A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |
|
Олон улс судлалын доктор, Пүрэвсүрэнгийн Наранбаяр гэж эрхмийг боловсролын салбарынхан андахгүй. Монгол хүний чадамж, онцлог, давуу тал, боловсролын чанар, хүртээмж, багш, сурагчийн тэгш эрхийн оролцоо, хүнлэг, энэрэнгүй, байгалиа шүтсэн иргэнийг бэлтгэх нь боловсролын салбарын эрхэм зорилго...гэх мэтийг ярьсаар “Шинэ Монгол” сургуулийн нэр хүнд, агуулга, чанарыг дархалж чадсан түүнийг “ҮШ-гийн зочин”-ы хоймортоо урилаа. Пүрэвсүрэнгийн гэхээсээ илүүтэй “Шинэ Монгол” сургуулийн захирал гэдгээрээ салбартаа танигдсан түүнтэй улс төрийн үнэ цэн, элитийн боловсрол гэж юу вэ, төрд шинэ үе чухал уу сэдвээр хөөрөлдлөө.
-Сайн байна уу. Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа цар тахлын үед хөтөлбөрт сургалтаас хоцрохгүй байх, теле хичээлийг гүйцэж ойлгох шаардлага сурагчдад тулгарч байна. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ боловсролд сэтгэл зовниж эхэллээ. Энэ хэрэгцээнээс харвал, өнөөдрийн теле хичээл шинэ цагийн сурагчдын олонход нь гологдож байх шиг. Онцгой үеийн боловсролын хөтөлбөрийн хүртээмж танд нийцтэй санагдаж байна уу?
-COVID-19 цар тахлаас хамаараад, мэдлэг дижитал болж хувирч байгааг бид баярлан хүлээж авах ёстой. Яагаад гэхээр, энэ үйл явдал боловсролын тэгш, хүртээмжтэй байдалд маш эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд амьдарч байгаа хүүхэд Монголын хамгийн шилдэг багшийн бэлтгэсэн сургалтын агуулгаар лекц, хичээлийг нь сонсож, судлах бүрэн боломжтой болж байна. Гэтэл ийм хувилбар, гоё боломжийг салбарын яамнаас хийхгүй байна. Үүнийг Боловсролын яам нь бодлогоор дэлгэрүүлэх хэрэгтэй.
Энэ хэцүү шийдэл биш. Хот, хөдөөгийн сурагчид хичээлээ цагт баригдахгүй үзэж, судалдаг байх нөхцөлөөр хангах хэрэгтэй. Яагаад ганц теле хичээлээр хязгаарлачихав аа. Монгол хэлээр Өвөрмонгол руу, Буриад монгол руу ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийг цацдаг, 1-12 дугаар ангийнханд зориулаад цахим сургалтуудыг хиймээр байна. Ийм бүрэн боломж байгааг мэдсээр байж, хийхгүй байгаа нь төрийн албаны эс үйлдэхүй мөн. Би ингэж боддог.
-Сурагч дан ганц теле хичээл хүлээхгүйгээр шилдэг багш нарын лекц, хичээлийг судлах, сонсох боломж муу байгаа нь багш, боловсон хүчний дутагдал, тэдний хөдөлмөрийн хөлсний үнэлэмжтэй холбоотой болов уу?
-Боловсролын яамнаас багш нараа тасралтгүй хөгжүүлэх ажил хийх ёстой. Цар тахлаас болж, боловсролын байгууллагууд хөл хорионы горимд шилжсэн ч сурагчид цахим хэрэглээ, сошиал орчноос багшийн хичээлийг тасралтгүй авдаг байх хэрэгцээ үүсчихлээ. Тэгэхээр энэ цаг үед сошиал орчинд ажиллаж чаддаггүй багш гологдож, өөрийн эрхгүй цаг үе, нийгмийн хэрэгцээнээс хоцрогдож байна. Тэгэхээр багшийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, багшид чиглэсэн бодлого явуулахгүйгээр энэ салбарт дижитал шинэчлэл хийх хэцүү. Багш үргэлж, академик чадварын хувьд хөгжиж байх хэрэгтэй учраас багшийг тасралтгүй хөгжүүлж байх үүргийг салбарын яам хүлээх нь гарцаагүй.
