Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны алтан медалийг “Аврагч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан хүртлээ. Тэрээр аваргын төлөө олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяатай барилдаж цэвэр яллаа.
Барилдааны явцад Б.Хулан 3:1-ээр тэргүүлж яваад даацтай тонгорох мэхээр өрсөлдөгчөө унагаж, үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан. Ингэснээр Б.Хулан олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болж байна. Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Ч.Отгонтуяа хүртсэн. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Г.Отгонжаргалыг буулгаж авсан юм.