• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    87   |  
0

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд энэ сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах боломж нэмэгдэнэ. УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавина.

Иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна.

Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах үүрэг өгсөн. Өмнө нь хусаад, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоо өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.

Энэ сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэй зам талбайг цэвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн ажлын төсөв, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг шилжүүлснээр илүү шуурхай зохион байгуулалтаар ажиллах боломж бүрдэж байгаа. Өмнө нь дүүргүүд, Хот тохижилтын газар, УБЗАА тус бүр хэсэгчилсэн зам, талбайг хариуцан ажилладаг байсан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэдэг байсан.

Харин одоо тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбай халтиргаа гулгаа, цас мөстэй байвал тус дүүргийн ажил хариуцсан этгээдүүд ажлаа хариуцлагагүй хийж байна гэж ойлгож болно. Бидний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээг хариуцаж буй албан хаагчдын холбогдох мэдээллийг нээлттэй мэдээлнэ. Ингэснээр олон нийтийн хяналт сайжрах юм. УБЗАА бодлогын болон стандартын шаардлага, хяналтыг тавьж ажиллана.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS





Холбоотой санал болгох мэдээ