• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    158   |  
0

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйл”-ийн судалгааг хоёр жилийн турш хийж, өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. Энэхүү судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам санаачлан, БШУЯ, ЭМЯ-тай хамтран, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийжээ. Судалгаанд хот хөдөөгийн 51 сургуулийн 13-17 насны 3475 сурагчийг түүврийн аргаар хамруулсан байна. 

Судалгааны үр дүнгээс тоймловол: 

  • 10 суралцагч тутмын нэг нь илүүдэл жинтэй, 3 хувь нь таргалалттай.
  • Таван суралцагч тутмын нэг нь байнга ганцаардаж, таван суралцагч тутмын хоёр нь амиа хорлох талаар төлөвлөж, нэг нь түүнээс олон удаа оролдсон. 
  • 10 суралцагч тутмын долоо нь гэртээ эсвэл хэн нэгний гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. 13-15 насны сурагчид 16-17 насны суралцагчдаас 20 хувиар илүү хэрэглэдэг.  
  • Таван суралцагч тутмын хоёр нь 14 наснаас өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн ба энэ үзүүлэлт эмэгтэй суралцагчдын хувьд 2-5 хувиар илүү.  
  • Таван суралцагч тутмын нэг нь бэлгийн хавьталд орж үзсэн ба мөн 14 наснаас өмнө анх удаа бэлгийн харьцаанд орсон.  
  • Өсвөр насныхны 60 хувь нь интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллээ авдаг. Мөн хотын хүүхдүүд мэдээлэл авах чадварын хувьд хөдөөгийн  хүүхдүүдээс 13 хувиар өндөр. 
  • Хүүхдүүдийн 36 хувь нь зуны амралтыг гэртээ дургүй зүйлээ хийж өнгөрөөдөг. 
  • Сургуулийн орчинд спорт, урлагаар хичээллэх орон зай, анги танхим, зай талбайн хүрэлцээгүй байдал нь хичээлээс гадуурх  хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн 40 хувьд нөлөөлжээ.  

Хоёр эмэгтэй сурагчийн нэг нь цахим орчинд танихгүй хүнтэй холбогдож хохирогч болох тохиолдол гарч буй нь судалгаагаар хамгийн анхаарах ёстой асуудал юм. Өсвөр насны хүүхдүүдийн бие даан шийдвэр гаргах чадвар өндөр байгаа нь нөгөө талаас эцэг эхийн хараа хяналтыг сулруулж байна. Мөн алслагдсан сумдын хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулж, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх шаарлагатай. Энэ мэт хүүхдийн эрх, хамгааллын асуудалд салбар дундын яамдын хамтарсан бодлого, шийдвэр зайлшгүй шаардлагатай байна гэж ХНХЯ-ны сургалт үнэлгээ, судалгааны институтын захирал Б.Батбаатар  хэллээ.  

Мөн судалгаагаар сайшаалтай үр дүн ч мөн гарсныг ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа онцоллоо. Тухайлбал дөрвөн хүүхэд тутмын гурав нь сургуулийн орчинд аюулгүй байдал нь алдагдаагүй. Мөн хүүхдүүд нэгнийхээ эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авах ойлголттой байгаа эерэг хандлага ажиглагдаж байна.  
Гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн  хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага үүрүүлэхээс илүүтэй сэтгэл зүйчтэй холбож, туслан дэмжих үйлчилгээг үзүүлнэ. Хүүхэд хамгааллын хуульд бүлэг болгон оруулсан цахим орчин дахь хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан хуульчлах ёстой  гэв. 

Энэхүү судалгааг 2010 оноос хойш гурван жил тутам хийж үр дүнг танилцуулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