• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0
 
 

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль сар гаруйн дараа болох гэж байна. Энэ удаагийн ээлжит сонгуулийг томсгосон тойрог, олон мандат гэх хувилбараар явуулахаар болсон. Уг  сонгуулийн тогтолцоог бид өмнө нь хэрэглэж байсан туршлагатай. Харин энэ удаагийнх ямар онцлогтой болсон бэ?

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болох гэж байна. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн чухал заалт орсон. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн кампанит ажлыг 22 хоног болгож, судалгаа шинжилгээний ажлыг давхар хийж болно гэх зэргээр ахиц гарсан. Мөн нэр дэвшигчид  АТГ-т ХОМ-ээ мэдүүлдэг болсон. Ингэснээр дөрвөн жилийн дараа энэ хүний хөрөнгө яаж өөрчлөгдсөн гэдгийг харах боломжтой болж, хяналтын систем сайжирсан.

Мэдээж хамгийн том өөрчлөлт нь сонгуулийн тойрог, мандатын асуудал байлаа. Ингэхдээ томсгосон тойрог, олон мандат гэх хувилбарыг сонгосон. Өмнөх сонгуулиудаас юугаараа ялгаатай вэ гэвэл мандатын тоогоор зурах, нийслэлийн мандатын тоо хасагдсан зэрэг байв. Урьд нь мандатын тоо хамааралгүй, нэг, хоёр ч бай хүссэн тоогоороо зурж болохоор байсан. Харин энэ удаа мандатын тоогоор зурахгүй бол  санал хүчингүйд тооцогдоно. Мөн нийслэлийн мандатын тоог хасаж, хөдөө орон нутаг руу шилжүүлсэн. Энэ нь сонгогчийн саналын эзлэх жинг өөр болгож байгаа юм. Нэг ёсондоо нийслэлийн иргэдийн санал орон нутгийнхтай тэнцүү байх ёстой. Гэтэл энэ зарчмыг баримтлаагүй.

 

-Тэгэхээр энэ сайжирсан тогтолцоо болж чадсан уу?

-Аливаа өөрчлөлтийг сайжруулах гэж хийдэг. Алдаагүй байх ёстой гэж туйлширч болохгүй. Гаргасан алдаагаа сайжруулахаар оролдож байгаа нь тодорхой дэвшил гарч байна гэсэн үг.  

-Энэ удаагийн сонгуульд 208 хүн бие дааж өрсөлдөхөөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Бие даагчийн тоо нэмэгдэх болсон нь намд итгэх иргэдийн итгэл буурсан гэсэн үг үү?

-Монгол Улсын Үндсэн хуульд бүх хүн сонгох, сонгогдох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Сэтгэцийн өөрчлөлтгүй зэрэг тодорхой хязгаарлалтыг зөрчөөгүй бол хэн ч нэр дэвших боломжтой. Гэхдээ ингэж олуулаа бие дааж байгаа нь улс төрийн намын хөгжлийн асуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалтай манайх шиг улсад олон намын систем зөв хөгжиж чадвал бүгд нэг институцийн бодлоготой улс төрийн намаас нэр дэвших нь илүү нөлөөлөл үзүүлнэ. Гэтэл бие дааж нэр дэвшихийг илүүд үзэж байгаатай хамт улс төрийн намын нэр хүнд, чадварын асуудал хөндөгдөж байгаа юм.

Нөгөө талдаа улс төрийн намаар дамжиж тодорхой албан тушаалд хүрдэг. Тэгэхээр бие даагчдын зорилго юунд байна вэ, иргэдийн төлөө ажиллах уу, өөрийнхөө нэр хүндийг өсгөхөд чиглэсэн үү гэдэгт гол асуудал байгаа юм. Ингэж олуулаа бие даахад янз бүрийн технологи ажиллаж байгаа. Намын бодлогоор санал хуваахаар орж байхыг ч үгүйсгэхгүй. Зорилго нь юу вэ гэдгийг сонгогчид харж чадах нь чухал. Харин улс төрийн намын зорилго нь тодорхой, засгийн эрхийг авах шүү дээ.

