Чөлөөт бөхйн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 74, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 57, 62, 72 кг-ын урьдчилсан шатны барилдаанууд болно.
Олимпын жин болох эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, шинэхэн гавьяат Т.Тулга сүүлийн жилүүдэд давамгайлж буй. Харин энэ жил доод жин болох 61 кг-ын манлай бөх, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хошой хүрлийн эзэн Т.Түвшинтулга 65-д жин өгсөн орж ирсэн нь өрсөлдөөнийг тун сонирхолтой болгосон. Тэд А, Б хэсэгт хуваарилагдсан тул хоорондоо финалд таарах боломж бий.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аваргууд болох П.Орхон С.Цэрэнчимэд нар А, Б хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Эдгээр хоёр жинд түрүүлсэн бөхчүүд Олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, олимпын наадмын V байрын шагналт, тивийн аваргын хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд нар багтжээ.