A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |
|
Мухартын голын эхийг хамгаалах нь таны анхны ажил байгаасай, сайд аа
Ертөнцөд ийм үзэсгэлэнтэй газар, тийм гайхамшигт тогтоц байдаг юм уу гэмээр буйдхан орших Мухартын гол аврал эрэхдээ тунин тунин арай ядаж урсаж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 450 метрийн өндөр элсэн манхнаас эх авч урсдаг Мухарт нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий гайхамшигт гол ширгэхэд тун ойрхон байна. Шалтгаан нь маш энгийн.
Завхан аймгийн орон нутгийн иргэд байг гэхэд Байгаль орчны газрынхан энэ өвөрмөц тогтоц бүхий голыг хамгаалах, дотоодын аялагчдын хөл, хөдөлгөөн, хог хаягдлаас сэргийлэхэд хуруугаа ч хөдөлгөөгүй өнөөг хүрсэн нь хэнд ч илт. Эргэн тойрон битүү элсээс бүрдэх элсэн дундах баянбүрд болсон устай, модтой усныхаа хөвөөгөөр бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй энэ газарт нэг ширхэг ч хогийн цэг, усны эхийг олны хөл, хог хаягдалд дарагдаж, талхлагдахаас сэргийлж тавьсан анхааруулга, сануулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг алга.
Үүний улмаас газар газраас ирсэн аялагчид цас, мөсөн дээр гулгадаг чаргаар элсэн манхны орой дээрээс гулгаж тоглон голын эх, усны амин судал, ундаргыг элсээр дарсаар байна. Үүнээс улбаалж усны урсац нь өдрөөс өдөрт багассаар байгааг нутгийн иргэд ярьж байна. Мөн тус голын эрэг дагуу хүнээсээ илүү хог хаягдал “язганаж” байна.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын их элсэн дунд орших энэ гол БОАЖ-ын сайдын ажлаа аваад тун удаагүй байгаа Д.Сарангэрэл таниас аврал эрж байна. Магадгүй энэ хариуцлагатай албыг авсны анхны ажил тань энэ байгаасай.
Тэнд ердөө Мухартын голын усны эхийг олны хөлд дарагдах, талхлагдахаас хамгаалсан байгальд ээлтэй хамгаалалт нэн тэргүүнд шаардлагатай байна. Усны эх ширгэх аюулд хүрээд байгааг зорин очигсод сануулан анхааруулсан самбар, пайз алхам тутамд тавьсан ч буруудахааргүй болжээ. Мөн байгалийн гайхамшигт тогтоц, өвөрмөц төрхөөрөө аялагч, сонирхогчдыг олон зуугаар нь өдрөөс өдөрт татах энэ газарт хог хаягдлын нэгдсэн цэг тун хэрэгтэй байна.
Нутгийн иргэд төдийгүй аялагч, зугаалагчид Мухартын гол, голын эхэнд хүрэхийн тулд багадаа гурван метр, түүнээс урт элсэн замыг явган туулдаг тул гартаа барьж явсан ус, ундааны сав, чихэр, печень тэргүүтэй идэж, хэрэглэсэн хүнснийхээ уут, баглаа боодлыг ил задгай шууд хаях нь энгийн үзэгдэл юм, тэнд.
Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа албан хаагч бүрийн хийх ёстой зам, чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээнүүд ч тэнд үгүйлэгдэнэ. Хот, хөдөөгөөс очсон газар мэдэх мэдэхгүй олон жолооч машин явах боломжгүй газраар зүтгүүлээд элсэнд хаа сайгүй “сууж”, зарим нь онхолдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг онцлоё. Эдгээрийг хийсэн болоод орхих биш, байнгын эргэж тойрдог, харж, хянадаг эзэнтэй болгоосой. Энэ нь аялагч, зугаалагчдыг хянаж, цагдах бус байгалийн онгон дагшин байдлыг хамгаалж, хадгалан үлдээх хамгийн том зорилго, үүрэг билээ.
Зөвхөн Мухартын голын тухайд гэхэд л Увс аймгийн Айраг нуурт цутгадаг, Монголын Бор хярын элсний хаяагаар урсдаг хоёр дахь их ус бол Хүннү буюу Хүнгий гол юм. Зүүнээс баруун зүг довтолгодог Хүнгий нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хилийн баруун дээсний элсэн манхан дороос эх авч Мухартын гол нэртэйгээр эхэлнэ.
