A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
Энэ сард Монгол Улс хилийн чанад дахь 3460 иргэнээ татаж авна гэж өчигдөр болсон УОК-ын хуралдааны үеэр мэдэгдлээ. Хэдийгээр 6000 орчим хүн эх орондоо ирэх шалгуурт нийцэхгүй байгаа гэж байсан мэдэгдлийг бодвол сэтгэл тэнийм мэдээлэл мөн ч Монгол Улсын гэх хилийн гадна нэг ч иргэнээ битгий хаяач.
Дэлхий нийт үймж байна. Үүнийг ойлгож байна. Яагаад, ямар учраас вэ гэдэг нь ч тодорхой. Тэгвэл Монгол Улс үймж байна уу. Энэ асуултад “Үгүй” гэж хэлмээр байх юм. Яагаад вэ, гэж та асуух гэж байна уу. Монголчууд үймэх нь бүү хэл үхэл, амьдралыг зааглаж буй түгшүүрийн дохиог ч мэдрээгүй, амар тайван, ажин түжин амьдарцгааж байна. Хэрэв Монгол Улс дэлхийн олон орныг сөхрүүлж буй цар тахлын аюулд үймсэн бол өдгөө Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар болон тэдний шууд удирдлагын багийнхан гадаадад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаад байгаа элэг нэгтнүүдээсээ нүүр буруулахгүйгээр үл барам өнгөрөгч зургаан сарын хугацаанд элдэв шаардлага тавихгүй татаж аваад дуусах байв. Ийм боломж байсан, бидэнд. Гэвч өнгөрсөн хугацаанд тэднийг орон гэр, аав ээж, үр хүүхэд, эх орондоо ирэх гэснийх нь төлөө таван шаардлага гэх цаазын тавцанд зогсоочихсон юм.
Угтаа бол Гадаад харилцааны яам гэх Монгол Улсын иргэн нэг бүрийн гадаад харилцааг зохицуулж, хэлмэрчилж, шат гүүр болж, харийн улс гүрэнтэй харилцах хаалга үүд нь болж байх ёстой энэ газар таг чиг. Харин ч онцгой нөхцөл байдал, иргэдийн зовлон, зүдгүүрийг мөнгө олох хэрэгсэл болгоод, гадаад харилцаа, дотоод харилцаа хоёрыг бантан болтол зуураад сууцгааж байна.
Н.Энхтайван сайд аа, таныг дөнгөж ажлаа хүлээж авсан, Монгол Улсын гадаад харилцааны олон талт бодлого, төлөвлөгөөтэй танилцаж байгааг тань ойлгож байна. Гэхдээ та бол төрд шинэ хүн биш. Тэр тусмаа Гадаад харилцааны яаманд. Таны ажлын намтарт гадаад харилцаа, эдийн засаг, зөвлөхийн хэд хэдэн жилийн ажлын туршлага бичигдсэн нь бий. Энэ туршлагаа Н.Энхтайван гэж ганц хүний эрх ашиг, карьерийн төлөө биш, Монгол Улс, монгол хүн, Монголын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлээч. “Ковид-19” гээч аюулт тахал сураг төдий байхад УОК-оос нэн хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэнээ яаралтай татахаар болсон. Энэ нь, эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан), жирэмсэн, бага насны (14 хүртэлх настай) хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан (60-аас дээш настай) зэрэг болно.
Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш 14 мянга 371 иргэнээ авто замын болон агаарын замаар татан авсан байдаг. Одоогоор гадаадаас 12 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтийг УОК-ын Шуурхай штабт ирүүлсэн бөгөөд үүнээс 5497 нь дээрх таван шалгуурт нийцэхгүй байгааг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байлаа.
Энэ юу гэсэн үг вэ, Н.Энхтайван сайд аа. Монгол Улсын иргэн эх орон, элгэн садан, нутаг ус, аав ээж, үр хүүхэд, хань ижилдээ ирэхийн тулд ямар шаардлагад нийцэх ёстой вэ. Аргаа барсан, ажилгүй болсон, сурах сургууль, идэх хоолгүй, байрлах орон гэргүй 6000 орчим иргэн эх орныхоо зүг хараачилж, гараа сунгахыг нь хүлээж байгаа шүү дээ. Н.Энхтайван сайд аа, хүн алж, хүрээ талсан иргэнээ адгийн муу алуурчин байсан ч эх орон нь нүүр буруулж байсан түүхгүй. Хоёр улсын хэлэлцээр, элдэв гэрээ бичиг үзэглээд ялтан шилжүүлэх ажиллагаа зохион байгуулж, эх оронд нь ял эдлүүлдэг хүмүүнлэг тогтолцоо, хүн ёсны хууль үйлчилдэг. Гэтэл өнөөдрийн Монгол Улсын Гадаад харилцааны яамны ажилтан, эрх мэдэлтэн, сайд нь иргэдээ аюулын бүсэд “аврах хантааз” алга гээд сонсоогүй, хараагүй мэт орхиход бэлэн сууцгааж байгаа нь эмгэнэл. Харин олны хэлээс айв уу, үнэхээр ажил хэрэг болгох нь уу, 3000 гаруй хүнээ татахаар боллоо. Энэ мэтээр цаашид ч харьд яахаа мэдэхгүй гацсан монголчуудаа авна гэдэгт итгэж байна.
