• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    143   |  
15

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн.

Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа.

- Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

- Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1,017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа. Үүнээс 20 гаруй чиглэл нь богино эргэлтийн чиглэлд явж байна.

Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гаралт тасалдуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна.

- Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх, богино эргэлтийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөлт хийж байна вэ?

- Энэ хүрээнд томоохон өргөн чөлөөнүүдэд богино эргэлтийн чиглэлийг нэмж байгаа.

Тодруулбал Энхтайваны өргөн чөлөөнд Ч:1 чиглэлийн А, Б буюу Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай, Мөнгөн завьяа-Таван шар чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг нэмэлтээр хийгээд байна.

Мөн Наадамчдын зам болох Яармаг, Нисэх орчимд Ч:77 буюу Нисэхийн эцэс-120 мянгат, Ч:56 буюу Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн автобусыг богино эргэлтийн чиглэлд явуулж байгаа.

Гэр хорооллын бүсүүдэд богино эргэлтийн чиглэл нэмэхээр урьдчилсан тооцоолол гаргасан. Ингэхдээ дэд бүтэц буюу замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аль болох том оврын тээврийн хэрэгсэл зорчиж болох газруудад нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхээр зорьж байна. Тэрчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирэх 50 дунд оврын автобусыг гэр хорооллын чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа. Мөн оргил ачааллын үе буюу ажил эхлэх, тарах цагаар дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийснээр автобуснууд нэг талдаа гарах асуудлыг шийдэх юм.

- Өглөөд автобусны эцсийн зогсоолоос цөөн автобус гарах эсвэл түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нь нэг талдаа гардаг. Үүнээс үүдэж иргэд удаан хугацаанд хүлээх шаардлагатай тулгарч байна. Үүн дээр ямар зохицуулалт хийж болох вэ?

- Нэг чиглэлд хэдэн автобус явах боломжтой вэ гэдгийг тогтоохын тулд зорчигч урсгалын хэмжээг тооцоолдог. Өөрөөр хэлбэл иргэдийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалж тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл нэмэх шаардлагатай эсэхийг тогтоодог.

Замын хөдөлгөөний түгжрэлийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд нэг талдаа гарах асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зохицуулж эхэлсэн. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөн дэх 37 автобусны зогсоолоос 37 тээврийн хэрэгслийг зэрэг хөдөлгөх байдлаар нэг талдаа багшралдаж байгаа асуудлыг шийдэхээр туршиж байгаа. Өглөө бүр дундын зогсоолоос эх авах зохицуулалтыг хийж байна.

- Нэгдүгээр эгнээг чөлөөлөхтэй холбогдуулан ямар төлөвлөлт хийж байна вэ?

- Нийслэлийн Нийтийн тээврийн газраас дахин төлөвлөлтийг санал болгож байгаа. Тус дахин төлөвлөлтийг парк шинэчлэлт болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх зорилгоор гаргасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 5 шараас Офицеруудын ордон хүртэл нийт 75 тээврийн хэрэгсэл явуулахаар урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Өмнө нь тус зүгт 20 чиглэлийн тээврийн хэрэгсэл давхцаж явдаг байсан бол шинэ төлөвлөлтөөр “5 шар-Офицеруудын ордон” гэсэн нэг чиглэлд 75 тээврийн хэрэгсэл явуулна.

Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацааг 2-3 минутад барих боломжтой. Хоёрдугаарт Нисэхийн эцсээс Зунжин хүртэл 17-18 чиглэлийн давхцалтайгаар автобус явдаг байсан бол дахин төлөвлөлтийн хүрээнд тус маршрутын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нэг чиглэлийн 100 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргана. Ингэснээр иргэдийн автобус хүлээх хугацаа 3-4 минут болно.

- Энэ онд актлах автобусны тоо шинээр ирэх 600 автобусны тоотой тэнцэж байгаа юу?

- КОВИД 19 цар тахлын улмаас парк шинэчлэлийг хугацаанд нь хийж чадаагүй. Манай бүртгэлийн санд 1,300 гаруй автобус байдаг. Үүнээс 12 жилээс дээш насжилттай бүх тээврийн хэрэгслийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн бүртгэлээс хасаж, актална. Шинээр худалдан авч буй 600 автобус бүгд нэг дор орж ирэх боломжгүй. 30, 50, 100 гэхчлэн үе шаттайгаар орж ирнэ.

Шинэ автобуснууд орж ирэх бүрд нэн шаардлагатай байгаа чиглэлүүдэд хуваарилах, актлагдсан автобуснуудын оронд нөхөн хангалтаар оруулах зэрэг зохицуулалтыг хийнэ. Урьдчилсан байдлаар шинээр орж ирэх 600 автобус нь актлагдах автобусны тоотой тэнцэж байгаа. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж үзээд автобус нэмэх шаардлагатай бол холбогдох байгууллагуудад саналаа уламжлах болно.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