• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0
 
 

Манай улс найм дахь удаагийн парламентын сонгуулиа явуулж, төр төлөөлөх 76 гишүүнээ сонгов. Энэ удаа МАН 2016 оны амжилтаа бататгаж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийг ард түмэн тэдэнд даалгаж, итгэл үзүүллээ. Шинэ УИХ, Засгийн газарт хүлээж буй их ажил, хэлэлцэн шийдвэрлэх хуулийн төслүүд хэдэн арваараа байна. Тиймээс 2016 оных шиг албан тушаалын хуваарилалтад хугацаа алдалгүй, гүйцэтгэх засаглалаа хурдан байгуулж, эмхлэн цэгцэлж, ажилдаа шамдах цаг үе юм.  

Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөлөө, санхүүгийн буруу бодлого, төлөвлөлт, саарал, хар жагсаалтад орсон гээд бидэнд өөлөх, баалах зүйлс өчнөөн байна. Энэ бүхэн ард түмний амьдралд нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх вий гэх болгоомжлол бий учраас эн, тэнцүү оногдсон эрх, үүргээ МАН зөв залж, чиглүүлэх хариуцлагатай цаг хугацаа.

Одоо тэдэнд хойш сууж, улс төржиж хоног өдрийг аргацаах эрх байхгүй. Ямбыг нь эдэлсэн шигээ “ял”-аа ч үүрч, ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөртөө тусгасан сайхан амлалтуудаа цаасан дээр бус, бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой. 

Эдийн засаг талаас нь авч үзвэл, манай улс ирэх жилүүдэд дефолт зарлах өндөр эрсдэл байна. Ирэх наймдугаар сараас эхлээд, цаашлаад дөрвөн жил гадаад өрөө төлж, борви бохисхийлгүй ажиллах он цаг, хүндхэн сорилт У.Хүрэлсүхийн Засгийн газарт ногдлоо.

Тухайлбал, ирэх наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн 2.3 тэрбум ам.доллар, 2021 оноос Засгийн газрын дөрвөн бондын төлбөрийн өр болох 2.9 тэрбум ам.долларыг бид төлнө. 

Дээрээс нь коронавиурусээс үүдэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хумигдаж, энэ оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 30 гаруй хувиар тасраад байна. Үндсэндээ эдийн засаг эхний хагас жилд 20 орчим хувь агших тооцооллыг судлаачид хийжээ. Энэ хүндхэн сорилтыг давж гарахын тулд МАН өнгөрсөн дөрвөн жилийнх шиг талцаж, маргалдалгүй ажлаа маш хариуцлагатайгаар хийх шаардлага үүсэж байна.  

Тэгвэл шинэ Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрөө танхимаа бүрдүүлэх заалт оруулж, танхимынх нь дөрвөн сайд л “давхар” дээлтэй байхаар хуульчлаад буй.

Тодруулбал, Ерөнхий сайд  танхимын сайд нараа өөрөө томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол УИХ-д шууд өргөн мэдүүлэх зохицуулалттай. Одоогийн Засгийн газар 14 яам, ЗГХЭГ-ын дарга буюу сайд, Шадар сайд, Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүнтэй.

Өөрөөр хэлбэл, 14 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл эрх баригчид ирэх дөрвөн жилд соёлын асуудал хариуцсан, хөгжлийн бодлого тодорхойлох хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж, мөрийн хөтөлбөртөө ч тусгасан байсан юм. Ингэснээр нийтдээ 16 яамтай болохоор ярьж буй аж. Шинэ парламентын анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх улиран томилогдож ажиллах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.  

Одоогоор албан тушаалын хуваарилалт явагдаагүй байгаа ч сонгуульд өнжсөн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Хаянхярваа, О.Содбилэг, Ө.Энхтүвшин нар сайд болох тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Тухайлбал, Ж.Энхбаяр Батлан хамгаалахын, Я.Содбаатар ЗГХЭГ-ын дарга эсвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болно гэх захиалгаа аль эрт намын даргадаа өгчээ. 