-Таныг япон, англи, орос хэлтэй төдийгүй, “Шинэ Монгол” сургуульд өөрийн гэсэн дэг ёс, үнэт зүйлийг бүтээсэн гэж шавь нар тань үнэлдэг юм билээ. “Шинэ Монгол” сургуулиас олж байгаа боловсрол, сурагчдад олгож буй зарчим, үнэт зүйлийг улсын сургуульд “нутагшуулах” боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Сургуулийн удирдлага багш, сурагчаа ойлгохоос энэ ажил эхэлнэ. Захирал учраас гээд албан тушаалын өндөр хана, хэрмээр өөрийгөө халхлаад, өрөөнөөсөө цухуйдаггүй байж болохгүй. Өглөө үүднээсээ эхлээд сурагчаа угтахаас захирлын ажил эхэлдэг гэж би боддог. Би “Шинэ Монгол”-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа багш, сурагчтайгаа найз нь юм шиг, аав, ээж нь юм шиг харилцахыг хичээдэг байсан. Мөн сургуулийнхаа эрхэм зорилго, үнэт зүйлийг тодорхойлох ёстой. Ингэхдээ хүүхдийн сэтгэл, зүрхэнд ойрхон, ойлгомжтой тунхаг гаргаад, түүнийгээ дагаж, дадуулах эрмийг багш үлгэрлэх юм. Манай сургуулийн үзэл санаа бол “Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн, өөрийн аз жаргалыг дархалж явсу” гэх мэт сурагчийг сайн сайханд уриалсан, хайр энэрэлд хөтөлсөн үзэл санааг тунхагласан.
-Та саяхан захирлын үүрэгт ажлаа хүлээлгэж өгчээ. Ямар учраас нэр хүнд, үнэт зүйл, бодлого, үзэл санаа нь тогтчихсон сургуулиа орхих болов?
-Япон соёл, мэдлэгийг өөрийн хэмжээнд сурч, яг л энэ цагт хэрэгтэй боловсрол олсон юм бол Наранбаяр гэж хүн юу чаддаг вэ, түүнийгээ улс, эх орныхоо бодлого, хөгжилд зориулъя гэж шийдээд, улс төрд үзэл санаагаараа нэгдэх боломжтой намд зүтгэж эхэлсэн учраас үүрэгт ажлаа дараагийн удирдлагад шилжүүлсэн. Ингэхдээ ХҮН намыг сонгож, намын мөрийн хөтөлбөр, бодлогын үйл хэрэгт нь голлож оролцоод явж байна.
ХҮН намыг сонгох болсон дараагийн шалтгаан нь энд зөв залуус цугласан. 2015 онд би Төрийн захиргааны шинэтгэлийн бодлогыг боловсруулахад нь оролцож байсан юм. Тухайн үед ах намынхны оролцоотой хар, муухай үйл явдал болсон ч тухайн үедээ зангидсан гар шиг эв нэгдэлтэй байж чадсан. Тийм учраас шинэ цагийн сэхээтнүүд нэгдэж чадсан энэ намд итгэсэн.
-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагчид нэр дэвшиж байна. Таныг бие даахгүйгээр, намд харьяалагдахыг чухалчлах болсныг гайхаж, дээрх асуултыг асуусан юм шүү?
-Энэ цагт намыг үгүйсгэх үзэл давамгайлах болсон нь тун аюултай. Өөрөөр хэлбэл, нам гэдэг зохион байгуулалттай, институц. Засгийн эрх авахын төлөө бодлогоороо, алсын хараагаараа өрсөлддөг байх ёстой. Боловсон хүчнийхээ мэдлэг, ур чадварт суурилсан мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, тэднийхээ санал, дэмжлэг, дуу хоолойг сонсож, тусгадаг, хариуцлагатай хүмүүсийн нэгдэл байх ёстой. Ингээд төрийн эрх авсан даруйдаа төлөвлөсөн, амласан бүхнээ хэрэгжүүлдэг, шударга, хариуцлагатай төрийн тогтолцоо байх ёстой.
