A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |
|
Хүн бүхэн хот бараадаж, залуусын олонх өндөр хөгжилтэй харь улс мөрөөдөх болсон өнөө цагт зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хилийн цэрэгтэй амьдралаа холбон хилийн заставаас нэгэн насны хайраа олж, буйдхан сууринд даруухан амьдарч буй залуу гэр бүлийг “Эгэл амьдрал”-даа онцоллоо.
Салхины зөөлөн сэвшээ сэтгэл илбэж, нялх ногооны үнэр анхилсан хаврын үдэш даанч уянгалаг. Бодолдоо дарагдаж алхсаар хаашаа ч юм яваад очмоор хачин гэгэлгэн. Магад нандин хайрын түүх, тэмүүлэл дүүрэн амьдралын тухай сонсохоор яваа болохоор ч тэр үү догдлол дүүрэн алхална.
Асгарсан ододтой тэнгэрийг хэзээ ширтсэнээ мартах шахсан их хотын завгүй амьдралаас түрхэн холдож, буйдхан суурингийн эл хуль гудамжаар алхсаар зорьсон айлдаа ирлээ.
Хилийн 0286 дугаар ангийн албан хаагчдын оршин суудаг хилчин хотхоны өөдөөс харсан хашаан дахь жижгэвтэр дүнзэн байшинд Захиргаа хүний нөөцийн тасгийн дарга, ахмад Э.Пүрэвжавынх аж төрдөг.
Энэ өрхийн тэргүүн нүүрэндээ нь үргэлж инээмсэглэл тодруулж явдаг хөгжилтэй яриатай, нүдэнд дулаахан, даруухан бор залуу бий. Харин гэргий Г.Нямгэрэл нь сэтгэл зүй, соёл сурталчилгааны албаны ахлах офицер, ахлах дэслэгч.
Түүнийг харсан хэнбугай ч “...Хилийн заставын хар нүдэн бүсгүй, Хэний ч хүүгийн хайрыг булаасан хээнцэр гоёхон сарнай...” хэмээн эрхгүй аялмаар нүдээрээ инээсэн, дүүхэлзсэн бүсгүй. Сэтгэл нийлэн ханилж, зорилго нэгтэй зүтгэж яваа залуусын төлөөлөл болсон энэ айлыг онцлох шалтгаан олон бий.
Тэд хилийн цэрэгт үнэнхүү дурлаж, идэр залуу нас, ганц олдох амьдралаа зориулан зүтгэж яваа бахархам гэр бүл билээ. Өдөржин ажилласан хэрнээ хаагуур нь амжуулаа вэ гэж бодогдмоор сайхан ширээ засаж, амтат бууз бэлджээ.
Ханын тавиур, хувцасны шкаф, буйдан, гал тогооны тавилга зэрэг хэрэгцээт зүйлсээс илүү хогшилгүй, өрх гэр болоод долоон жил болж буй айл гэхэд цомхон, цэгцтэй гэж жигтэйхэн.
“Цэргийн хүмүүс байнга нүүдэг учраас их новшний хэрэг байдаггүй юм даа” хэмээн хуучлах залуу хос инээх нь хүртэл энгийн. Дурлал, дурсамж, ажил мэргэжил алиных нь ч тухай ярьсан инээд цацруулан байдаг тэдний баяр хөөр сэтгэлийнх нь гүнээс ундардаг гэлтэй дундрашгүй.
Өөрсдийнхөө босгож, өнгөлж тордсон даруухан амьдралынхаа эгшин бүхэнд сэтгэл ханамжтай байдаг нь илт. Ид залуу насаа хөдөө орон нутагт, тэр тусмаа хил дагаж өнгөрүүлнэ гэдэг зоригтой сонголт байна шүү хэмээн бодлогогүйхэн унагах үгэнд минь “Ажил мэргэжлийн онцлог шүү дээ. Бид мэргэжилдээ бас эх орондоо хайртай.
Хилчин болж төрсөн энэ хувь заяандаа бахархаж, талархаж явдаг. Хамгийн гол нь биенээ ойлгож, дэмждэг сайхан ханьтай учраас хаана ч амьдрах сайхан. Хөдөө амьдрах илүү эрүүл, амгалан. Ер нь хил хамгаалах байгууллагад сэтгэлтэй хүмүүс ажилладаг.
