• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    186   |  
0

Иргэн А нь цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж газарт толгойн ар хэсгээр нь унагаажээ. Улмаар хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч улмаар дээрх гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.  

Иргэн А “Бүжиглэж байтал үл таних залуу ирээд мөргөсөн. Би тоогоогүй, гэтэл дахин хоёр удаа ирж мөргөсөн. Ингээд "Яагаад байгаа юм бэ" гээд бид маргалдаж, тэр намайг цохисон. Би зөрүүлээд нэг цохиход тэр шалан дээр унаад сэргэхгүй байсан. Би гэм буруугаа ухаарч байгаа, маш их гэмшиж харамсаж байна, тухайн үед би уг хүнийг 1 удаа л цохисон, түүнийг гэмтээх ухаан алдуулъя, алчихъя гэж бодож цохиогүй...” гэж мэдүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй, энэ гэмт хэрэг бол “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг биш “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан.

Хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгадаг.

Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг. Түүнчлэн гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүхээс шүүгдэгч А нь амь хохирогч Б-г нэг удаа цохисон үйлдэл нь хохирогчийг алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй буюу хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн болон урьдын хувийн таарамжгүй харилцаа байгаагүй гэж дүгнэсэн.

Иймд шүүхээс шүүгдэгч А-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

TAGS





Холбоотой санал болгох мэдээ