-Парламентын засаглалтай манайх шиг улсад бие даагчид улс төрийн шийдвэрт нөлөөлж чаддаггүй шүү дээ. Олон бие даагч сонгогдвол нөлөөлөх боломжтой юу?

-УИХ-д наймаас дээш хүнтэй улс төрийн нам бүлэг үүсгэх боломжтой байдаг. Бие даагч олноороо сонгогдсон ч бүлэг үүсгэж чадахгүй. Харин УИХ-ын тухай хуульд зааснаар бие даагчид хууль санаачлах, хуулийн төслийг дэмжиж, эсэргүүцэх эрхтэй. УИХ-д 39-өөс дээш олонх болж асуудлыг шийдэх хуулийн зохицуулалттай. Одоогийн мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар бие даагчид олонх болох боломжгүй.

-Бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн хүмүүсийн дунд АН-ын гишүүд нэлээд байсан. Энэ нь таны хэлж байгаагаар намын хөгжлийн асуудалтай холбоотой юу?

-Нэгдүгээрт, тухайн хүний үзэл бодол намын бодлоготой нийцэхгүй байгаагийн илрэл. Хоёрдугаарт, тойрог олдоогүй ч УИХ-ын гишүүн болох сонирхол тухайн хүнд байна гэсэн үг. Намын гишүүн хэвээр байгаа хэр нь бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүс ч бий. Энэ нь тухайн нам дотоод ардчилалгүй байгаагийн илрэл.  

-Мөн дэнчингийн мөнгөний асуудал бий. Энэ нь нэр дэвшигчийн тэгш оролцоог хангаж чадах уу?

-Улс төрийн намын сонгуульд оролцох санхүүжилтийн асуудал нь намын дотоод дүрэм, журмаар зохицуулагддаг. Гишүүдийн хандив, татвар зэргээс гаргаж болно. Гол нь тойрог наймаалцах, сонгуульд оролцох эрхээ авахын тулд мөнгө өгч болохгүй. Тухайн нэр дэвшигч тойрогтоо ялалт байгуулах магадлалтай бол заавал босго тавих шаардлагагүй. Түүнчлэн тойргийн төлөө 100 сая төгрөг өгөхөд бэлэн гэдэг нь улс төрийн албан тушаал тийм чухал байна уу гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм. Уг нь төрийн ажил асар их оюуны чадавх шаардсан ажил шүү дээ.

-Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 208 бие даагчийн 120 гаруй нь шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр хэн дуртай нь бие даагаад Их хуралд сонгогдчихдог гэсэн ойлголт нийгмийн дунд байх шиг байна. Та улс төр судлаачийн хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол тухайн нэр дэвшигч ямар материал бүрдүүлж өгөх вэ гэдгээ судалж, танилцсан байх ёстой. Шалгуурын дагуу үүнийгээ бүрдүүлж өгөх нь тэдний үүрэг. Аудитын газраас ямар шалгуур хангаагүй вэ гэдэг тайлбар өгсөн байх. Гэхдээ энэ шалгуурыг хангахгүй байгаа нь  үнэхээр нэр дэвших сонирхол байна уу гэх эргэлзээг төрүүлж байгаа юм.

-Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр ч эхлээд аудитын байгууллагын босго даваагүй. Намууд хийсвэр амлалт өгдөг нь хэвээр байна?

-Намын мөрийн хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн бодлого, бусад эрх зүйн акт баримт бичигтэй нийцсэн байх ёстой. Үүнийг зөрчсөн амлалт байж болохгүй гээд хуульд заачихсан. Гэтэл Аудитын байгууллагаас мөрийн хөтөлбөрийг буцаасан нь хуулийн заалтаа зөрчсөн гэсэн үг.

-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахалтай холбоотой энэ удаагийн сонгууль онцлогтой болох нь ээ. Бидэнд ийм нөхцөлд сонгууль зохион байгуулж байсан туршлага байхгүй. Сонгуулийг хойшлуулах талаар Ерөнхийлөгч уриалга хүртэл гаргасан. Энэ талаар та ямар байр, суурьтай байна вэ?