Сэтгэлээ зориулаад ирсэн нэгнийг хаана ч газардуулдаггүй буянтай хамт олон” хэмээх дэндүү цэгцтэй бас бардам хариултаараа ам таглаж орхих нь тэр. Гэргий Г.Нямгэрэл “Би хотод дөрвөн жил ажилласан. Одоо эргээд харахад яаж тэр их чимээ шуугиан, нийгмийн бухимдал дунд амьдарч байгаа вэ гэж боддог. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа учраас шинэ ном гарахад тэр даруй авч уншиж чадахгүй, хүүгээ дугуйланд явуулах боломж хомс гэх мэт асуудал бий.
Гэхдээ Монгол улс байтугай дэлхий тэр чигтээ даяаршиж, интернэт хөгжсөн энэ үед өөрийгөө дайчилбал боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн нэмж тайлбарлав.
Анх дээд ангийнхаа хүүхдээс төлбөргүй сурч, офицер болох боломжтой сургууль байдгийг олж сонссон хүү зөвхөн тэр сургуульд зориулж бэлдсээр тэнцжээ. Тухайн үед эгч нь оюутан байсан тул аав, ээжийгээ төлбөрийн дарамтнаас чөлөөлөх гэсэн хэрсүүхэн бодолтой хүү өдгөө торгон хилийн амар тайвны төлөө сэтгэл зүрхээ зориулсан ахмад болжээ.
Энэ тухайгаа Э.Пүрэвжав “Нэгдүгээр курсийн оюутан байхдаа анх хилийн манаанд гарч, хилийн баганад ёсолж омогшсон тэр мөчөөс хойш эргэлзэх зүйлгүй энэ зүгт алхсан” хэмээн хуучилсан юм.
Харин гэргий Г.Нямгэрэлийн хилийн цэрэгтэй холбогдсон, энэ айлын эзэгтэй болсон түүх дэндүү яруухан. Тэрбээр МУИС-ийн Утга зохиолын ангийг төгсөгч. Монголын зохиолчдын эвлэлийн дарга До.Цэнджавын гарын шавь, оюутан ахуйдаа “Давлагаа” наадамд өнгөлж явсан адтай, авьяастай бүсгүй.
Оюутан ахуйдаа “Эх орны манаа” сонинд дадлага хийж, төгсөхдөө ажлын санал авснаар дархан хилийн төлөө үзгийн хурц, үгийн цэцэн, сэтгэлийн гэгээнийг зориулж яваа нэгэн.
Хилийн тухай сайхан өгүүллэг бичих, ном гаргах хүсэлтэй Г.Нямгэрэл 2014 онд Улаанбаатар хотоос хамгийн хол буюу 1800 километрт орших хилийн 0130 дугаар ангид ажиллаж, амьдрахаар очжээ. Магад утга зохиолын хүнээс л гарч болох энэ шийдвэр түүнийг кино хальснаас харж, ном зохиолоос уншигддаг сайхан хайртай учруулжээ. Тухайн үед Э.Пүрэвжав заставын даргын алба хашдаг байсан аж.
Тэрбээр ирээдүйн эхнэрийнхээ ярилцлага, нийтлэлүүдийг нь уншдаг, томилолтоор ажиллах үеэр нь ганц нэг таарч байсан бөгөөд их сайхан нүдтэй бүсгүй гэдгийг нь онцолж байсан юм. Харин дурлалынхаа тухай Г.Нямгэрэл “Ангийн захирагч манай хүнийг надад аминчлан магтдаг байсан.
Нэг удаа заставт нь очихдоо ямархуу зан араншинтай хүн бэ гэдгийг мэдэх санаатай өгсөн хоолыг нь голсон юм. Гэтэл хилийн хүн байж хилчдийн хоол голлоо гэж загнуулсан. Өөртөө иртэлтэй, ажил мэргэжилдээ сэтгэлтэй байдалд нь их татагдсан даа” хэмээн ярив.
Энэ үед угийн шооч нөхөр нь “Застав дээр ирчихээд, надаас давс нэхээд байсан шүү” хэмээн шоолж, тэдний инээд сүлэлдэн орчныг нэг л гэгээлэг болгож орхино. Ерөөс тэдний үг, яриа гэгээлэг, дурсамж дурдатгал нь яруухан.
Э.Пүрэвжав “Сэтгэл алдарсан бүсгүйгээ өөрийн болгох гэж заставын холбооны утсаар залгаж, гитар дарж, дуу дуулж өгдөг байлаа. Застав дээр сүлжээ байхгүй учраас холбоо барих өөр аргагүй” хэмээн ярих үед орчныг ажвал өнөөх увидаст гитар өдгөө гэрийнх нь хананд өлгөөтэй байх аж.
