A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |
|
Ялалтын талбайн урд талын цэцэрлэгийн хуучивтар модон сандал дээр товлосон цагаа хүлээн суулаа. Хүүхэд байхаас л нэрийг нь сонсож, шүлэг бүтээлийг нь шимтэн уншиж ирсэн эрхэм найрагчийнхаа үргэлжлэл болсон охинтой уулзахаар сэтгэл догдлон суугаа минь энэ. Нар голлон тусах зүгээс өндөрдүү, монхор хамар, нимгэн шаргал арьстай, шоотой даавуун цамц өмсөж, үүргэвч үүрсэн эмэгтэй яаруухан алхсаар ирсэн нь хүлээсэн зочин минь байлаа.
Тэр бол Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын охин Мөнхтэмүүлэн юм. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж, 40 насыг элээгээд дөрвөн хавар өнгөрч буй эмэгтэйн хувьд хэчнээн залуу сэтгэлгээтэй, эрх чөлөөт бүсгүй болохыг нь гадна төрхөөс нь шууд мэдрэв. Энгийн хэрнээ оновчтой, хурц үгийн сонголт, өөрийнхөөрөө байдал нь эрхгүй “Аав нь ийм л хүн байсан болов уу” гэж санагдуулна.
-Аавтай тань уулзаж, ярилцаж байгаагүй ч тань шиг хүн байсан болов уу гэж бодогдлоо. Таны царай төрх, үйл хөдлөл Р.Чойном гуайг санагдуулам юм?
-“Аавтайгаа адилхан” гэдэг үгийг анх ээжээсээ сонсож байлаа. Ээж “Надаас авсан юм ер нь чамд алга. Аавтайгаа жигтэйхэн адилхан болох нь ээ” гэдэг байсан. Намайг багад бурхан болсон болохоор, аавынхаа дүр төрх, дуу хоолойг сайн санадаггүй.
Аавтайгаа авхуулсан зураг ч надад байдаггүй. Тэр үед чинь “эсэргүү” гэгдэж явсан хүний зургийг гэр орондоо байлгаж, хадгалах юм бол өөрсдөө асуудалд орж мэдэх хаалттай, хэцүү цаг байсан. Сая хүүгийн минь ажил явдлаар аавын минь талын хоёр хүн ирсэн. Миний аавтайгаа ижилхэнийг гайхаад л байв.
-Ер нь хэзээнээс Р.Чойномын охин гэдгээ мэдсэн бэ?
-Бага ангидаа байхдаа гадарладаг байсан. Намайг тав, зургаан настай байхад ээж минь цэргийн даргатай суусан юм. Хойд аав хааяа бухимдахаараа “Эсэргүүний хүүхэд” гэж ганц нэг үг унагана. Тийм болохоор би энэ аавынхаа хүүхэд биш юм байна гэдгээ ойлгосон.
Бас ээж надад нэрийг нь хэлэхгүй мөртлөө “Аав чинь их мундаг хүн байсан. Чи хичээлээ сайн хийх хэрэгтэй. Муу явах ёсгүй” гэж захидаг. Гэхдээ яг Р.Чойном гэж мэдэхгүй, ямартаа ч зохиолч хүний хүүхэд юм байна гэж боддог байсан. 1990 онд ардчилал гарч, аавыг цагаатгах үед л тодорхой мэддэг болсон доо.
-Тэр үеэс ааваараа овоглосон гэсэн үг үү. Нас барсан хойно нь хөөцөлдөж байгаа учраас төвөгтэй байсан болов уу?
-Тийм, VI ангийн охин байхдаа овгоо солиулсан. Өмнө нь албан ёсоор Туулын Мөнхтэмүүлэн гэж ээжээрээ овоглодог ч, хичээлийн дэвтэр, бас бус зүйлс дээр Батсүх гэж хойд ааваараа овоглодог байсан.
Ардчилал гарч, аавын ном зохиол хэвлэгдэн, Төрийн соёрхлоор нэхэн шагнасан юм. Тэр үед ээж намайг дагуулж очоод, овгийг минь солиулсан. Эцэг тогтооход цусны шинжилгээ авах ёстой ч аав бурхан болчихсон учраас тийм боломж байгаагүй. Тэгээд шүүх эмнэлгийн шинжээчид миний гавлын ясны зургийг авсан. Гавлын ясны бүтцээр хүүхэд нь мөн болох нь тогтоогдсон.
-Тэр олон жилийн дараа төрсөн ааваараа овоглох боллоо гэхэд ямар санагдаж байв. Мөн хойд аав нь энэ бүхнийг яаж хүлээж авсан бол?