-Дэлхийн улсад ийм нөхцөлд сонгууль явуулсан туршлага цөөн байдаг. Цар тахалын үед БНСУ дөрөвдүгээр сарын 17-нд сонгуулиа зохион байгууллаа. Ийм нөхцөлд сонгууль явуулах боломжтой гэдгийн хамгийн том жишээ нь энэ байлаа. Тус улс халдвар авсан хүний тоо, өвчлөлөөрөө Азидаа БНХАУ-ын дараа орж байсан шүү дээ. Гэтэл сонгуулиа явууллаа. Манайд дотроо халдвар тараагүй. Гаднаас зөөвөрлөгдөж ирсэн нь хамгаалалтад байгаа.

Тэгэхээр бид парламентын сонгуулиа явуулах бүрэн боломжтой гэсэн үг. Сөрөг үр дагавар харьцангуй бага гэж харж байна. Гол нь зохион байгуулалтын хувьд анхаарч, иргэдийн эрх, тэгш оролцоог хангах, кампанит ажлыг явуулах, мөрийн хөтөлбөрийг танилцуулах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь чухал.

-Сонгуулийн үйл ажиллагааг тодорхой хязгаартай зохион байгуулна гэж албанынхан мэдэгдсэн. Тухайлбал, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхой журмын дагуу зохион байгуулах, энэ талын арга хэмжээг аль болох хязгаарлана гэж байгаа. Нөгөө талдаа энэ нь шинээр гарч байгаа залуу улстөрчдөд өөрийгөө танилцуулах, боломжийг нь хязгаарлаж байгаа хэрэг биш үү?

-Хөл хорио тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Харин сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-ноос эхэлнэ. Бид хөл хориог сунгах,  эсэхийг мэдэхгүй шүү дээ. Сонгуулиа хийх гэж байгаа бол тэгш эрхийг нь хангах үүднээс  хөл хориог сулруулах байх. Хөл хориог дахин сунгавал тэгш оролцоог хангаж чадахгүй. Тэгэхээр үл итгэлцэл, гомдол зэрэг сөрөг үр дагавар гарна. Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулалтын арга хэмжээг сайн хийх хэрэгтэй.

-Цар тахал гарсан энэ үед сонгогчдын идэвх оролцоог бүрдүүлэх нь хамгийн чухал. Сонгуулийн ирц хүрэх болов уу?

-Сонгуулийн ирц сайн байна гэж бодож байна. Учир нь сүүлийн үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа бүгд зогссон. Цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хонхны баяр гэх мэтчлэн баярыг хаалттай байлгалаа. Тиймээс нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох байх. Нэг ёсондоо сонгууль олон нийтийн анхаарлын төвд байгаа. Хамгийн гол нь сонголтоо яаж хийх нь чухал. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо ажиллах ёстой.

Сонгуульд оролцох нөлөөллийн ажлыг тэд тодорхой хэмжээнд хийдэг байх. Сонгуулиа  өгөх, эсэх нь иргэн хүний ухамсрын асуудал. Сонголт хийх хүнээ судалж, таньж мэдэх, харьцуулж харах, зөв сонголт хийхийн төлөө өөрийгөө бага ч гэсэн дайчлах, гол нь өөрийнх нь амьдралд энэ сонголт нөлөөлдөг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

-Засгийн газраас коронавирустэй холбоотой багц арга хэмжээг гаргаж зарим шийдвэрийг гаргаж байгаа. Үүнийг сонгууль дөхсөнтэй холбоотой хэт улс төрийн шийдвэр гаргаж байна гэж харах хүмүүс ч байна. Үнэхээр улс төрийн төрийн шийдвэр мөн үү?

-Манайд бодлогын залгамж холбоо гэх зүйл байдаггүй. Сайн бодлого байвал минийх, муу байвал эднийх гэх зэргээр биенээ буруутгадаг. Гол нь хөгжлийн бодлоготой бүх шийдвэрүүд уялдуулах, бодлогын үнэлгээг хийх хэрэгтэй. Гэтэл ийм уялдаа манайд байхгүй байна. Үүнийг хэт туйлширч улс төрийн шийдвэрүүд байна гэж харж болохгүй.

Д.Бумдарь

TAGS





Холбоотой санал болгох мэдээ