Гэтэл сүүлийн жилүүдэд намын энэ төлөвшлийг мушгин гуйвуулж, үгүйсгэх, МАНАН гэх системийг бэхжүүлээд, улс төрийн намын тогтолцоог няцаах хандлага дэвэрч байна. Иргэдэд хишиг хүртээх замаар популизм хийхийг туршлагатай түшээд нь илүүд үздэг болж. Угтаа бол санал худалдаж аваад, хишиг тараах биш, бодлогоор нам, түүний үнэт чанарыг бэхжүүлэх ёстой юм.
-Нам, улс төрчдийн нэр хүндийг унагаж буй бүлэг нь тэгэхээр улс төрчид өөрсдөө шүү гэх гээд байна уу?
-Яг тийм. Энэ бол улс төрийн намууд өөрөө өөрийнхөө нэр хүндийг унагасан явдал. Түүнээс бэхжиж буй, шинэ залуусаар цус сэлбэж байгаа нам бүхэн муу биш гэдгийг дотор нь орж байж мэдэрч байна. Цаашдаа намууд урт, дунд, богино хугацаанд бодлогоо төлөвлөөд, мэргэжлийнхний дуу хоолойг тусгадаг болно. Ийм цаг ирж байна. Ийм улс төрийн намын хүчинг ард түмэн “нэхэж” эхэллээ. Хуулиа мэддэг, амьдралын бодит үнэнийг таньсан, улс орноо хөгжүүлэх чин хүсэл, эрмэлзэлтэй, шударга хандлагатай түшээг ард түмэн, нийгэм улс төрд гарахыг шаардаж байна. Түүнээс “Би зүгээр л бие даагч юм аа.
Та нар намайг сонго, би ганцаараа ч гэсэн та бүхний дуу хоолой болно” хэмээн өөрийгөө өрөвдүүлж, дэмжлэг авчихаад эцэст нь “Ганцаараа учраас намайг хэн ч сонсохгүй байна” хэмээн хариуцлагаас бултдаг байж болохгүй. Нөгөө талаараа, бие даагчдыг олноор нь гаргаж байгаа нь ард түмний хүсэл эрмэлзэлтэй эрх ашгаа тааруулах гэсэн улс төрчдийн башир арга, бохир технологи. Тэд бие даагчдыг санхүүжүүлж, дэмжих замаар санал хуваах, өөрсдөдөө ашигтай нөхцөлийг үүсгэхээр улайрч байгаа юм.
-Улс төрийг гаднаас нь муулах амархан. Гэтэл яг дотор нь орохоор зөв үзэлтэй, боловсролтой, ажил хийе гэсэн эрмэлзэлтэй залуус хэр олон байх шиг байна вэ?
-Шударга сайхан сонгууль болоосой л гэж бодож байна. Сонгууль шударга болбол ялагдсан, ялсан хоёртоо сэтгэлийн тамгүй шүү дээ. Санал худалдаж авах, сонгогчдод мөнгө тараадаг гэсэн яриа байдаг. Хэрэв энэ үнэн бол, Монгол төрийг хууль бусаар гартаа авах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг шүү. Мөн өөрийгөө хуурч байгаа үйлдэл юм.
-Хулгай, авлигагүй цаг үе ирнэ гэдэгт та итгэдэг үү?
-Хатуу итгэдэг. Ийм цаг үе ойрхон байна. Төр бол зохиомол систем. Байгалийн хууль биш. Хүмүүс хоорондын гэрээ, хэлэлцээр шүү дээ. Хахууль, шударга бус явдлыг хүн бий болгодог. Тэгэхээр хорт хавдар шиг болтлоо нийгмийн бүхий л давхаргад нүүрлэчихсэн, хүний оролцоотой, бусармаг явдал арилна.
-Өнөө цагийн түшээдэд, төрд үйл хэргээ зориулахаар шийдсэн залууст ямар чанар чухал үзүүлэлт болох ёстой вэ. Та бол Монгол хүний үнэ цэн, төрийн залгамж халаа, хүний мөн чанар гэж их ярьдаг хүн шүү дээ?