-Ээж, хойд аав хоёр намайг II ангид байхад салсан юм. Ээжийн хадмууд “Эсэргүүний авгайтай суугаад, амьдрал ахуй, ажил алба нь дээшилсэнгүй. Цол ч ахихаа байлаа” гэх мэтээр ярьж, элдвээр хэлсээр байгаад салгачихсан. Овгоо солиуллаа гээд тийм ч баярлаж, хөөрөөгүй.
Нэгдүгээрт, юу болж байгааг ч сайн ойлгоогүй. Ээж дагуулж очоод л “Одоо овгоо солиулна. Эхлээд зураг авахуулах хэрэгтэй” гэсэн. Суугаад зургаа авхуулсан. Шүүх шинжилгээгээр батлагдсан тул овгоо солиулсан. Хоёрдугаарт, хүүхэд байсан болохоор амьдралын минь тийм чухал зүйл болж байгааг ч мэдээгүй.
-Хүүхэд болсон хойно аавыгаа сэтгэлдээ бодож, төсөөлдөг байсан байх. Хожим аавынх нь шүлэг бүтээл ил болж, аавыгаа мэддэг болоход сэтгэлдээ зурж явсан ааваас нь хэр зөрүүтэй байсан бэ?
-Надад миний төрсөн эцэг хэн юм бол, харах юмсан, очих юмсан гэдэг бодол төрж байгаагүй. Сүүлд ээж хойд ааваас салсны дараа, аав нь ийм хүн байсан гэж ярьж хэлэхэд надад тийм ч гоё санагдаагүй.
Гэнэт л өндөр хариуцлагатай болчихсон. Заримдаа яагаад би зүгээр нэг жолоочийн хүүхэд байж болоогүй юм бол. Гадаа хүүхдүүд тоглож байхад, би яагаад орос хэл уншаад сууж байх ёстой юм бол гэж бодогдоно.
Хүүхдийн л бодол юм даа. Р.Чойном гэдэг найрагчийн охин гэдгээ мэдээд нэг их цочирдоогүй. Яагаад гэвэл, ээжийн яриа, хандлагаас гадарладаг байсан учраас хэзээний дотно мэдрэмж төрсөн. Харин зарим хүн гэнэт саймшраад, налж унаад, илт бялдуучлаад байх нь хүнд санагдаж байсан.
-Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаж явсан цагийг эзэгнэсэн найрагчийг дурлуулсан гэхээр ээж тань залуудаа сайхан бүсгүй байсан бололтой. Ээжийнхээ тухай дурсвал?
-Мэдээж, би ээжийгээ сайхан эмэгтэй гэж хэлнэ. Ээж маань орос хэлний багш мэргэжилтэй. Цагаан царайтай, өндөр, гуалиг бүсгүй байсан. Аав, ээжээс 14 насаар ах. Тухайн үед шоронгоос суллагдаад удаагүй. Шүлэг зохиол нь хориотой учраас энд, тэнд нууцаар уншдаг байж.
Харин ээж Монгол Улсын их сургуулийн оюутан байсан. Нэг удаа оюутны үдэшлэг дээр аав шүлгээ уншиж таарч л дээ. Анх тэгж танилцсан юм билээ. Ээж маань шүлэг, уран зохиолд дуртай. Тийм болохоор аавд татагдсан болов уу гэж боддог. Өөрөө ч шүлгийг нүдэнд харагдтал маш сайхан уншдаг хүн байсан. Миний ээж 1998 онд бурхан болсон.
-Түүх сөхөж харвал, ээжийг тань албан ёсны эхнэр нь биш гэх мэтээр ярьж, бичиж байжээ. Энэ бүхэн таныг эмзэглүүлдэг байв уу?
-Аав ээжээс өмнө хоёр ч удаа гэр бүл зохиож байсан юм билээ. Эхлээд Лхагважав гэж эмэгтэйтэй сууж, Эрдэмном гэж охинтой болсон. Дараа нь Нина гэж эмэгтэйтэй ханилан, Хулан гэдэг охинтой болсон. Нина эгчээс салсны дараагаар улс төрийн эсэргүү гэгдэж шоронд орсон. Шоронгоос гараад, ядарч зүдэрч явахдаа ээжтэй учирч, бие биедээ хайр сэтгэлтэй болсон юм билээ. Харин ээжийн маань аав, ээж хоёр тэднийг зөвшөөрөөгүй. Учир нь, ээжийн аав, ээж нь Октябрийн хувьсгалын үеэр Оросоос дүрвэж ирсэн буриадууд байсан юм билээ. Ингэж дүрвэж ирсэн буриадууд маш их хэлмэгдсэн байдаг.
