• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    94   |  
0

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд “Сангийн яаманд ажиллаж байсан, ажлын туршлагадаа тулгуурлан сануулах зүйл байна. Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгийн зах зээл сайнгүй байдалтай энэ цаг үед бондын зах зээлийг нээх нь эрсдэлтэй, хууль батлах зохисгүй. Бонд гаргаад, эргэн төлж чадахгүй бол Засгийн газар дуудагдана, цаашлаад дампуурч мэднэ” гээд, урьд өмнө нь зураг, төсөлгүй эхлүүлсэн алдаатай жишээнүүдийг дурдаж, санууллаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үр дүнгүй хөтөлбөр батлах вий гэдэгт болгоомжилж байгаагаа илэрхийлж, өмнөх бондууд хэр үр ашигтай байсныг тодруулав.

Хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгээс Улаанбаатар хотод нийт 60 га газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар нийслэлийн гадаад үнэт цаасанд зориулж энэ оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргана. Баталгаа гаргахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай уг төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал орон сууц барих нь утааг бууруулахтай холбоотой асуудал байтал түгжрэлийг бууруулна гэжээ, асуудалд ул суурьтай хандмаар байна гэхэд, Улсын Их Хурлын гишүүн, сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний Хорооны дарга Б.Дэлгэрсайхан, бидний төлөвлөснийг албаар гуйвуулж байна, дэмжлэг авч байж, ажил урагшилна гэсэн юм. 

“Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрийг Улсын Их Хурал баталж байна. Гадна талд дайнтай, эдийн засгийн хүндрэлтэй үед яаралтай горимоор шийдээд явуулдаг. Гэтэл сайжирсан зүйл харагдахгүй байна. Үнийн өсөлтийг бууруулах хуулийн хэрэгжилт хаана байна? Хэзээ сайд нар Улсын Их Хурлын гишүүдийг загнадаг болчихсон юм. Орон сууц барьснаар түгжрэл буурахгүй” хэмээн хуралдаан даргалагч Г.Занданшатар бухимдав.

Ингээд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувийн саналаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг баталлаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