-Хааны алба халаатай, эзний алба ээлтэй, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэх мэтээр төрийн албаны халаа, сэлгээг мэргэн, сайхан хэлсэн байдаг. Монголчууд бол зовж үзсэн ард түмэн. Тусгаар тогтнолоо 1918-1921 оны хооронд зурвасхан хугацаанд алдсан ч эрх чөлөө, эх орноо олж авах гэж маш олон хүний амь нас, цусыг урсгасан. Чадалтай, эрдэм мэдлэгтэй, лидерүүдээ хэлмэгдүүлсэн. Олон мянган хүн тусгаар тогтнолоо олж авах гэж нэгэн зүгт сэтгэлээ талбин зүтгэсэн. Тиймээс өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар олдсон төр, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа авлига, албан тушаалын гэх “хорт хавдраас” болж, хэн нэгний халаасанд хийчихмээргүй байна.
-Улс төрийн өнгөнд гарч ирсэн шинэ залуустаа сонгогчид итгэх болов уу. Тэдэнд авлига, албан тушаалын эрх ашиггүй, шударга нийгмийг бүтээж чадах эр зориг бий болов уу?
-Хорин настай залуу Чингисийн түүхийг сануулмаар байна. Боол нь эзнээ барьж өгч, эхнэр нь нөхрөөсөө урвана, дээрэм, тонуул, хулгай энэ тал нутагт нүүрлэжээ. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй, гэж хэлээд одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, хөрст дэлхий хөрвөж, хөнжилдөө орох завгүй байлдаж байсан цаг үеийг залуухан Тэмүүжин дарж чадсан байдаг. Дэлхийд гайхагдмаар сахилга баттай, эв нэгдэлтэй, армит улсыг бий болгосон түүх Монголчуудынх.
Үзтэл үнэнээр явагч нь үргэлж өөдөө дэмжигддэг нийгмийг бүтээж чадсан. Ийм гүрнийг байгуулж байсан ард түмэн одоо бид авлига, тонуул, дээрмээс салж чадах уу гэж асуудаг байж болохгүй. Төрийг, нийгмийг, хүний амар амгалан сэтгэлийг үймүүлсэн, самуун бүхэн зохиомол учраас бид дарж чадна. Сэхээтний давхарга сэрж байна. Нөгөө талаар төрийн бүхий л шатанд нууц гэж байхгүй боллоо. Цахим орчинд нээлттэй, оролцоотой хүн бүр ил тод байдлын манаач болж хувирлаа. Ийм үед өөрчлөлт гарна. Гарцаагүй итгэж байна.
-Ийм итгэлийг сэрээсэн залуус хэр олон нэр дэвшиж байна гэж та харж байгаа вэ?
-“Зөв хүн электорат” эвсэл дээр цугласан залуусыг би үнэлж, тэдэнд их найдлага тавьж байгаа. Тэнд дунджаар 45 насныхан байна. Тэдний ихэнхийнх нь намтрыг харвал хэзээ ч, хэн нэгний цүнх барьж том болоогүй, өөрсдийн мэдлэгт дулдуйдаж, сахилга бат, үзэл бодлоо олсон хүмүүс байна. “Худалч хүн ой сайтай байх ёстой” гэдэг үгийг та өмнө нь сонсож байсан уу. Тэгэхээр, дээр үед иргэний хөдөлгөөн гээд явж байсан нөхөд өдгөө юу болж хувирав. Хэн болж томров. Тэд бол ой муутай гэдгээ энэ цагт маш тод харуулчихлаа. Сайн хатгамал ар талаасаа ч урд талаасаа ч ялгаагүй харагддаг шиг, жинэхнэ шударга улс төрч амьдралынхаа эхэнд ч сүүлд ч өөрөөсөө, мөн чанараасаа урваагүй байх хэрэгтэй. Хэлсэн зүйл, хийсэн үйлдэл хоёр нь нэг байх ёстой гэсэн үг л дээ.
