэлт санхүүжилтын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

АХБ-ыг төлөөлж тус банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Мухаммед Эсан Хан, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан нар гэрээнд нарын үсэг зурав.

“КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засаг уналтанд орсноор боловсролын төсвийг ихээр танасан. Цар тахлын улмаас алдагдсан боловсролын боломж, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн хувьд улам нэмэгдэх эрсдэлтэй учир сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнөөдөр гэрээ зурж буй энэхүү нэмэлт санхүүжилтийн хүрээнд илүү олон сургууль, цэцэрлэгийг нэмж барьж, тохижуулснаар 1600 гаруй хүүхэд сурч хүмүүжих боломж бүрдэнэ” хэмээн ноён Хан хэлэв.

Одоо хэрэгжиж буй 50 сая ам.долларын өртөгтэй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг 2017 оны арваннэгдүгээр сард АХБ-наас сургуулийн өмнөх, бага дунд, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор баталсан.

Мөн сургалтын хөтөлбөр болон түүнтэй уялдах үнэлгээний системийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, заах арга зүйн хэрэглэгдэхүүнээр хангах, багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг тус төслийн хүрээнд хийхийн зэрэгцээ боловсролын салбарын удирдлага, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлж байгаа юм.

Нэмэлт санхүүжилтийн төслөөр одоо хэрэгжиж буй төслийн цар хүрээг өргөжүүлж, 3 сургууль, 6 цэцэрлэгийг нэмэлтээр барих буюу өргөтгөн, бүрэн тохижуулна. Энэ нь нийт төслийн хүрээнд барьж, өргөтгөх сургууль, цэцэрлэгийн тоог 30 хүргэж, нийт 7000 гаруй хүүхдэд сурч хүмүүжих боломжийг нээнэ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилга нь уур амьсгалын нөлөөллөөс үүдэлтэй эвдрэлийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх зорилгоор уур амьсгалд дасан зохицсон, тэсвэрлэх чадвар өндөртэй байх юм. 2027 оны хоёрдугаар сард дуусах энэхүү төслийг АХБ-ны хөнгөлөлттэй ердийн хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