• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Байгалийн хачин жигтэй басхүү ер бусын үзэсгэлэнтэй төрхийг хараад л баймаар. Далд утга, шалтгааныг нь ойлгож, мэдмээр... Энэ хорвоод шалтгаангүй нэг ч зүйл үгүй гэдгийг харин өөртөө ахин дахин сануулмаар...

Олон газар үзэх эсхүл урт хугацаанд аялах нь ердөө чухал биш. Харин ЮУГ таньж мэдэв, ЯМАР дурсамж бүтээв, ЮУ ухаарав гэдэг л чухал юм шигээ...

Галт тэргээр 18 цаг гаруй зогсоогоороо зорчоод буухын алдад “халтар ишиг” шиг болсон өөрийгөө толинд хараад ганцаараа баахан инээж билээ. Ийм галт тэргээр жуулчид биш нутгийн “индианууд” зорчих тул, англиар ярих хүн нэг ч олдсонгүй.

Нүд цавчилгүй ширтэх сүргээс салж, ямар шинэ адал явдал хүлээж буй бол гэхээс байж ядан догдлон буухад Жанжиажие чийглэг салхиа үлээн угтлаа.

“Аватар” киногоор хэн бүхний танил болсон үүлс цавчим сүрлэг уулсын цогцолбор, "Тэнгэрийн хаалга" буюу "Tianmen" уул, үзэсгэлэнт "Baefong" гол, үлгэрийн мэт шар луугийн агуй, дэлхийн хамгийн урт шилэн гүүр, хүрхрээний өлгий гэж нэрлэгдэх тосгоноороо олон сая аялагчийг ховсдох "Жанжиажие"-д хөл тавилаа.

Хунан мужийн хойд хэсэгт байрлах энэ буйдхан хотын нийт газар нутгийн 76 хувийг уулархаг бүс эзэлнэ.  

Жанжиажиегийн уулсын түүх тэртээ Неолитын үед хамаарна.

Тус хот Tujia, Bai, Miao гэсэн гурван гол угсаатны бүлгээс гадна 29 төрлийн бага ястан Хан үндэстэнтэй эвсэн амьдрах өлгий нутаг ажээ. Та энэ хотоос байгалийн өвөрмөц тогтоц, хүний гараар бүтээсэн гайхамшиг түүгээр ч үл барам олон ястны соёл, амьдрал ахуй, зан заншлыг таньж мэдэх боломжтой.

Энэ бүгдийг мэдрэхийн тулд хамгийн багадаа таван өдрийг зарцуулах хэрэгтэй гэнэ. Жанжиажие уулархаг бүс нутаг тул цаг агаар тогтмол өөрчлөгдөн жилийн 200-аас ч олон хоног бороотой байдаг аж. 

Нэг зүйл сануулахад, та өглөө нь тэнгэр усан нүдэлж, үдэш нь нар шардаг энэ хотыг үзэх зорилгоо хойш тавилгүй үүргэвчээ шүүрээд гараарай.

"Уужуу тэнэг”

‌“Тэнэг” байх заримдаа их олон давуу талтай аж. Төөрч, нэг газраа гурван удаа ирсэн ч эмээж, эцэхээ мэдэхгүй. Сайн хүмүүстэй таарч дайлуулах болбол ичихээ мэдэхгүй "хусчихна". Хэл нэвтрэлцэх хэнтэй ч очоод яриа өрнүүлж, найзлаад хамт газар үзэх мэтээр айж, ичих нүүрээ элгэндээ наачхаад, өөрөөсөө өөр хүн мэт авирлан явчихна. 

Өмнө нь өөрийгөө бусдаас чухал гэж эндүүрдэг, ямарваа асуудалд уужуу хандаж чаддаггүй "ууртай тэнэг" байжээ. Харин одоо би уул хад, ургамал амьтан, бусад хүмүүнээс ердөө чухал биш өчүүхэн нэгэн гэдгээ мэдэрч "уужуу тэнэг" байхыг хичээж байна даа.