-Улс төрийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийхээр аль ч цагт сайн үнэлгээ авч байгаагүй санагддаг. Энэ бүхний гол алдаа нь юунд байна вэ?
-Бид цаг алдсан. Энэ нь парламент муудаа биш, засаглалын тэнцвэртэй байдлыг алдагдуулсанд бидний алдаа бий. Миний хувьд шинэ үндсэн хуульд ихээхэн найдаж байгаа. Засаглалын тэнцвэртэй байдлыг хадгалахад хэрэгтэй заалтыг нэмсэн. Мэдээж шүүмжлэлтэй хандах зүйл бий, ч ямартай ч урагшилж чадсан нь том алхам.
-2020-2024 оны Монголын эдийн засгийн орчин муудах, хар жагсаалтад багтсан дүр зураг биднийг тосож байна. Үүнийг эдийн засагчид ч онцолж байгаа. Тэгэхээр ирэх парламентыг бүрдүүлэх түшээд илүү мэргэжлийн, мэргэн арга ухаантай, боловсролтой байхыг шаардах нь дамжиггүй. Таны хувьд ирэх дөрвөн жилийн эдийн засгийн өнгийг хэрхэн харж байна вэ?
-Шинэ парламент эдийн засаг элгээрээ мөлхөх үед бий болно. Маш их ядуурал газар авсан, бондын төлбөрт 2.9 тэрбум ам.доллар, юанийн свопын хэлэлцээрийн төлбөр гэх мэт өр төлнө. Ийм цаг үед эдийн засгийн ямар бодлого явуулах юм, тэлэх юм уу, агших юм уу, мөнгөний чанга бодлого барих уу, зөөлрүүлэх үү гэх мэтээр мэргэжлийн Засгийн газар, мэргэжлийн боловсон хүчнийг цаг үе, эдийн засгийн орчин шаардаж эхэлсэн учраас чухал сонголтын өмнө бид ирлээ. Улс төрчдийн мэргэжлийн манлайл хэрэгтэй болох цаг үе ирсэн учраас боловсролтой, зөв хандлагатай, чин сэтгэлтэй залуус гарч ирээсэй.
Төсөв тодотгох гэдгийг ойлгохгүй гишүүнээр яах юм бэ. Улс төрийн мэтгэлцээнд бүтээлчээр оролцохгүй, дээл өмссөнөө яриад суудаг хүн ирэх парламентад хэрэггүйг бид мэддэг боллоо. Тэгэхээр ирэх парламентад мэргэжлийн Засгийн газар гарна. Хуульчид, эдийн засагчид, багш нараас бүрдсэн өнөөдрийн үнэт зүйлийг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломжтой мэргэжлийнхэн олонх болоосой. Олон хувийн хэвшлийг хааж байхдаа инээгээд зогсож байдаг хяналтын алба баймааргүй байна. Гэтэл төр, төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхний татварын орлогоос цалинждаг шүү дээ. Тийм байж хувийн хэвшлийг хааснаа баяр баясгалан болгон зарладаг төрийн албан хаагчид баймааргүй байна. Дэлхий өөрөө их хүнд цаг үеийг туулна.
Цар тахлаас үүдээд мөнгө хаана ч байхгүй болно. Тэгэхээр Монголчууд дотоод хүчин чадалдаа, эрдэмтэддээ найдахаас өөр аргагүй цаг ирлээ. Мэргэжлийн чиг хандлага, мэргэжлийн өндөр түвшний бодлого хэрэгтэй. Төрд нөөц хэрэгтэй энэ үед 3.2 тэрбумаар усан оргилуур хийж, агаарын дүүжин ярьж байгаа захиргааг юу гэж ойлгох вэ. Улс төрд жинхэнэ элитийн давхарга хэрэгтэй байна. Хүйтэн, цэвдэг, сэтгэлгүй элит биш, халуун, дулаан, энэрэнгүй элитүүд хэрэгтэй байна. Монгол ахуйгаа мэддэггүй, ахуйдаа дайсагнадаг биш, нүүдлийн соёл иргэншил, байгалиа хайрладаг, үүнийгээ давуу тал гэж харж чаддаг элитүүд хэрэгтэй байна.
