• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    175   |  
0

Элэгний Д вируст гепатитын эсрэг Мирклудекс Б (Bulevirtide) тариаг Монгол Улсад оруулж ирж, худалдан борлуулах шаардлагатай байгаа талаар “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд “Бид амьд баймаар байна. Тийм учраас энэ тариаг авч хэрэглэе” гэж хүслээ.

Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа "Мирклудекс Б (Bulevirtide) тариаг анх 2014 онд ОХУ-д бүтээсэн. Үүнээс хойш Д вирустэй иргэд бид энэ тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш үе үеийн Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаны хүмүүст шаардлага хүргүүлж ирсэн. Гэвч одоог хүртэл тодорхой шийдвэр гараагүй. Энэ тариаг хүлээж олон хүн элэгний өвчнөөр нас барж байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө Д вирустэй 37 настай иргэн “Мөн их хүлээсэн дээ гэж дамжуулаарай” гэж хэлээд нас барсан тохиолдол бий. Бидний амь нас цаг, минутаар хэмжигдэж байгаа учраас Д вирусийн эсрэг энэ тариаг оруулж ирэхийг хүсэж байна.

Эрүүл мэндийн яам ажлаа хийхгүй байгаа учраас бид амьд байх, элэг бүтэн амьдрахын тулд  ОХУ руу явж Д вирусийн эсрэг тарианд хамрагдах эрхийн бичигтэй болж ирсэн. Улсын төсөвт Эрүүл мэндийн сайдын багцад улсын төсвөөс 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ мөнгөнөөс Д вирусийн эсрэг тариагаа бид авахгүй бол өөрсдөд маань эдийн засгийн хувьд боломж алга. Эрүүл мэндийн яамнаас энэ мөнгийг бидэнд үлдээж өгөөч гэж л хүсэж байгаа юм” гэв.

Мөн ТББ-ын гишүүн н.Буянтогтох “Д бол маш хоруу чанартай, элэг гэмтээдэг, хатуурал, цаашлаад хавдар болгодог гол үндсэн вирус юм. Монголд B,D вирусийн эмчилгээ гэж байхгүй. Миний хувьд B вирусийн эсрэг Vicure гэдэг эмийг 30 хоногт өдрийн нэгээр уудаг. Мөн урсомон гэдэг цөс хөөх эмийг өдрийн хоёроор уудаг. Нэмээд элэг хамгаалах Ucolic гэдэг эмийг өдрийн гурваар ууж байна.

Мирклудекс Б (Bulevirtide) тариаг 2015 оноос ОХУ-д хэрэглэж эхэлсэн. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас энэ тариаг иргэддээ хөнгөлөлт үзүүлж, энэ тариаг үнэ төлбөргүй хийдэг. 30 хоногийн тариа нь монгол мөнгөөр бол 6.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ тариа нь эмнэлзүйн заавраараа 1.8 жил хийлгэх хугацаатай. 20 сар тариулах хугацаа нь 128 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголд өнөөдөр цалингийн доод хэмжээ 660 мянган төгрөг. Тэгэхээр энэ үнэтэй тариаг хийлгэх ямар ч боломж байхгүй.

Монгол Улсын Засгийн газраас 2024 онд элэгний B,D вирусийн эмчилгээнд зориулж 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Төсвийн мөнгийг хувааж үзвэл 105 иргэн энэ тарианд хамрагдах боломж байна. Тиймээс энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулж өгөөч гэж шаардаж байгаа юм” гэлээ.

Мөн ТББ-ын төлөөлөл "Би АНУ руу судалгааны эмчилгээнд яваад ирсэн. Гэхдээ хоёр жилийн дараа эмчилгээгээ зогсоосон, учир нь надаас өөр дөрвөн хүний элгэнд ноцтой гэмтэл гарсан гэж дүгнэлт гарсан. АНУ-ын эмч надад Мирклудекс Б (Bulevirtide) тариаг хийлгэхийг зөвлөсөн. Гэвч Монголд байхгүй. Асууж, тодруулж үзсэн. Хариу нь тодорхой биш, оруулж ирэх боломжгүй, өндөр өртөгтэй гэсэн.

Энэ тариаг бид хэрэглэхэд нэг сарын 6 сая 400 мянган төгрөгийн өртөгтэй болох нь. Тиймээс л хөнгөлөлт үзүүлээч, ЭМЯ, Эрүүл мэндийн сайд ажлаа хийгээд үүнд анхаарлаа хандуулаач гэж Сайдаас, яамнаас тусламж хүсье. Бидэнд уух, эм тариа алга" гэж ярив.

Тэдний хэлж буйгаар Мирклудекс Б (Bulevirtide) тариа нь хоруу чанаргүй, гаж нөлөө багатай, хамрах хүрээ өргөнтэй, өвчний аль ч үед хэрэглэж болдог. B,D вирусийг элэг рүү нэвтрүүлдэг антигенийг блоклож өгдөг сонгомол үйлчилгээтэй аж.

Д вирусийг устгах чадвартай Мирклудекс Б (Bulevirtide) эмийг анх ОХУ-ын эрдэмтэд бүтээж, ХБНГУ-ын компанид патентаа худалдаж, тэр компани цааш АНУ-ын “Gilead Science”-д шилжүүлжээ.

ОХУ нь уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байдаг аж. Харин “Элэгний В, D вирустэй тэмцэгчид” ТББ-ын гишүүд өөрсдөө очиж, тус улсын эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьснаар тариаг худалдан авч хэрэглэх эрхийн бичиг авч чаджээ. ОХУ-ын улсын эмийн сангаас 6 сая 425 мянган төгрөгөөр худалдан авахаар болсон аж. Одоо тэдэнд эдийн засгийн хувьд хүндрэл үүсээд байгаа тул элэгний B,D вирустэй иргэдийн эмчилгээнд зарцуулахаар улсын төсөвт суулгасан мөнгөнөөс авч ашиглахыг шаардаж буй юм байна.

Эрүүл мэндийн яамнаас шаардлагынхаа хариуг өнөөдөр авах бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд өлсгөлөн зарна “Тэртээ, тэргүй бид хаана ч үхэх л улс шүү дээ. Өөрсдийнхөө төлөө явах болно” гэж хэвлэлийн хурлын төгсгөлд онцоллоо.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