Мөн эмээгийн ах нь лам байгаад харласан, шүлэг зохиол бичдэг хүн байсан учир гэр орныг нь байнга нэгждэг, нэлээд ороо бусгаа цаг үе байсан болохоор өвөө эмээ минь охин нь бас ийм ээдрээтэй амьдрал туулж, зовлон амсахыг хүсээгүй биз.
Дээрээс нь аав ээжээс өчнөөн ах, гянданд дөрвөн жил хоригдохдоо “уушиггүй болчихсон”, нэлээд бие муутай байсан. Хэдий тийм ч ээж хайр сэтгэлийнхээ төлөө зүтгэсээр аавыг дагасан юм билээ. Хүмүүс энэ бүхнийг мэдэхгүй байж ээжийг элдвээр хэлж, зарим нь үнэн худал нь мэдэгдэхгүй захидал гаргаж ирдэгт маш их харамсдаг.
Иймэрхүү гүтгэлэг, мэдээллүүд ээжийг нас барсны дараанаас илүүтэй гарах болсон. Би тэр бүхнийг худлаа гэж боддог. Хэрвээ үнэхээр аавын зүгээс ээжийн тухай таагүй зүйл бичсэн захидал байсан бол “Эхнэр охин хоёр маань хувьсгалын эсэргүүтэй холбоотой гэж адлуулах вий” гэдгээс сэргийлсэн, ханийн ухаан, эцгийн хайр байсан байх учиртай.
Яагаад гэвэл, бичсэн захидал бүрийг нь замаас нь уншиж, шалгадаг, хэнтэй холбогдож, юу ярьж хэлж байгааг нь хянадаг байсан цаг үе шүү дээ.
-Р.Чойном гуай өөд болтлоо ээжтэй нь хамт байсан уу?
-Аав Хэнтий аймаг руу нутаг заагдсан. Би тэр үед өлгийтэй байсан гэдэг. Ээж минь өөрөө оюутан, дээрээс нь эцэг эх нь зөвшөөрөөгүй учраас хэцүүхэн байсан байх. Тэгээд намайг аавын ээж дээр үлдээе гэж шийдээд, аавын араас очсон гэсэн. Гэтэл аавын ээж “Би хүний хүүхдээр хүн хийж чадахгүй. Хөгшин хонины насгүй болсон” гээд халгаагаагүй. Өмнө нь Нина эгчээс гарсан Саран гэж охиныг өсгөж байтал эндчихсэн юм билээ. Тиймээс ахиад тийм зүйл давтагдах вий гэж зүрхшээсэн болов уу. Тэгээд ээж намайг аваад, гэртээ ирсэн байдаг. Харин аав тэндээ бие муу гэдэг шалтгаанаар хотод ирсэн. Үнэхээр ч бие нь тааруу байсан юм билээ. Дэмбэрэл зураачийнд байж байгаад өөд болсон доо.
-Ховор тавилангаар холбогдсон хүмүүс учраас аавынхаа бусад охидтой ойр дотно байдаг байх?
-Байнга уулзаж, учраад байдаггүй ч холбоотой. Аавын том охин буюу Эрдэмном гэж хүн бий. Эрдэмном эгчтэй сүүлд уулзаж танилцсан. Их царайлаг, давхраатай нүдтэй эмэгтэй байдаг. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч одоог хүртэл өөр овогтой. Магадгүй овгоо солиулах боломж тохиогоогүй байх. Хоёр дахь эхнэр буюу Нина эгчээс гарсан охиныг Хулан гэдэг. Тэр эгчтэйгээ арай олон удаа уулзсан, бас дотно. Хулан эгч бид хоёр царай төрхийн хувьд их адилхан санагддаг. Урьд нь намайг сурагч байхад Нина эгч, ээж хоёр холбоотой байсан юм билээ. Ээжүүд маань ухаантай хүмүүс байжээ гэж боддог.
-Таны аав өнөөгийн бидэнд билэг танхай яруу найрагч, эрх чөлөөний дуу хоолой хэмээн хүндлэгдэж, алдар цуу нь үеийн үед дуурсагдаж яваа сод хүмүүн. Харин таны хувьд?