-Алив цаг үеийнхэн ирээдүйдээ л илүү итгэдэг, тэднийхээ ажиллаж, амьдрах орчныг сайжруулахын төлөө явсан юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-1990 онд хувьсгал хийсэн хүмүүсийн яриа, дурсамжийг сөхөөд харахаар ирээдүй улам сайхан болно гэж итгэсэн байдаг. Ялангуяа, ардчиллын дууч Цогтсайханы хэлсэн үг, явсан зам мөр, үлдээсэн бүтээлээс нь энэ бүхэн нэвт ойлгогддог. Тийм болохоор би ирээдүйд, залуусын давалгаанд, шинэ үеийн элитүүдэд итгэдэг.
-Таныг улс төрд ор гэж “сумласан” хүн хэн бэ?
-2015-2020 оны хооронд “Шинэ Монгол” сургуулийн Бодлогын зөвлөхийн даргаар ажиллаж байсан эрхэм багшийгаа онцолж дурдах гээд байна. Төрийн шагналт зохиолч, Дармын Батбаяр гэж эрхэм хүнийг энэ өдөр дурсах ёстой. Намайг сургуулийнхаа захирлын ажлыг хийж байх хугацаанд өмөг түшиг минь болж, тулгуур багана болж байсан эрдэмтэн, их сэтгэгч, үзэл санааны удирдагч энэ хүнийг Монголчууд харуусал дүүрэн үдээд удаагүй байна. Багш минь намайг тун их дэмжсэн учраас би шийдвэрээсээ буцаагүй. Дармын Батбаяр зохиолч бол агуу Д.Намдагийн бидэнд “төрүүлж”, үлдээсэн сэтгэгч байв.
-Монголчууд тун ойрхон цаг хугацаанд Б.Лхагвасүрэн, Л.Түдэв, Дарма.Батбаяр гээд сэтгэгчдээ бурханы оронд үдлээ. Та багшаасаа юу авч үлдсэн гэж боддог вэ?
-Д.Намдаг бол Монголын нэгдүгээр үеийн сэхээтэн. Харин агуу, том зохиолчийн гарын шавь болж, монголын утга зохиолын ноён сүмбэр оргил болж сүндэрлэсэн Дармын Батбаяр бол Монголын хоёрдугаар үеийн сэхээтэн. Ийм хүнээ бид алдаад удаагүй байна. Монгол Улс өөрийн гэсэн үндэстний том философичтой байх ёстой байсан. Энэ орон зайд Д.Батбаяр зохиолч зүй ёсоор багтаж байлаа. Багш минь бидэнд хүн байх, соёл иргэншилдээ хайртай байхыг үлгэрлээд явлаа даа.
-Эрдэмтдээ, сэтгэгчдээ, бүтээгч, зохиолчдоо Монгол Улс, манай боловсролын салбарын бодлого тодорхойлогчид ашиглаж чадаагүй гэж би боддог. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үнэн шүү. Уран зохиолын хичээлийн хөтөлбөр улам ядуураад байгаад би туйлын харамсдаг. Уран зохиол бол элитийн боловсролыг олгож байдаг үүрэгтэй. Хув нагваралын тууж, Эндүүрэл хааны тууж, Убаши хунтайжийн тууж, Молерийн жүжгүүд, Бальзак, Достоевскийн бүтээлүүд гэх мэт сонгодог уран зохиолын хичээлийг маш их танасан. Гэтэл уран зохиол гэдэг бол хүн төрөлхтний сэтгэлгээний охь. Ерөнхий боловсролын сурагчдад яагаад сэтгэлгээний шинж чанартай бүтээл уншуулахгүй байгаа юм бэ. Энэ бүхнийг уншиж байж сурагчдын сэтгэлгээ, тархи, оюун задарна. Ингээд яривал Монголын боловсролын гажиг, хөтөлбөрийн ядмагхан байдал бүтээгчдээ, эрдэмтдээ, зохиолчдоо тоогоогүйтэй шууд холбоотой.
М.Мөнхтунгалаг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|