• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    214   |  
0

Ашигт малтмалын газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас шатахууны нөөц болон өнөөгийн байдлын талаар тодрууллаа.   

-Манай улсын шатахууны нөөц ямар түвшинд байгаа вэ. Сар шахам үргэлжилсэн хомсдол бүрэн  арилсан уу?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард тодорхой шалтгааны улмаас шатахууны хангамж доголдсон. Монгол Улс импортлогч улс учир ОХУ-ын Засгийн газраас тавьсан хоригтой холбоотой есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 6-ныг хүртэл Монголд шатахуун импортоор орж ирээгүй. Энэ хугацаанд байгаа нөөцөө ашигласан, савнууд хоосорсон гэхэд болно. Аравдугаар сарын 6-ны өдрөөс хойш импортын шатахуун орж ирсэн ч вагоноос буулгаад шууд ШТС-ууд руу нийлүүлж байсан. Хэдийгээр импортын шатахуун тасралтгүй орж ирсэн ч гэсэн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байдалтай хэсэг хугацаа өнгөрлөө.

Гэхдээ 2023 оны 12-р сард манай улс хамгийн дээд хэмжээ буюу 150 мянган тонн шатахуун импортолсон. Үүний 80 мянган тонн нь АИ-92 бензин байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн болон эдийн засгийн өсөлтийг дагаад шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж байна. Дизель түлшний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар, АИ-92 автобензин 10 хувиар нэмэгдсэн.

-Манай улс сард хэдий хэмжээний шатахуун хэрэглэж байна вэ?
-2022 оны мөн үед манай улс сард дунджаар 45-50 мянган тонн АИ-92, 80-90 мянган тонн дизель түлш хэрэглэж байсан бол 2023 оны сүүлийн гурван сард АИ-92 автобензин 60 мянган тонн, дизель түлш 100-110 мянган тоннд хүрсэн. Хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр бид нэмээд захиалгаа өгөөд явж байсан. Гэвч намрын 20 хоногийн тасалдал хомсдолд нөлөөлсөн. ААН-ууд тухайн сарын борлуулалтаа хараад дараа сарынхаа захиалгыг хийж явдаг. Мөн ОХУ-ын Засгийн газрын тогтоол нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих цаг үетэй давхцсан нь тасалдал үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Иймэрхүү тал бүрийн хүчин зүйлээс шалтгаалж хомсдол үүссэн. Гэвч бид хэд хоногоор дугаарласны эцэст шинэ оны өмнө даваад гарлаа.

Энэ хугацаанд УУХҮЯ болон Ашигт малтмалын газраас Оросын талтай хамтран ажиллаж, захиалсан бүтээгдэхүүний ачилтыг нэмэгдүүлэх, Монгол Оросын төмөр замтай хамтарч тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авч ажилласан.     

-Одоогийн байдлаар манай улс шатахууны хэд хоногийн нөөцтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар /2024.01.05/ АИ-92 авто бензиний 18 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөцтэй байна.

-Дахин ийм дутагдал үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Хойд хөрш цаашид манай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нийлүүлэх боломжтой юм болов уу?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр хийж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээнийхээ талаар ярилцаж тохиролцсон. Манай улс хэрэглээнийхээ 70 орчим хувийг “Роснефть” компаниас авдаг. 30 хувийг Оросын бусад компаниас авдаг байсан бол одоо нэмэлтээр Хятад улсаас авах хэмжээгээ нэмэгдүүлсэн. Өмнө нь Хятадаас сард евро-5 ангиллын дизель түлш 10 мянган тонныг авдаг байсан бол одоо 30 мянган тонн болгон нэмэгдүүллээ.  

“Роснефть” компани 2024 оны нэгдүгээр сард 90 мянган тонн, ОХУ-ын “Нефть хими сервис компани”-иас 30 мянган тонн дизель түлш, БНХАУ-аас 36 мянган тонн дизель түлш авах захиалга өгсний дагуу баталгаажсан. Ачилтууд эхнээсээ хийгдэж байна. Нөөц бүрдүүлэх, тасалдал хомсдолоос сэргийлэх зорилгоор хэрэглээнээсээ давсан хэмжээний шатахуун захиалсан.

-Импортлогч аж ахуйн нэгжүүд хомсдол үүсгэж байгаад үнэ нэмэх нь гэсэн хардлага иргэдэд байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?
-УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар удаа дараа хэлсэн дээ. Ард иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 авто бензинийг нэг үнээр худалдан авах гэрээтэй. Энэ гэрээний нөхцөлүүдээ ярилцаж, жил бүхэн сунгадаг. Тэгэхээр 2024 онд АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно.

Дизель түлшний 2024 оны нэгдүгээр сарын захиалгын үнэ өмнөх сараас буурсан. Шатахууны үнэ  үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдаж тогтдог. Түүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учир түүхий эдээс хамаарч үнэ хэлбэлздэг.
2023 оны арванхоёрдугаар сард газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол, зарим үед бууралттай байсан учир үүн дээр үндэслэн хил үнэ буурч гарсан гэсэн үг юм.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