• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    98   |  
0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр:

-Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ. Цаашид барилгыг улсын комисс хүлээж авах үйл ажиллагааг түргэн, шуурхай, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хэрэгтэй байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, барилгажилттай холбоотой аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээс гадна ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хууль, дүрэм, журмуудын эерэг, сөрөг нөлөөллийг үнэлж, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг эрэлхийлнэ. Холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гаргаж, эхний саналуудыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, хаврын чуулган гэхэд хуулийн төслүүдийг боловсруулж ажиллахаар боллоо.

Түүнчлэн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендер сонгон шалгаруулалтад шалгарчихаад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяад явчихдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон. Цаашид тендер худалдан авалтад үүргээ биелүүлэхгүй хэрнээ дараагийн тендерт оролцоод, шалгараад байдаг байдлыг таслан зогсооно. Ингэж байж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн бүрдүүлж байгаа татвараар бүтээн байгуулах гэж буй хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тендер сонгон шалгаруулалтыг хариуцлагатай болгоно. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ.

TAGS