Иргэнийхээ эрх ашиг, амь нас, эрүүл мэндийг бодож ч амжаагүй байсан сайд маань энэ сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзах үеэрээ болчимгүй зүйл ярьж, хоёр дахь удаагаа гайхашруулав. Тэрбээр “БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүл” гэх өрөвдөлтэй хүсэлт тавив. Юунд итгэж, хэнд найдаж, ямар том шалтгаан нөхцөлийн улмаас ийм арга ядсан байдлаар урд хөршийнхөө хөлд суув аа. Ажил хийж, үндэстний хэмжээний том хөрөнгө оруулалтын ажил бүтээчихсэн мэт ихэд маадгар алхахыг тань хараад яг үнэндээ ой гутав. Өгөхөө бус авахаа урьтал болгодог арван лангийн үнэтэй Засгийн газрын гишүүнтэй ч байх гэж дээ.
Н.Энхтайван сайд аа, яг үнэндээ Монгол Улс хүнээ гаднаас авах хэрэгтэй болохоос шинэ тутам яригдаж хэзээ гарах нь тодорхойгүй вакцин авах ямар ч шаардлага байхгүй ээ. Элдэв эрх ашигтай, шахаа, наймаа хийх сиймхий эрж хайж суухаар иргэнээ эрүүл саруул дээр нь татаж авах боломжийг эрж олооч. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүн төрөлхтөн монгол хүний дархлааг сонирхож байгаагаас бус БНХАУ-ын вакцинд нүд унагасангүй ээ. Юутай ч таны ажлаа авсан даруйд хийж байгаа ажил, гаргаж буй шийдвэр монгол хүний төлөө, Монгол Улсын эрх ашгийн төлөө байж чадсан эсэхэд дүн тавихад эрт байгаа ч ажлаа эрмбэлээч гэдгийг тодотгоё.
Юуны өмнө гадаад дахь Элчин сайдуудтайгаа ойлголц. Элчингийнхээ үүдэнд алимны хайрцаг дэвсээд унтаж буй иргэндээ төрийн үйлчилгээг тэгш хүртээ. Гадаадад гацсан 6000 орчим иргэнээ шалгуур, шантаажгүй татаж авах арга хэмжээ зохион байгуул. Зардлаа халааснаасаа гаргаж байгаа иргэндээ эх орондоо амар тайван ирэхэд нь тусал. Юун шалгуур, нийцэл вэ. Монгол Улсын гадаад харилцааг ашиглан үр дүн, эцсийн хариу урвал нь тодорхойгүй вакцин авах гэж байгаа бол үг үйлдлээ эргэж харна уу, сайд аа. Үүнийгээ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нарын албаныхантай зөвлөлдөв үү.
Хэцүү цагт галын шугаманд яваа УОК-ынханд талархаад баршгүй. Гэвч Я.Содбаатар сайд аа, гадаадад гацсан иргэдээ авъя гэхээр тусгаарлах байр, орны хүрэлцээгүй гэх ядмагхан тайлбар хэлж, цахим орчинд хошуугаа унжуулдаг байдлаа болино уу. Нэг ч гэсэн монгол хүнийг аюулын голомтод үлдээчих вий хэмээн санаа зовних ёстой Шадар сайдтан та “Сүүлийн үед зарим оронд жагсаал цуглаан хийх, сошиалд шахалт, дарамт үзүүлэх, янз бүрийн зохион байгуулалттай, улс төрийн акц хийх хандлагууд мэр сэр гарч байна. Бид ямар нэгэн шахалт, дарамтаар ажлаа хийхгүй" хэмээн хошуугаа цорвойлгох эрхтэй хүн мөн үү. Таныг биднийг төрд төлөөлөөд өгөөч хэмээн илгээсэн иргэдийнхээ өөдөөс “Та нарын яах нь надад ер хамаагүй” гэх утга бүхий цэвдэг мэдэгдэл хийж байх зуурт гадны олон оронд элэг нэгтнүүд хоног өдрийг барж ядан, царай алдан, туйлдаж байна. Шадар сайд аа, ГХЯ-ны сайд аа, та бүхэн харьд байгаа элэг нэгтнээ голж, шилж болох ч аав ээж, үр хүүхэд, хань ижилдээ тэд эрхмийн дээд эрхэм хүмүүс нь юм аа.
Яагаад гэж үү, тэд бол монголын эдийн засгийг тэлэхэд өөрсдийн ажил хөдөлмөр, үр шимээ ар гэртээ зориулсан баатрууд юм. Худлаа гэвэл, Дэлхийн банкны судалгаагаар гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн 2019 онд эх орон руугаа илгээсэн мөнгөн дүнг гаргасан байгаатай танилц. 574.4 сая ам.долларыг нутаг руугаа шилжүүлжээ, тэд. Энэ нь өнгөрсөн оны ханшаар ойролцоогоор 1.6 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, тэд ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр гадаадад байгаа монголчууд Монгол Улсын эдийн засгийг тэтгэхээс гадна ахуй амьдралаа болгоод иржээ. Тэгэхээр Монгол Улсын ажиллах гол хүч болсон эрүүл саруул, өвчин зовлонгүй, боловсрол мэдлэгтэй залуусаа цар тахлын голомтод үлдэхийг санал болгодог сайдтан та бэрд юм уу. Хүн байтугай мал хүртэл уул усаа зорьдог юм аа, Н.Энхтайван сайд аа. Та бол Н.Энхтайван биш, Монгол Улс шүү. Зовж, өвдөж, гуйлга гуйж, хүн царайчилж, цангаж, морь шиг зүтгэж үзээгүй хүнд хөлс, нулимс хоёр гашуун байдгийг тайлбарлах даанч утгагүй юм даа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|