• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    155   |  
0

Өчигдөр буюу Лхагва гарагт Украины зэвсэгт хүчин Оросын Хар тэнгисийн флотын бас нэг хөлөг онгоцыг живүүлснээ мэдээллээ.

“Украины зэвсэгт хүчин, батлан хамгаалах яамны тагнуулын албатай хамтран Цезарь Куников десантын том хөлөг онгоцыг устгалаа. Хөлөг Алупка орчмын Украины нутаг дэвсгэрийн усанд живсэн” гэж Киевийн албаны эх сурвалж сошиал хуудсаараа мэдээлсэн байна. Алупка нь Крымийн хойгийн өмнөд эрэгт оршдог хот юм.

Хөлөг онгоц живсэн талаар Оросын талаас ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Украины цэргийн тагнуулын алба шөнийн цагаар хэд хэдэн дрон хөлөг онгоц руу довтолсны дараа томоохон дэлбэрэлт болж буйг  харуулсан дүрс бичлэг тараажээ.

“Хөлгийн зүүн бөөрөнд том нүх үүссэний дараа живж эхэлсэн” гэж уг дүрс бичлэгийг тайлбарласан байна.

Украины зэвсэгт хүчин Хар тэнгист өөрийн байлдааны том хөлөггүй юм. Дайн эхлэх үед байсан гол хөлгөө Оросын талд олзлуулахгүйн тулд зориуд живүүлж байжээ.

Харин сүүлийн үед тэнгисийн дрон хөгжүүлэлт нь хурдтай сайжирч, Оросын байлдааны хөлгүүдийг дараалан живүүлээд байна.

Үүний үр дүнд Оросын Хар тэнгисийн флот ихэнх хөлгүүдээ Крымээс өөрийн эх газрын боомт руу татаж, Украины тал Хар тэнгисээр үр тариа экспортлох замаа чөлөөлсөн юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Украины албаны эх сурвалж ярихдаа Оросын Хар тэнгисийн флотын хөлгүүдийн 20 хувийг устгаад байгаа тухай мэдээлж байв.

“Хугацаа өнгөрөх тусам Хар тэнгисийн флотын байлдааны хүч суларч, Украины довтолгоог няцаах чадваргүй болж байна” гэж Оросын батлан хамгаалахын томоохон блог Рыбарь Телеграм суваг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилогдсон генерал Олександр Сирський өчигдөр анх удаа фронтын шугамд хүрэлцэн очсон байна.

Тэрбээр батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой хамт зүүн фронтын Авдеевка хотын дэргэд тулалдаж буй цэргүүдээ эргэж, нөхцөл байдалтай танилцжээ.

“Нөхцөл байдал маш хүнд хэцүү байна. Оросын эзлэн түрэмгийлэгчид хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, хүний тоогоор давамгайлж байна” гэж Сирський энэ үеэр хэлсэн байна.

Оросын 50,000 орчим цэрэг Авдеевка хотын орчимд тулалдаж буйг Украины зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитро Лиховий мэдээлжээ.

Өрнөдийн зэвсгийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Украины арми сумаа хэмнэх горимд тулалдаж байгаа тухай Оросын цэрэг дайны блогчид бичиж байна.

АНУ-ын Сенат саяхан Украинд үзүүлэх $60 тэрбумын тусламжийг дэмжсэн шийдвэр гаргасан ч Конгрессын төлөөлөгчдийн танхимаар хэр хурдан батлагдах нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ Киевийн эрх баригчид тулаанаа үргэлжлүүлэх итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна.

“Нөхцөл байдал хүнд байгаа ч Украины зэвсэгт хүчин дайсанд их хэмжээний хохирол учруулсаар байна” гэж генерал Сирський өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

TAGS