• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    92   |  
0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.13/ хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл авахаар тусгасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ганбат нар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дагуур зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаа гэдгийг хуралдаан даргалагч тайлбарласан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Цаашид Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ албан тушаалаараа томилогддог болгомоор байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга чөлөөлөгдөхөд дараагийн дарга нь СЕХ-ны гишүүнээр томилогддог байхаар. Төрийн албанаасаа чөлөөлөгдсөн атлаа СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхгүй байгаад байдаг. Сонгуулийн төв байгууллагын хуульд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай л байгаа. Тиймээс төрийн албанаас чөлөөлөгдвөл  дараагийн хүн томилогддог зарчим руу явах нь зүйтэй. Мөн албан тушаалаар, тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нартай нэр дэвшигчийн  сонсгол хийхгүй, бусад субъектүүдээс орж байгаа хүмүүсийг сонсголд оролцуулах гэх мэт зохицуулалтыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээсэн.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн мэдээллийг сонсов. Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуцах асуудлын хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус байдал багтдаг учир Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар төлөвлөсөн гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлсэн.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүл зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь туслахаас гадна хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг аж.

Байнгын хорооны хуралдаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа,  төслийн зохицуулагч Х.Болормаа, Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Хэвлэл мэдээллийн салбар олон талын тоглогчтой ардчилалд чухал үүрэг гүйцэтгэж салбар гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод, бусад салбаруудын адил хөгжиж, бас саад бэрхшээлүүдийг туулж байгаа хэмээлээ.

Тэрбээр, хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн асуудал маш чухал. Ёс зүйн үүрэг хариуцлагаа хүлээдэг, олон нийтийн өмнө тайлагнадаг системийг үүсгэн байгуулж хөгжүүлэх ёстой гэсэн санаачилга нэлээн эртнээс яригдсаны эцэст 2015 онд ХМЗ байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтыг хийж,  зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын төдийгүй нөгөө талдаа олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажилладаг онцлогтой. Бид 50 хувьд нь сэтгүүл зүйн асуудлыг хөнддөг, 50 хувь нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг дундын байгууллага. Ардчилалд олон чухал индексүүд нөлөөлдгийн нэг чухал үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөөний индекс. 2015 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ манай улс 180 орноос 54-д жагсаж байсан. Өнөөдөр 180 орноос 88-д явж байгаа. Тодорхой хэмжээгээр ухралтууд гарч байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг бэхжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг хангах талын эрх зүйн зохицуулалтууд оновчтой байж чадахгүй байгаатай холбоотой. Хэвлэл мэдээлэлд тавих цензур нэмэгдэж байна. Энэ шалтгаануудыг олон улсын индексийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг.

Өнөөдөр 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 15 мянга орчим хүн ажиллаж байна. Түүний 2 мянга орчим нь энэ салбарын идэвхтэй хэсэг буюу сэтгүүлчид, уран бүтээлчид, найруулагч зэрэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрмийг нь батлаад, түүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс гомдол хүлээж авч шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Гомдлын дүнгээс харахад мэргэжлийн суурь үйл ажиллагаагаа чанаржуулах шаардлага их харагддаг. Хамгийн их зөрчигддөг нь мэдээллийг илүү их баталгаатайгаар олон нийтэд хүргэх, олон талын мэдээллийн эх сурвалжуудтай байх асуудлууд юм. Бид энэ талыг анхаарч сэтгүүлчдийг чадавхжуулах, сургах, бэхжүүлэх үйл ажиллагаагаа сүүлийн 8 жилийн хугацаанд тасралтгүй явуулж байгаа.

2015 онд ХМЗ анх байгуулагдах үед 19 иргэнээс гомдол санал хүлээж авч байсан бол одоо жилдээ дунджаар 80-100 гомдол санал хүлээж авч Ёс зүйн хороодоороо хэлэлцэн шийдвэрлэж байна. Энэ хэмжээгээр шүүхийн ачааллыг бууруулсан гэж үзэж байгаа. Гомдлуудыг шийдвэрлэхэд ХМЗ-тэй санал нийлэхгүй байна гэсэн маргаан гараагүй. Тэгэхээр үндэслэлтэй дүгнэлт, зөвлөмж өгч байна гэж үзэж байгаа. Ихэнх гомдлууд сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд ирдэг. Ялангуяа цахим орчинд сошиал медиа илүү их хөгжсөнөөр мэргэжлийн сэтгүүл зүй чухам аль нь юм гэдэг асуудал яригдах болсон. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө ёс зүйн дүрмээ баримталж, ёс зүйтэй байхын төлөө бас хичээж байна гэлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд, Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хэрхэн хүчтэй болгох, тус байгууллагын санхүүжилт, сэтгүүлчдийн ёс зүй, сэтгүүл зүйн салбарын эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах, сэтгүүлчдээ хамгаалах тал дээр Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл гар нийлж ажиллаж чадаж байгаа эсэх, сошиал медиад хэвлэлийн редакциуд мэдээллээ хэрхэн түгээх, энэ талбарыг хэрхэн хөгжүүлэх, сэтгүүлчдийг сургаж мэргэшүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