-Авьяас билэг, амьдралынх нь тухай авч үзвэл, аав минь миний хувьд далай. Далай шиг аугаа. Тэр далайгаас нь амсахаар гашуун оргидоггүй. Уугаад л баймаар. Би тэр далайн дэргэд дусал төдий. Харин аав хүнийх нь тухайд гэвэл, ядахдаа гараас нь ганц чихэр авч үзсэн болоосой. Тэгээд түүнийгээ санаж, дурсаж явсан бол надад сайхан. Даанч би аавыгаа өөд болоход хэтэрхий жаахан байсан.
Аав 1979 оны дөрөвдүгээр сард бурхан болсон. Би 1976 оны арванхоёрдугаар сард төрсөн. Тийм учраас надад дуу хоолой, дүр төрхийнх нь тухай санах зүйл, аавын тухай дурсамж байдаггүй нь харамсалтай.
-Ээжид нь зориулж бичсэн шүлэг байдаг болов уу?
-Мэдээж байж л таараа. Яруу найрагч хүн дурласан бүсгүйдээ зориулж шүлэг бичихгүй байна гэж байхгүй. Ээжид төдийгүй надад зориулсан шүлэг ч байгаа гэж боддог. Гэхдээ олны хүртээл болоогүй ч байж магад. Эсвэл нэр оныг нь өөрчлөөд өөр хүний нэр дээр гарсан ч байж магад.
-Танд аавынх нь ном зохиолууд олон бий юү. Ямар шүлэг, зохиолд нь илүү дуртай вэ?
-Ээжид маань аавын гар бичмэл, шүлгүүд нь байсныг Хэнтий аймгийн Нармандах гэж хүнд хадгалуулж байгаад хожим Ш.Сүрэнжав гуай очиж аван “Сүмтэй будрын чулуу” нэртэй ном болгон хэвлэсэн гэсэн.
Би “Буриад” найраглал, “Азийн бардамнал”, ер нь бүгдэд нь дуртай. Яагаад ч юм надад ном тогтдоггүй. Нэгдүгээрт, би ном зардаг хүн. Хоёрдугаарт, би их онгироо л доо. Байгаа номоо хүмүүст бэлэглэчихнэ. Тэгээд л дуусчихна. “Өд” сангийн Ганболд ахтай уулзахаар хэдэн ном өгнө. Даанч удаан тогтохгүй.
-Та хэдэн жилийн өмнө шүлгийн номоо гаргаж байсан санагдана. Мэргэжлийн зохиолч уу?
-Би Утга зохиолын дээд сургуульд сурдаг байсан ч төгсөж чадаагүй. Тухайн үед хүү маань төрөөд, эрүүл мэндийн асуудалтай, асарч сувилах шаардлагатай учраас сургуулиа орхисон. Багаасаа л шүлэг оролддог байсан.Намайг тав, зургаан настай байхдаа толгой холбож ярьдаг хүүхэд байсан гэлцдэг юм.
2018 онд “Би бол чи” нэртэй ном гаргасан. Номын маань нэрийг аав зүүдэнд минь ирж шивнэсэн юм. Ямар нэр өгөхөө мэдэхгүй хэд хонож байтал, аав зүүдэнд ирж “Би гэдэг чинь чи юм шүү дээ охин минь” гэж хэлсэн.
Царай төрх нь тод харагдаагүй ч дуу хоолой, надад хандаж байгаа хандлага нь аав мөн байсан. Мөн энэ номон дээр аавдаа зориулж бичсэн шүлэг минь бий. Дахин хэвлүүлэх санаатай байгаа.
-Сайхан аавын охин байх хувь тохиол танд заяажээ. Гэвч энэ ээдрээтэй амьдрал дунд Р.Чойномын охин гэдэг нэр төвөг удсан нь бий л байх?
-Аавынхаа охин нь болж төрснөөсөө болж адлуулж явсан үе бий. Ээж маань намайг орос цэцэрлэгт оруулах гэтэл “Эсэргүүний хүүхэд” гээд аваагүй юм билээ. Тэрийг бодохоор охиныхоо ирээдүйн төлөө ээж минь ганцаараа мөн ч их шаналсан байх.
Бас ээжийг бурхан болсны дараа сонин хэвлэлээр янз бүрээр бичсэн. Тэр сониныг нь нулимсаа залгиад, зарж л явлаа. Миний ажил учраас надад өөр сонголт байгаагүй. Хэрвээ би жирийн нэг хүний хүүхэд байсан бол хэн ч ээж бид хоёрыг элдэв янзаар хэлэхгүй, сонин хэвлэлд гарахгүй байсан даа гэж бодогдсон.