Тэнгэрийн хаалга буюу "Tianmen" уул

Энд ирэхээс өмнө аялагчдын бичвэрийг уншиж байгаад" Tianmen" ууланд ойрхноор нь "Edinburgh" гэх хостелд 50 юаниар өрөө захиалав.

Англиар дуржигнатал ярих найрсаг ресейпшнтэй, дээр нь маш цэвэрхэн, над мэтийн бадарчинд хэрэгтэй бүх зүйлийг агуулсан буудал угтлаа. Хэрхэн аялах, хаанаас ямар унаагаар зорчихыг нарийн хэлж өгсөн тул сэтгэл хөдлөөд өглөөний цай захиалж, тэнд дөрвөн хоног байрласан юм. 

Хятадуудад ямар тусламж хэрэгтэйгээ ойлгуулж дөнгөвөл хэзээд туслахад бэлэн тийм л тусархуу ард түмэн аж.

Хэрэв "Жанжиажие"-гээр аялахаар зэхвэл эхний өдрөө хотын төвд орших "Тэнгэрийн хаалга" буюу" Тианмэн" уулыг зорих хэрэгтэй. "Cable car lower station" гэх агаарын утсан тэрэгний зогсоолоос 258 юаниар тасалбар худалдан авна.

6–18 настай хүүхдүүд 148 юань төлнө. Энэ газарт ирэхийн тулд галт тэрэгний зогсоолоос "maps.me"-гээ ажиллуулбал 15–20 минут л болно. Харин би хостелоосоо 10 орчим минут алхан иртэл бороо намуухан шивэрч байсан ч түмний хөл бүчин байв.

Монголоос гарч байхад эндхийн цаг агаар бороо заахгүй байсан атал өнөөдөр бүү хэл дараагийн 4 өдөр бороо цутгах нь. Тасалбарт "Tianmen" уул хүргэх дэлхийн хамгийн урт агаарын цахилгаан тэрэг, хоёр талын автуусны үйлчилгээний зардал, нэвтрэх эрх, урсдаг шатны үнэ багтана. 

Намайг аялах үеэр (арван нэгдүгээр сард) cable car засвартай байсан тул 20 минут орчим мини автобусаар уулыг нүхэлсэн замаар явсаар тэнгэрийн хаалганы бэлд ирэв. Энд зол тохиож "Guandong" хотоос" Жанжиажие"-г зорьсон хятад охинтой танилцан "Tianmen" уулаар хамт аяллаа.

Битүү манан, үүлэн дунд сүндэрлэх Тианмэн уул хэн бүхний харааг эрхгүй булаана.

Уулын бэлээс 999 давхар шатаар өгсөн "Тэнгэрийн хаалга"-нд хүрсний дараа, уулыг нүхэлсэн урт цахилгаан шатыг 5 удаа сэлгэн 1.3 мянган метрийн өндөр дэх "Tianmen" уулан дээр гарч жирийтэл зассан замаар явган аяллаа үргэлжлүүлэв.

Техник, технологи хөгжөөгүй цаг үед цавчим энэ уулан дээр ийм боловсронгуй зам харгуй, хувилгаадын сүм хийдийг хэрхэн барьсныг нь бодоход Хятад хүмүүсийн хөдөлмөрч нямбай чанарыг сэтгэлдээ бахадмаар.

Жирийтэл зассан жимээр уулын оройг бүтэн тойрч үзэхэд бүтэн нэг өдрийг зарцуулах аж. 2.8 км үргэлжлэх энэ замаар явахад 100 метр үргэлжлэх шилэн гүүр байх ба 5 юаниар даавуун улавч авч өмсөнө. Уулын орой дахь замаа товчлох нэг арга нь агаарын утсан тэргээр зорчих... 

