• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    162   |  
0

Ням гарагийн өглөө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөний хоёр идэвхтэн Парис хотын Луврийн музейд хадгалагдаж буй Сэргэн Мандалтын үеийн суут уран зураг “Мона Лиза” хөрөг рүү шөл цацжээ.

Энэ үеэр бүтээлийн шилэн хорго бохирдсон байна. Халдлага үйлдсэн идэвхтнүүд энэ үеэр байгаль орчинд ээлтэй хоол хүнсний системийг дэмжсэн утгатай уриа үгсийг хашхирч байжээ.

“Хамгийн чухал нь юу вэ? Урлаг уу, эсвэл эрүүл, байгальд ээлтэй хоол хүнс үү? Манай газар тариалангийн систем өвчилсөн байна. Тариаланчид ажил дээрээ үхэцгээж байна” гэж тэд хахирч байсан байна.

Цагдаа нар тэмцэгчдийг баривчилж, Луврийн музейн ажилтнууд “Мона Лиза” хөргийг хар өнгийн хавтангаар хааж, үзэгчдийг танхимаас гаргажээ.

Халдлага үйлдсэн хоёр эмэгтэй нь “Food Riposte” нэртэй хөдөлгөөний гишүүд юм байна.

Энэхүү үйл явдал Францын фермерүүдийн засгийн газрын эсрэг тэмцэл эрчимжсэн цаг үетэй давхацсан юм. Фермерүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, хямд импортоос дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахыг засгийн газартаа шаардаж байгаа.

Тэмцэгчид нийслэл Парис хотод тракторын цуваагаар нэвтрэх гэж сүрдүүлсэн тул Францын засгийн газар өчигдөр нийслэл хот руу орох замууд дээр 15,000 цагдааг дайчлан ажиллуулах шийдвэр гаргажээ.

Францын фермерүүдийн хоёр том үйлдвэрчний эвлэл өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Даваа гарагийн өглөөнөөс эхлэн гишүүд нь Парис хотыг тойрон бүслэхийг анхааруулсан юм.

Бухимдсан тариаланчид сүүлийн өдрүүдэд Парис хот руу орох гол замуудыг хааж, хөдөлгөөний хурдыг сааруулахын хажуугаар өмхийрч муудсан бүтээгдэхүүнээ засгийн газрын байруудын үүдэнд асгах болсон байна.

Баасан гарагт Францын засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авахаа амласан ч фермерүүдийн тэмцэл зогсоогүй юм.

Тус улсын шинэ ерөнхий сайд Габриэл Атталь өчигдөр төв бүсийн нэг фермд зочлохдоо нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрчээ.

Тухайлбал нэг талаас бүтээгдэхүүнийхээ чанарыг хадгалах, нөгөө талаас зах зээлд хямд үнэ санал болгох хоёр хэцүү шахалтын дунд фермерүүд зовж буйг тэр хүлээсэн байна.

Импортын бүтээгдэхүүний “шударга бус өрсөлдөөн”-ийг хязгаарлах зэрэг фермерүүдийн санааг зовоосон хэд хэдэн асуудлаар ойрын үед дорвитой шийдвэрүүд гаргахаа Атталь энэ үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press

TAGS