Харин тэрхүү гитарыг өлгөсөн хананы хажууд хүүхдийн тоглоомон сагсны шийд байх бөгөөд тэдний хайраас ургасан “залуу” бөмбөг шидэн тоглоно. “Амьдрал гэдэг ийм сайхан даа гэж” бодохоор цээжин цаанаас хайр ундарна.
Тэд анх нэг нь заставт, нэг нь ангийн төвд байхдаа бие биенээ олж, сэтгэлийн жигүүрээ дэлгэн тэмүүлсээр амьдрал холбожээ. Баасан гараг бүр ажлаа тараад заставын зүг сэтгэл, хүлгийн жолоо хоёр чиглэсээр өдгөө Э.Пүрэвжавынх гэдэг айл төржээ.
Дурласан сэтгэл цаг хугацаа, орон зайг элээсээр бүсгүй хөл хүнд болж, гэдэс нь нэлээд томорсон хойно Э.Пүрэвжав ангийн төв рүү татагдан ирснээр хүлээсэн, тэмүүлсэн олон арван мөчүүдийн дараа өдөр бүхэн хамтдаа байх эрхтэй болсон нь тэр. Анх айл болсон тухайгаа Г.Нямгэрэл “Би хотоос ном, хувцсаа хийсэн гурван хайрцаг ачаад, өөрийн жижиг тэргээ унаад Ховдод очиж байсан.
Манай хүн бас нэг машинтай. Хоёр талаасаа нийлж байсан. Гэтэл Булган аймаг руу томилогдоод нүүх болоход камазаар нүүж байсан” гэж дурсана. Мөн нөхрийнхөө тухай “Эр хүний өөртөө итгэлтэй, түшигтэй сайхан чанарууд нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорсон. Бүсгүй хүн харахуй шөнө гэрэл тусгах шаардлагагүйгээр хөтлөөд явах ханьтай байна гэдэг л хамгийн сайхан юм даа” гэж хүүрнэнэ. Үнэхээр ч ганцаараа хилийн зүг зорьж, хүний хүн болсон бүсгүйн нүдний харцанд гуниг суугаагүй нь анзаарагдана.
Үйлдэл бүхэн нь хариуцлагатай, амь нас, тусгаар тогтнолоор хэмжигддэг хилчин байна гэдэг бахархам сайхан. Гэхдээ л тушаал авсан цэргийн хүн тушаалаа дагах жамтай. Эхнэрээ төрөхөд хамт байж эсвэл цэцэг барин угтах боломж Э.Пүрэвжавт олдсонгүй.
Үүрэгт ажлаа дуусгаад, хүүгээ мэндлээд нэг сар болсон хойно уулзаж байсан гэнэ. Харин гэргий нь энэ тухай бидний ажил ийм учраас надад гомдож, туних шаардлага байгаагүй гэж хүүрнэнэ. Анх аав болсон тухайгаа Э.Пүрэвжав “Өглөө 08:00 цаг өнгөрч байхад хүүтэй боллоо гэдэг мэдээ сонссон. Яг анги нэгдэж, жагсдаг цаг. Би тэр өглөөний нэгтгэлд жагсаж чадаагүй. Аав болчихлоо гэж бодохоор огшоод бас уйлчих гээд байж, суух газраа олж чадахгүй баахан холхиж билээ” хэмээн ярихдаа яг л тэр үедээ оччих вуу гэлтэй омогшил дүүрэн ярьна.
Нүд хөмсөг болсон сэргэлэн залууг Ананд гэдэг. Удахгүй таван нас хүрэх гэж байгаа тэрбээр үеийнхнээсээ хэрсүү гэдэг нь үг хэл, үйл хөдлөл бүрээс нь анзаарагдана.Хөл хорионы улмаас цэцэрлэг хичээллэхгүй, мөн аав, ээжийнх нь ажил руу хүүхэд дагуулж орж болохгүй тул тэрбээр Buddy нэртэй нохойтойгоо хамт гэрээ сахиж, өнжих хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын далбаа харах бүртээ цэх зогсон ёслох нь хайр татам. Хилчдийн гэр бүлд төрж, хилчдийн дунд торниж буй хүү эх оронч иргэн болон төлөвших нь дамжиггүй.
Энхийн манаанд зогсож буй хүний гэр бүл амгалан байж гэмээнэ эх орны хил тайван байх учиртай юм гэдгийг хилчдийн дунд өнгөрүүлсэн цөөн хэдэн хоногт ухаарсан юм. Тийм нэгэн гэр бүлийн тод жишээ нь Э.Пүрэвжавынх байв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|