Хад асга хоорондын агаарын утсан тэрэг нь "Wulinyuan forest park"-ийг бодвол зорчих зай богино тул хамаагүй хямд. Та 25 юань л төлнө. Энэ уулын бас нэг онцлох хэсэг нь эрт үед лам хуврагууд шавилж гэгээрдэг байсан 4–5 дуганаас бүрдэх бүхий шашны цогцолбор байлаа.

"Тианмэнь" уулын цогцолборын ажиллах хуваарь: 08–17 цаг хүртэл.

"Wulingyuan forest park" буюу "Жианжиажие"-гийн байгалийн цогцолбор газар

"Wulingyuan" байгалийн цогцолбор нь 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ. Үүлсийн дундах сүрлэг хадан хясаанууд аватарын пандора гаригт ирсэн мэт ер бусын мэдрэмж төрүүлнэ.

Дэлхийн хамгийн алдартай байгалийн цогцолборын нэгт тооцогдох энэ парк гурван мянга гаруй хадан хясаа, 900 гол горхи, нуур цөөрөм, хүрхрээ, байгалийн ховор тогтоц бүхий агуй, дэлхийн хамгийн өндөрт байрлах шилэн гүүр зэргийг агуулсан байгалийн хосгүй өв аж.

Энэхүү байгалийн цогцолбор "Yunjiajie" буюу Аватарын "Hallelujah" уул, "Suoxiyu" болон "Tianzi" зэрэг дархан цаазат газраас бүрдэх бөгөөд энэ хотоос 30 км-ийн зайнд оршино.

Жуулчдын оргил цаг нь олон улсын ажилчдын амралтын үе (тавдугаар сарын 1–3 хүртэл), Хятадын ургацын баяр (аравдугаар сарын 1–7 хүртэл), цагаан сарын үеэр байх тул аяллаа төлөвлөхдөө энэ үетэй давхцуулахаас зайлсхийгээрэй.

Баяр ёслол, аялал жуулчлалын оргил үеэр буудал, тээвэр, үйлчилгээний үнэ 50 хүртэлх хувиар нэмэгддэгийг анхаарна биз ээ. Газраас 1200 метрийн өндөрт орших тул цаг агаар хотоосоо 3–6 ℃ хэмээр хүйтэн байна.

Өвлийн улиралд (арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад) цасан хучигдсан уулс ер бусын үзэсгэлэнтэй харагддаг. Буудал, хоол, тээврийн зардал ч хямдхан тул цасанд дурлагсад энэ үеэр аялахыг зөвлөе.

Тус цогцолбор руу нэвтрэх гурван гол хаалга байх агаад хамгийн алдартай нь “Wulingyuan”-ы ам. Эндээс тасалбараа 225 юаниар худалдан авна. Хэрэв та оюутан бол үнэмлэхээ үзүүлснээр тасалбараа 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой.

225 юань бол ердөө энэ цогцолборт таныг нэг цэгээс нөгөөд зөөх автобусны болон парк руу нэвтрэх тасалбарын үнэ. Харин та агаарын утсан тэрэг эсвэл bailong цахилгаан шатаар уулсын оройд гарах бол  нэг талдаа 70 юань төлнө гэдгээ бүү мартаарай. Миний хувьд 225 юань байгалийн ийм үзэсгэлэнтэй, хосгүй төрхийг тольдоход их мөнгө гэж ердөөсөө санагдсангүй. Нэг зогсоол дээрээс нөгөө хүртэл автобусаар зорчин үзэсгэлэнт байдлыг дурандаа буулгахаар хоёр өдөр "шунахайрсан ч" зам ерөөсөө хороож чадаагүй, цаана нь үзэх газар маш их байлаа. 