Сонгуулиас өмнө энэ тухайгаа хэлж, намынхаа сонгуулийн төв штабыг удирдаж ажилласан гэх. Үүнээс гадна дэвшиж чадаагүй тойргийн гадна үлдсэн гомдогсод МАН-д цөөнгүй бий. Тэдний заримтай нь албан тушаалын тохироо хийж, үлдээсэн ч хэлсэн, ярьсандаа байж чадах уу гэдэгт асуудал үүсээд буй аж. Учир нь, улиран сонгогдсон гишүүд дундаас “Би сайд болно” гэсэн сайн дурын уран сайханчид хэдэн арваараа байгаа аж.  

Ямартай ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар давхар дээлтэйгээ үлдэнэ гэж байгаа бол нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд болно хэмээн яриа хөөрөө хийж эхэлжээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч албан тушаалаа өгөхгүй, үргэлжлүүлэн гэдгээ ил, далдаар илэрхийлсэн ч нэр дэвшээгүй өнжсөн гишүүдээ нэгдүгээрт эрэмблэхээр төлөвлөөд байгаа аж. Нэг ёсондоо,  У.Хүрэлсүхэд албан тушаалын хуваарилалт хийх хэцүүхэн сорилт тулгарч байна. Сонгуульд ялах нэг хэцүү, ялсан хойноо албан тушаалаа хуваах бүр хэцүү зовлонг МАН өнгөрсөн дөрвөн жилд амссан. Тэгвэл ирэх дөрвөн жилд ч энэ зовлон үргэлжлэхээр байна.  

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчтэй эв эетэй байхгүй бол МАН санасан зорьсон ажлаа саадгүй үргэлжлүүлэхэд тээгтэй. Тиймээс шинэ Засгийн газарт Ерөнхийлөгч өөрийн хүнээ сайдаар томилуулах, зарим яамыг “авах” талаар хэлсэн байна. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн  хөгжлийн сайдад Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилуулна гэж саналаа илэрхийлжээ. Одоогоор шинэ парламентын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлах ёстой. Тэд ойлголцож чадвал наадмаас өмнө УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, цаашлаад Засгийн газраа байгуулж, ажилдаа орох учиртай.  

Өнөөдрийн нөхцөл байдалд улс төрийн тоглолт Ерөнхийлөгчөөс хамаарах болчихоод байгаа учир МАН хэдийгээр парламентад 62 суудал авч, үнэмлэхүй олонх болсон ч хүчгүйдэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд ч ийм байдал нэг биш удаа давтагдаж байв. Тухайн үед АН сөрөг хүчин байж, арай чүү бүлэг байгуулах чадамжтай байсан бол одоо парламентад 11 суудалтай боллоо. 

Энэ бол МАН хоорондоо талцаж, өмнөх дөрвөн жилийнх шиг алдаагаа давтвал АН-д хожил авчрах суудал. Дээрээс нь Ерөнхийлөгчийн хүч, оролцоо нэмэгдвэл МАН-ын олон суудал нэр төдий болох учир ирэх жилүүдэд эрх баригчид хий гишгэхгүй байх ёстойг сануулж байна.  

УИХ-д 2012-2016 онд бие даан нэр дэвшиж сонгогдож байсан С.Ганбаатар мөн парламентад орж ирлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч дахин сонгогдсон учир өмнөх парламентын бие даагч гишүүн шиг үлбэгэр сул байхгүй нь хэнд ч ойлгомжтой байна. Тэдний улс төрийн тоглолт муухан сөрөг хүчнээс хавь илүү учир МАН-д хэлсэн ярьсан ажлаасаа ухрах, хойш суух боломж гаргахгүй, хариуцлага нэхэж ажиллах нь мэдээж. 

Энэ бүхнээс харвал, МАН-ын ялалт дөрвөн жилийн дараах сонгуулийн өнгийг тодорхойлж, алдаагаа давтахгүй байхыг хүссэн ард түмний итгэл болж таарч байна. 

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