Аавгүй явж явж арай гэж аавтай болсон чинь “Хүүхэд нь мөн, биш” гээд байхаар сэтгэл зүйн хувьд маш хэцүү. Тэгээд би “Их засаг Монголын хуулинд, эцгээрээ овоглолоо гэж цаазлахгүй нь лавтай” гэж шүлэг бичиж байлаа.
-Та шүлэг, зохиол бичдэг. Бас номын худалдаа эрхэлдэг гэхээр таны амьдрал номтой салшгүй холбоотой юм аа?
-Би багын л номонд дуртай охин байсан. Таван настайдаа уншиж сурсан. Горькийн нэрэмжит хүүхдийн номын сангийн байнгын уншигч, сургуулийнхаа номын сангийн бүх номыг дуусгасан номын хорхойтон байлаа. II ангид байхдаа л “Морь унасан толгойгүй хүн”, “Монтекристо гүн” зохиолыг уншиж байсан. Сүүлдээ ээж “Номын цагаан солио тусах нь” гээд номнуудыг маань нуудаг болчихсон. 2006 оноос номын худалдаа эрхэлж, одоо Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдарч байна.
-Та гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Гэр бүлийн маань хүн кабел шугам, сүлжээний техникч мэргэжилтэй, гүндүүгүй монгол эр бий. Бид ханилаад 22 жил болжээ. Гурван охин, нэг хүүтэй байсан ч хүүгээ золгүй тохиолдлоор алдчихаад, уй гашуу дундраагүй л сууж байна даа. Хүү маань хамгийн том нь. Том охин 15, дунд охин 11, бага нь таван настай.
-Уучлаарай. Энэ тухай ярих танд их хэцүү байх. Та бидэнд хүүгийнхээ тухай ярьж өгч болох уу. Шүлэг зохиол бичдэг авьяаслаг хүү байж?
-Хүүгээсээ хойш ухаан санаа орон гаран, барьсан тавьснаа мартаж, санан үймэрч байна даа. Ямар нэг юманд сатаарвал арай дээр. Хүүг маань Отгонбаатарын Энх-Амгалан гэдэг. Харамсалтай нь, өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр ангийнхаа найзтай хамт усанд эндчихлээ.
Миний хүү Монголын сурагчдын холбооны алтан медальтай, ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөж, “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар элссэн. Энэ жил төгсөх байсан юм. Хүүгийн минь тухай “Чойномын маргааш” нэвтрүүлэг бий. Одоо үзэхэд гол зурам. Би залуу нас, хүсэл мөрөөдлөө хүүгийнхээ төлөө зориулсан.
Манай хүн намайг “Чи хичээлдээ яв. Би хүүгээ харж байя” гэдэг ч би цүнхээ үүрч гараад, сургууль хүрчихээд буцаад нөгөө талаас нь автобусанд суугаад “Өнөөдөр хичээл орохгүй гэнэ ээ” гээд гэртээ оччихдог байлаа. Хүүгээ л санасных шүү дээ.
Хүү минь гуравхан настайдаа уншиж сурсан. Шүлэг, үргэлжилсэн үгээр бичдэг, хөгжим, beat зохиодог авьяаслаг хүү байлаа. Маш олон шүлэг бий. Ном болгож гаргах сан. Мөн маш эрэл хайгуулч хүүхэд.
Төө эндээс Америкт байгаа хүнтэй холбогдоод өөрийн зохиосон хөгжим, аяа үзүүлж, хамтран ажиллахаар тохирсон байсныг мэдлээ. Сая ажил явдлын үеэр америк багш нь холбогдож “Таны хүү үнэхээр онцгой хүүхэд. Домог болж үлдэх учиртай байсан юм. Beat-н дээр нь үг нэмээд америк репперээр дуулуулах боломжтой” гэж хэлсэн. 20-хон настай хүүгээ алдсан эхийн сэтгэл гэдэг үнэмшихэд хүртэл бэрх юм байна.
Одоо 49 хоног нь дуусаагүй байна даа. Өмнө нь хүүгээ тийм ч гоц гойд гэж боддоггүй байлаа. Одоо бодох нь ээ, хүмүүсийн хэлж ярьж байгааг сонсоход даанч хайран. Ер нь хүү маань чих нь дэлчийчихээд манай аавтай их адилхан. Энэ ташрамд, миний хүүгийн буяны ажилд гүн туслалцаа үзүүлж, бидний уй гунигийг хуваалцсан бүх хүнд маш их баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|