Анхаарууштай зүйл:

  • Цаг агаарын мэдээ нарийвчлан харж хувцсаа тохируулах. Хэзээ ч бороо орж мэдэх тул усны хамгаалалттай гутал, цув авч явахаа бүү мартаарай.
  • Буудал сонгохдоо Тианмэн уулыг эхэлж үзэхээр бол хот дотроо уултай ойрхон байрлаарай. Харин  шилэн гүүр, шар луугийн агуй, "Wulingyuan" байгалийн цогцолборыг үзэх бол хүрээлэн дотроос буудал сонгож байрлахыг зөвлөе. Ингэснээр цаг болон мөнгөө хэмнэнэ.
  • Хоолны хувьд цогцолбор дотор дэлгүүрээс гурав дахин үнэтэй тул ус, жимс, амны зугаа гаргах зууш зэрэг хүнсээ базаагаарай.
  • Ихэнх газар карт уншдаггүй тул" wecha"t, "alipay" байхгүй бол эвэртэй туулай царайлсан хамаагүй бэлэн мөнгө авч явахыг хичээгээрэй.
Хүн ч бай, амьтан ч бай элэг дэвтээх үртэй бол хамгийн жаргалтай гэж энэ ажгуу.
  • Сармагчнаас болгоомжлоорой. Гялгар уут, гартаа хүнсний зүйлс барьж бүү барьж яв. Нэгэн аялагчийн даавуун уутыг шүүрч аваад хүнсийг нь аваад камерыг нь хадан хясаан дээрээс чулуудчихаж билээ.

Дэлхийн хамгийн урт шилэн гүүр

Тус аялал жуулчлалын бүсэд дэлхийн хамгийн уртад тооцогдох 430 метр урт, 6 метр өргөнтэй, 300 метрийн өндөрт баригдсан шилэн гүүрээр үүл манан дунд алхахаа бүү мартаарай. 

Тасалбар: 100 юань, дээр дурдсанчлан оюутны карттай бол 50 хувь хөнгөлүүлэх боломжтой.

Шар луугийн агуй

Агуйн хаалга руу нэвтрэх хүртэл 990 гишгүүр шатаар өгсөх тул хөлд эвтэйхэн өмсөөрэй. Байгалийн олон өнгө цогцолсон энэ гайхамшигтай агуй нь 7.6 км урттай, 140 метр өндөр, 100 км квадрат талбайг хамрах агаад зундаа сэрүүн, өвөлд дулаахан.

Агуй дотор урсгал ус, хүрхрээ, усан санг цогцлоосон нь үнэхээр үзэхээс нааш итгэмгүй. Та Baofeng голоор хулсан завиар зугаалангаа шар луугийн агуйг үзэх боломжтой.

Цагийн хуваарь:

  • Зуны хуваарь: 08.30–17.30 хүртэл
  • Өвлийн цагийн хуваарь: 09–17 цаг хүртэл.

Тасалбар:

  • Зуны улирлын тасалбар 225 юань (Гуравдугаар сараас арван нэгдүгээр сар хүртэл)
  • Өвлийн улиралд 115 юань болж хямдарна. (Арван хоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл)

Хэрэв танд хангалттай хугацаа үлдсэн бол хотоос хоёр цаг орчмын зайд орших хүрхрээний эх нутаг, үзэсгэлэнт тосгон Furong-оор зочлохоо бүү мартаарай.

"Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл, орчлон ертөнц тэр чигээрээ хүслийг чинь гүйцэлдүүлэхэд туслах болно" /Пауло Коэльо "Алхимич"/

"Том болоод дэлхийг тойрон аялна" гэж юугаа ч мэддэггүй жаал хурга, ишгээ хариулж явахдаа мөрөөдөн, түүнийгээ биелүүлж буй мэт тун чиг жаргалтай дэгдэж явдагсан. Энэ гал хүсэл тэмүүлэл хэзээ ч унтар ч байсангүй, сэтгэлийн мухарт очтон гэрэлтсээр... Харин ганцаар үүргэвчтэй аялахдаа энэ бүхэн боломжтой мэт санагдлаа.

Өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл нэг л газраа, хийж дадсан нөгөө л ажлаа хийдэг бол тэр нь шиг уйтай зүйл хаана байх билээ. Амьдрал өөрөө аялал биш гэж үү?

TAGS