• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    120   |  
0

Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Багц хуулийн хэрэгжилттэй холбоотой зохицуулалтын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа тэргүүтэй тус яамны холбогдох газрын дарга нар, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул болон газрын удирдлагууд өчигдөр /2024.01.08/ мэдээлэл хийв. 

Мөн үеэр сэтгүүлчид Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг "Капитал", "Чингис хаан" банкинд хадгалуулан алдсан хохирлыг барагдуулах ажил ямар ахицтай байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүүгээс тодруулсан юм. 

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2019 онд “Капитал” банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжилжээ. 2019 оноос хойш 10.9 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд бэлэн мөнгөөр шилжиж орсон байна.

Хохирол барагдуулах ажлын хүрээнд тус банкны мэдэлд байсан 78 ширхэг хөрөнгийг нийгмийн даатгалын байгууллага авсан ба энэ нь 25.06 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ. Эдгээр хөрөнгийг худалдан борлуулах ажлыг нийгмийн даатгалын байгууллага хариуцан ажиллаж буй юм.

Одоогоор 16 тэрбум төгрөгийн хөрөнгө зарж борлуулаад, мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ.
2023 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудтай гэрээ байгуулан хөрөнгө худалдан борлуулах ажлыг хийж байна. Үлдсэн есөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгийг дуудлага худалдаагаар зохион байгуулан борлуулахаар төлөвлөжээ.

2024 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар “Капитал” банкнаас 68.2 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү мэдээлэл өгөв. 

Тэрбээр, “Чингис хаан” банкинд Нийгмийн даатгалын сангийн 95 орчим тэрбум төгрөгийг байршуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус банкны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан орлого болон зээл төлөлт зэрэг бусад орлогыг өөрийн дансанд төвлөрүүлээд Нийгмийн даатгалын санд шилжүүлж байгаа. “Чингис хаан” банкны хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага худалдан авахаар яригдаж, эхний байдлаар гэрээ байгуулсан.

-Энэ хоёр банкны үйл ажиллагаа хэзээнээс доголдож, сан мөнгөө авч чадахгүйд хүрсэн бэ?
-“Капитал”, “Чингис хаан” банкинд нийгмийн даатгалыг байгууллага 2007, 2009 онуудад гэрээ байгуулан сангийн хөрөнгийг байршуулжээ. “Капитал” банкнаас авах 104.2 тэрбум төгрөгийн 50 орчим хувь нь 2012-2019 онд хадгалуулсан мөнгөн хөрөнгийн хүүгийн төлбөр юм. 2019 он тус банкийг татан буулгах хүртэл хүүгээ төлж байсан.

“Чингис хаан” банкны тухайд 2019 оны аравдугаар сар хүртэл Монголбанкны хяналт шалгалтаар үйл ажиллагаа хэвийн гэж үнэлэгдэж байсан. Тэгэхээр үүнээс хойш үйл ажиллагаа доголдсон гэж ойлгож болно. “Капитал” банк 2016 оны наймдугаар сард сангийн мөнгө татаж авахад хүндрэл үүссэн байсан гэлээ.

Энэхүү гашуун туршлагадаа тулгуурлан 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13-р зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн дөрвөн хэрэгсэлд оруулах тодорхой зохицуулалтуудыг тусгажээ. Сангийн хөрөнгөөр:

  • Засгийн газрын үнэт цаас худалдан авч болно.
  • Монгол банкны үнэт цаасны арилжаанд оролцож болно.
  • Төрийн сангийн нэгдсэн дансанд мөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулж болно.
  • Мөн Монголбанкнаас зарладаг системийн нөлөө бүхий банкинд мөнгөө хадгаламж хэлбэрээр байршуулж болно гэж хуульчилжээ. 

Өнөөдрийн байдлаар таван банкийг дампуурах эрсдэлгүй гэж үнэлж, системийн нөлөө бүхий банк хэмээн тодорхойлоод байна. Сангийн чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дээрх дөрвөн санхүүгийн хэрэгсэлд оруулахын тулд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналд үндэслэн холбогдох журмыг Засгийн газар баталснаар нийгмийн даатгалын байгууллага санхүүгийн хэрэгсэлд оруулах ажлыг хариуцна. Үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг мөн Засгийн газрын тогтоолоор батлахаар хуульчилжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