A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |
|
Шинэ парламентад хэлэлцэн шийдвэрлэх амин чухал хууль, тогтоолын төслүүд хэдэн арваараа байна. Эдийн засаг сайнгүй, зээлжих зэрэглэл буурсан, хар, саарал жагсаалт руу орсон, төсөв, мөнгөний бодлого алдагдсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, валютын ханш өдрөөс өдөрт өсөж буй гээд ард иргэдийн амьдралд халтай, ядуурал улам бүр нэмэгдэх нөхцөл байдал үүсчихээд байх.
Эдгээрийг тодорхой хэмжээнд хазаарлах, уруудсан эдийн засгийг тэтгэх, амь тариа мэт шийдвэрийг хууль тогтоогчид батлан гаргаж чадвал ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэлийн хор хөнөөлөөс бага ч атугай гэтлэх боломжтой. Гэвч Засгийн газар тэвчиж болох зардлыг танахгүйгээр үрэлгэн төсөв, орон тоог олноор бий болгож байгаа нь өнгөрсөн хэдхэн хоногт харагдлаа.
Найм дахь удаагийн парламент анхдугаар хуралдаанаа өндөрлүүлж, Засгийн газраа байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталсан. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нараа ч сонгож амжив. Энэ нь албан тушаалын төлөө ажил гацаахгүй, үргэлжлүүлж байгаа мэт харагдавч У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөө л дэд сайдууд, шаардлагагүй бүтэц, орон тоог кабинетынхаа эхний хоёр хуралдаанаар гаргалаа.
Үүний цаана төсөв мөнгө нэмэгдэж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх”-гүй, цаг үеэ мэдрэх гэхээсээ илүүтэй албан тушаалын бялууг эн тэнцүү хүртээх нь дамжиггүй болжээ гэж харагдаж байна.
Ямар боловч УИХ, Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ батлаад ажилдаа орсон ч Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга гээд халаа сэлгээ, томилгоонууд бий. Эрх баригч нам үргэлжлүүлэн засгийн эрхийг барьж байгаа ч томилгоогоо шинээр хийж байгаа нь ажлын уялдаа холбоонд төдийлөн үр дүнтэй биш байгааг энд дурдах ёстой.
Дараагийн асуудал бол ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдэх асуудлаас эдийн засаг уруудах уу, ард иргэдийн амьжиргаа дордох уу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үү гэх мэт зүйл өргөн утгаараа хамаарна. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалаас оруулж ирсэн хууль, тогтоолын төслийг ард иргэдийн амьдралд наалдацтай, бодитой байхаар сайжруулж баталбал эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлнэ.
Улсын маань эдийн засаг он гарсаар хоёр улирал дараалан агшаад буй. Энэ бол сэргэхэд хүнд гэсэн прогнозыг харуулж байгаа үзүүлэлт. Дээрээс нь коронавирусийн нөлөө бий учир төсвийн алдагдал нэг их наяд нэлээд давчихаад байна.
Энэ мэт асуудлыг яаралтай шийдэх үүднээс УИХ ээлжит бус чуулганыг наймдугаар сард товлон зарлахаар болсон билээ. Нэн тэргүүнд ээлжит бус чуулганаар 2020 оны улсын төсөвт тодотгол хийж, шаардлагатай зардлуудаа танана. Зардлыг танахдаа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ хэрхэх вэ, ажлын байруудыг яаж хадгалж үлдэх үү гэдэгт анхаарах шаардлага бий.
Үүнийг амтай болгон хэлж буй ч сонгуулийн өмнө эдийн засгийг идэвхжүүлэх 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр гээчийг боловсруулж зах зухаас нь хэрэгжүүлээд амжилт олоогүйтэй адил сүржин нэртэй төсөл, хөтөлбөр оруулж ирвэл бас л өгөөжөө өгөхгүй. Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хумигдаж, нийт эдийн засагт томоохон хүндрэл үүсэхээр байгаа учраас үүнийг даван туулах арга зам, хөтөлбөрөө маш оновчтой боловсруулах ажил Засгийн газарт ногдож буй.
Өөрөөр хэлбэл, коронавирусийн тархалтаас үүдсэн хямралыг эдийн засгийн бусад асуудалтай харьцуулах боломжгүй. 2008-2009 оны эдийн засгийн хямрал банкны салбар хэт их муу зээл гаргаснаас болж байсан бол энэ удаагийнх бүх хүнийг аль болох гэртээ бай гэж байна. Нэг ёсондоо, ихэнх бизнесүүд хаалттай байгаа учраас дэлхий нийтэд эдийн засаг хямрах нь нэгэнт тодорхой болсон. Хямралын үед гурван тулгуурт эдийн засгийн бодлого хэрэгтэй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхийн тулд аль нэгийг нь орхигдуулж болохгүй.
Гурвуулаа зэрэг хэрэгжиж байж эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж, хүндрэлийг хохирол багатай даван туулна. Хамгийн түрүүнд, ажлын байрыг хэвээр хадгалах. Ажлын байрыг цомхотгоно гэдэг тухайн ажилтан, компанидаа цаашилбал нийгэмдээ асар их хор хөнөөлтэй. Ажилгүй болсон хүн өөр ажил хайна, орлого тасарна, үүнийг дагаад эдийн засгийн бүх үзүүлэлт буурна.
Тиймээс ажилтныг хамгаалах бүх талын бодлого нэг тулгуур. Жижиг, дунд бизнесийг яг одоо байгаа байдлаар нь дампууруулалгүйгээр хадгалж үлдэх ёстой. Жирийн үед дэлхий дахинд жилд аж ахуйн нэгжүүдийн 10 хувь дампуурч байдаг. Энэ бол бизнесийн зарчим. Харин энэ удаагийнх өөр. Гурав дахь нь банкны системээр дамжуулж, мөнгөний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх ёстой. Хэрэв энэ нийлүүлэлтийг тасалдуулчихвал эдийн засаг хумигдаад хор хохирол нь хэд дахин нэмэгдэх аюултай.
Энэ гурван тулгуурт бодлогыг ямар нэг байдлаар тасалдуулахгүй, бэхжүүлээд явбал манай эдийн засаг хамгаалагдаад явна гэдгийг зарим шинжээч, эдийн засагчид хэлж байгаа юм.
Эдийн засгийн цогц, оновчтой бодлогыг явуулахгүй бол ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал руу хөтлөх, цаашлаад ирэх оноос эхэлж төлөх өрүүдийг хэрхэх, валютын ханшийг яаж тогтворжуулах гээд толгой өвтгөсөн асуудал шинэ бүрдсэн УИХ, Засгийн газрыг хүлээж байна.
Ямар боловч УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогын халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн.
Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, УИХ-аас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана” гэсэн юм.
Спикер хэлсэн шигээ ангийнхнаа удирдаад зөв чиглүүлж залаад, Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг иргэд рүү чиглэсэн, бодит байдалтай нийцүүлж батлах хүлээлт нийгэмд бий боллоо. Энэ хүлээлтэд хэр нийцүүлэхээс иргэдийн амьдрал хэрхэх нь хамаарах болчихоод байгаа юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|