• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    82   |  
0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр  (2024.01.09) хуралджээ.  Хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв.

Ажлын хэсэг нэг суманд 3000, хороонд 5000 хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулах, кэйс менежмент гэдэг нэр томьёог Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүсэлт илгээж албан бичгээр хариу авсны дүнд хэвээр үлдээх, кэйс менежментийн эрсдэлийн менежментийг эрсдэлт нөхцөлийн зохицуулалт гэж оноохоор зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд боловсруулжээ.

Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжсэн ч хуульд нийцүүлж дахин тодорхойлох шаардлага үүссэн тул “цахимаар дарамтлах” гэсэн тайлбарыг өөрчилсөн байна. 

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь 

  • Гэр бүлд суурилсан урьдчилан сэргийлэх хүүхэд хамгааллын үйлчилгээ, 
  • Шуурхай тусламжийн үйлчилгээ,
  • Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ гэсэн гурван төрөлтэй байхаар төсөлд тусгажээ.

Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд орон тооны асуудалд анхаарах, үйл ажиллагааг тодорхой болгох талаар НҮБ-аас зөвлөмж өгсөн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дурдав. Мөн тэрбээр нийгмийн ажилтны чиг үүрэг, эрх мэдлийг тодорхой тусгах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын асуултад, хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, үгүй юү гэдэг дээр төрийн нэрийн өмнөөс үнэлэлт, дүгнэлт өгөх учраас нийгмийн ажилтнууд мэргэжлийн байх ёстой гэж үзэж байгаа хэмээн хариулсан юм. 

2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардлыг 8 тэрбум төгрөгөөр тусган, хамгаалах байрны зардлыг орон нутгийн төсөвт суулгажээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хүүхэд хамгааллын ажилтан бол албан тасалгаанд суудаг хүмүүс биш, байнга айл өрхөөрөө явж, судалгаа шинжилгээ, тандалтаа хийдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байх ёстой тул ямар ч эрх мэдэлгүй, зардалгүй ажиллах боломжгүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуульд тухайн салбарын санхүүжилтийн хэмжээг ДНБ-ий хувиар илэрхийлэх нь буруу гээд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны санхүүжилт тодорхойлсон, 2025 оноос мөрдөхөөр тусгасан заалтыг 2026 оноос мөрдөхөөр тусгах саналаа хэлэв. Аливаа асуудал орон тоо, төсөв зардал нэмснээр шийдэгдэхгүй гээд кэйс менежмент бол эрсдлийн менежментээс өөр ойлголт тул энэ хэвээр нь хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа монголчлох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Кэйс менежментийн дотор хүүхэд, түүний гэр бүл, хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, түүнээс хамгаалах хүчин зүйлс, хүүхдийг аюулгүй байлгахад чиглэсэн бүхэл бүтэн систем, орчин багтдаг гэсэн тайлбарыг Монгол Улсын их сургуулийн Нийгэм социологийн тэнхимийн багш, доктор А.Батхишиг хийсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн удирдлагын нутаг орныхоо иргэдтэй ажилладаг, хүүхдийнхээ асуудалд анхаарах  эрх хэмжээг нэмэх шаардлагатай гээд Улсын Их Хурал засаг, захиргааны нэгжийн бүтэц, орон тоо ярих нь буруу гэлээ.

Тэрбээр, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааруулаад хүүхэд хамгааллын ажилтны орон тооны хязгаарыг Засгийн газар баталдаг байхаар тусгах саналтайгаа илэрхийлсэн юм. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хүүхэд хамгааллын байгууллагууд зарим асуудлыг нуун дарагдуулдаг, ажил хийсэн болж оромддогийг сануулж, хуулийн төсөлд энэ талаар тодорхой зохицуулалт тусгахыг санал болголоо. Төрийн ажил, мэргэжил, боловсролоос илүү хүүхэд хамгааллын асуудалд сэтгэл чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут онцолж, энэ ажлыг бодитойгоор хариуцлагажуулж чадвал томоохон ахиц гарна гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нийт хүүхдийн 1/3 нь нийгмийн халамж хамгаалал шаардлагатай айл өрхүүдэд өсөж байна гэж тооцвол тийм нэг хүүхдэд 20 000 орчим төгрөгийн зардал ногдоно гэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүн бүгд өөр өөрийн ажилтай, өөр өөр байгууллагуудаас цалинждаг хүмүүс тул хүүхдийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн зайлшгүй шаардлагатайг сайд дурдав.

Ажлын хэсгээс дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй санал болох “сумд 3 мянга хороонд 5 мянга хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулна” гэсэн заалтыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