• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    74   |  
0
 

Хоёрхон хоногийн дараа өнөөдрийн энэ их амлалт, найрсаг байдал, ард иргэдийг гар дээрээ өргөх нь холгүй хайр халамж царцаж, монголчуудыг жаргаах бус зовоох хар жагсаалт шинэчлэгдэнэ. Тодруулбал, Монголд эдийн засаг, эд материал, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэл нэгэнт бий болоод удаж буй. 

Европын холбооны улсууд манайхыг эдийн засгийн хар жагсаалтад оруулахаар өнгөрөгч гуравдугаар сараас зэхэж эхэлсэн. Дээр нь, манай төсвийн алдагдал талийгаад өгсөн. 

Улирах гэж буй УИХ, Засгийн газар, яам, тамгын газрынхан дансандаа байж болох бүхнийг хуу хамж, сонгуулийн энэ өдрүүдэд гөвж суугаа. Энэ онд бүү хэл, ирэх онд ч Монгол Улс уул уурхайгаас ашиг олно гэж саналтгүй болсон.

Учир нь монголчуудын эдийн засгийн гол түүхий эд нүүрсний экспорт бараг зогсонги байдалд ороод зургаан сар гаруйн  хугацаа өнгөрч байна. Алт, зэсийн ханш манайд битгий хэл дэлхий дахинд өдрөөр биш, цагаар унаж байна. 

Монгол төдийгүй дэлхийн эдийн засаг коронавирусийн уршгаар сөхөрч, хэзээ сэхэл авч, урагшлах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, биднийг сонгуулийн гоё ганган зурагт хуудас, чимэглэл, ухуулагчдын өнгөлөг хувцас, найрсаг үгэнд хууртаж байх дөрвөн сар гаруйн хугацаанд Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, түрийвч нь хоосорсон гэдгийг ухаарах өдрүүд тун удахгүй ирэх нь ээ. Сангийн сайд хийгээд, эрх баригчид мэдээж төсөв улайж, төрийн данс хоосорсныг чадлынхаа хэрээр нууж, энэ талаарх мэдээллээ алдахаас үхтэлээ айж байгаа.  

Төрийн түшээдийн томилгооны “гар, хөл” болсон түшмэлүүд айж бэмбэгнэх ч яамай. Гол нь эдийн засгийн хямрал, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, төрөл, чанар, эрүүл мэндийн салбарын амин чухал эм, тариа, нэн шаардлагатай вакцины хангамжийн гачигдал гээд салбар бүрт учирч мэдэх эрсдлийг даван гарах бодлого, ямар нэгэн төлөвлөгөө, урьдчилан сэргийлэлт манай түшээдэд байхгүй л болов уу. 

Зөвхөн мөнгө бус хөл хорионоос үүдэлтэй сорилтын хямралыг бид хэрхэн давах вэ. Үүнд хаанахын, хэн гэдэг эдийн засагч, улстөрч, ямар банкны бодлого төлөвлөгчид санаа зовж, бодлого боловсруулж, тархиа гашилгаж байгаа бол. Коронавирусийн халдвар дотоодод дэгдвэл бидэнд ямар нөөц боломж, бололцоо, чадамж байгаа бол гээд бидэнд толгой өвтгөх олон асуудал байгаа ч өнгөрсөн өдрүүдэд улстөрчид энэ бүхнийг ямар нэгэн аргаар бүдэгрүүлсээр ирлээ. 

Бид ч хэнээс ч хариуцлага нэхэх, бодлого асуух сөхөөгүй, нөлөөнд нь автаж, хэдэн сарыг үдлээ.  

Хэрвээ та санаж байгаа бол одоогоос 11 жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн их хямрал (2009) болж, дэлхий нийтээрээ хэрхэн өлсөж, “уйлж” суулаа. 2007 онд Америкийн ипотекийн (орон сууцны) зээлийн бизнесээс үүссэн хямрал нь Америкийн санхүүгийн захыг бүхэлд нь хамарч, улмаар 2008 он гэхэд дэлхийн санхүүгийн хямрал болон хувирсан. 

Энэ явцад мөн Европын банкуудыг хамарсан өрийн хямрал бий болсон ба эцэст нь олон улсын эдийн засгийн их хямрал  даамжирч, дэлхийн улс орнуудын эдийн засаг бие биеэсээ бүрэн хамааралтай болсон гэдгийг энэ өдрүүд, энэ түүх харуулсан билээ.

Эдийн засагчдын дүгнэлтээр тэр үед банкууд хөрвөх чадваргүй болсноор зээл олголтоо зогсоосон. Үүнээс улбаалж, компаниуд санхүүжилт авахад хүндрэлтэй болж улмаар ажилтнуудаа цомхотгож эхэлсэн. 

Ажилгүйдэл ихэссэн учраас компаниудын бараа, бүтээгдэхүүний борлуулалт муудаж, ашиг буурсан. Компаниудын ашиг орлого буурснаар банкууд дээр муу зээл ихээр үүсч эхэлсэн. Ажилгүй болсон иргэд зээлээ төлж чадахгүй болсноор банкууд дээр муу зээл ихээр үүсч эхэлсэн.

Хувьцааны үнэ унаснаар уг хувьцааг эзэмшигч иргэн, тэтгэврийн сангууд, алдагдалд орсон. Хэрэв хувьцаагаа барьцаалж, зээл авсан байсан бол тэрхүү зээл нь муудсан. Иргэн, компани, банк бүгд санхүүгийн хямралд орсон учраас орон сууцны үнэ унаж эхэлсэн. Гэтэл энэхүү орон сууцыг барьцаанд авч зээл олгосон банкууд тухайн зээлийг муу гэж ангилахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Энэ мэтчилэн эдийн засгийн гинжин урвал маш хүчтэй явагдаж, дэлхийн олон оронд хямрал нүүрлэж байлаа. Үүнээс гарахын тулд Америк 787 тэрбум ам.долларын төсөв баталж иргэд, компаниудад татварын хөнгөлөлт, сургалтын төлбөр, нийгмийн эмзэг бүлэгт зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулсан. 

Америк 700 тэрбум ам.доллараар банкууд, томоохон компаниудад санхүүгийн тусламж үзүүлсэн. Үүнд, шууд хувьцааг нь худалдаж авах хувилбар багтана. Америкийн төв банк зээл олголтыг дэмжих үүднээс хоёр орчим их наяд ам.долларыг мөнгөний зах зээлд нийлүүлэхээс гадна бодлогын хүүгээ буулгаж, 0.25 хувь болгосон. 

Хятад 586 тэрбум ам.долларыг нийгмийн халамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан зарцуулсан. Сингапурын төв банк валютын ханшийг тогтвортой барих арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Улс, орнууд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1-3 хувьтай тэнцэх хөтөлбөр хэрэгжүүлсэн.  

Харин өнөөгийн эдийн засгийн хямралын үед улс орнууд 2009 оныхтой төстэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Америк хоёр их наяд ам.долларын хөтөлбөр батлахаар хэлэлцэж байгаа бөгөөд үүнд дундаж орлоготой иргэдэд 1200 ам.долларын буцалтгүй тусламж, компаниудад олгох хүүгүй зээл, орон нутгийн төсөвт үзүүлэх тусламж зэрэг хөтөлбөр багтаж байгаа юм.

Мөн зарим улс хүндрэлд орсон компаниудын хувьцааг худалдаж авах замаар хувьцааны зах зээл дээр үүсээд буй уналтыг хязгаарлах боломж байгаа эсэхийг хэлэлцэж зэрэг арга хэмжээ авч эхлээд буй.

 Хэдийгээр эдийн засагчид “Хөл хорио удаан үргэлжлэх тусам эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх бөгөөд компаниуд эргэж сэхэх боломжгүй болох төлөвтэй байна” гэж байгаа ч тэд ямар нэгэн байдлаар арга хэмжээ авч эхэлжээ.  

Харин манайх юу хийж байна вэ. УИХ-д суух ээлжит марафонд 606 хүн “гүйж”, улсын төсвөө сонгуулийн сурталчилгаандаа нам, эвслийн нэрээр ямар нэгэн аргаар зарцуулж сууна. Гэхдээ ашгүй хоёрхон хоногийн дараа сонгуулийн санал хураалт болж, шинэ УИХ хэн хэнээр бүрдэх нь тодорхой болно. 

Нэг талаар өнөөдөр таныг инээлгэж, тайвшруулахын тулд бөхөлзөж асан нэгэн хэдхэн хоногийн дараа эрхэм гишүүн болж, Төрийн ордонд заларна. 

Нөгөө талаар даян дэлхийд юу өрнөж байгааг анзаарах сөхөөгүй болтлоо сонгууль сонирхсон сонгогч таны амьдрал бахь байдгаараа, үүнээс ч дор болж, ирэх хямралд өвдөг сөхөрч мэдэхээр байна. 

Иймд биднийг төрд төлөөлж, нэгэнт тулгарах нь тодорхой болсон эдийн засгийн болоод бусад хямралаас богино хугацаанд гаргаж чадах хүнийг маш оновчтой сонгохоос өөр сонголт бидэнд үлдээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчууд өдгөө сэлүүргүй завин дээр дайвалзаж явна. 

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