Гурван км урсаад элсэн манхан доогуур буцаж шурган, баруунтаа таван км хол зайд элсэн дороос урсгал ус нь дахин гарч ирэх ба нутгийнхан үүнийг Шавартын гол гэж нэрлэнэ. Шавартын гол дөрвөн км урсаад мөн л элсэн манхан доогуур шургаж, ил үзэгдэхгүй болдог онцлогтой. Таван км-ийн дараа дахиад элсэн манхан дороос мэлтэлзэн гарч ирнэ. Нутгийнхан нь энэ голыг Нарийн гол гэж нэрлэдэг.
Нутаг дэвсгэрийн хувьд Завхан аймгийн Завханмандал суманд харьяалагдана. Нарийн гол нь дахиж элсэн манханд шургалгүй ил урссаар тус сумын төв Нуга суурингийн араар гарахдаа нэрээ албан ёсоор Хүнгий хэмээн сольж аваад цааш довтолгон Завханы Ургамал сумын нутгаар дайрч урсана. Адаг руугаа Увс аймгийн Завхан сумын нутгийн зүүн хаяанд очиж Айраг нуурт цутгадаг. 200 км урт Хүнгий гол нь элсэн манхан дороос гурван удаа эх авдгаараа, ийм хол урсдагаараа дэлхийд гайхагддаг билээ.
Тив дэлхийн олон газарт элсэн манхнаас эх авдаг гол мөрөн цөөнгүй. Харин ийм хол урсдагаараа Хүнгий голтой эн зэрэгцэх нь тун ховор гэгддэг. Зарим эрдэмтэн, судлаач энэ голыг Гиннесийн номд бүртгүүлэх ёстой гэж үздэг ч өдгөө олны хөлд ийн талхлагдаж байгаа нь харамсалтай.
Хөгжүүлж чадвал Монголын хаана ч байгалийн өвөрмөц тогтоц, гоо үзэсгэлэн, ховор нандин ургамал, дэлхийд ховордсон ан амьтад гээд үзэж, харж, биширч, аялж болох юм бүхэн бий. Гэвч одоогоор манай аялал жуулчлалын салбарт хөгжлийн тухай ярих дэндүү эрт байна.
Учир нь, хэчнээн сайхан байгаль, өвөрмөц тогтоц бүхий уул, ус, хад, ургамал, хангай, говь байгаад түүнийг хамгаалах, арчлах, эзэнжүүлэх, аялагчдыг тийш аюулгүй зорин очих нөхцөл боломж, адаглаад замын чиглэл заасан тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүйгээс эхлээд хогийн цэг, бие засах байгууламжгүй гэх мэт Байгаль орчин, аялал жуулчлалын бие даасан яамгүй мэт явж ирсэн яамтай улсад хийж, хэрэгжүүлэх ажил мөн ч их байна.
Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлын улмаас орон бүрт дотоодын жуулчид хаа сайгүй хэрэн хэсэж байгаа. Үүний адилаар манайхан ч явж, хүрч болох газар бүр рүү аялацгааж байна. Гэвч аялагчдын хөл хүрсэн газар бүрт хог хаягдал хэрээс хэтэрч, хаа сайгүй гялгар уут, хуванцар сав хийсч, хэвтэж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн байгаль орчны газрын удирдлагууд, ажилтнууд хэтэрхий үлбэгэр, хариуцсан ажлаа хийхгүй байгаа нь манай дотоодын аялал жуулчлалын өнөөгийн дүр төрхөөс тодорхой харагдана.
Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын зарим яамд байгуулах тухай” 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яамыг анх байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, 33 жилийн настай тус яамныхан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дорвитой, үнэн сэтгэлээсээ ажиллаж чадалгүй өнөөг хүрснийг хүмүүсийн мэддэг болоод он удаан жил өнгөрсөн байгалийн дурсгалт газрууддаа ядахдаа хог хаях цэг байгуулж чадаагүй яваагаар нь хэмжиж болно.
Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр гадна, дотноос хэдэн тэрбумаар нь хөрөнгө санхүү “босгож” хэрэгжүүлсэн олон арван төсөл, хөтөлбөрийн үр дүн орон нутагт, аялал жуулчлалын салбарт бус дарга нарын халаасанд “яваа”-гаар нь хэмжиж болно.
Энэ мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлэх, сэдэж, санаачлах, манлайлан үлгэрлэх ажил олон байгааг бид цувралаар хөндөн, сануулж, хамтран хэрэгжүүлсээр, байгаль дэлхийгээ, ус мөрөн, уул асгадаа хамгаалсаар байх болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|