• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0

Өнгөрсөн баасан гарагт энэ жилийн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаанд халзан үрээ нь аман хүзүүдсэн Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын  адуун сүргийн унага тамгалах найр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт боллоо. Монголчуудын гээж үл болох өв соёлын нэг унага тамгалах ёсноос дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Шувуудын ганганаа, салхины сэвшээнээс өөр аниргүй тал нутагт алсаас морин төвөргөөн сонстох, тэртээд морьтой хүн давхиж үзэгдэх хэчнээн сайхан. Алсын уулс, тэнгэрийн хаяатай нийлж, номин цэнхэр өнгө сүлэлдэн, дээхнүүр нь сэмжин цагаан үүлс алгуурхан нүүдэллэх нь үзэмж төгс. Ийм нэг нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нутгийг Талын толгой гэдэг. Энд Тод манлай уяачийн малчин н.Гэндэнсүрэнгийнх намаржиж байна. Намрын тэргүүн сарын шинийн гуравны, Балжиннямтай билэгт сайн өдөр энэ хот айлд унага тамгалах найр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хурдан дааганы уралдаан давхцаж, буйдхан хөдөөг хүлгийн төвөргөөн, ардын дуу, ерөөл магтаалаар бялхаасан онцгой өдөр тохиов.

Малчны хотонд 07:00 цагт амьдрал ид өрнөнө. Бүсгүйчүүд аль хэдийн үнээгээ сааж, сүү саалиа базаан, үхэр сүргээ бэлчээрт гаргажээ. Гэрийн  баруун хойд талд байрлах шузга дээр арав гаруй хурдан хүлэг үүрсэн байна. Хоёр чихээ сортолзуулан, шинэхэн зассан суман дэлээ гайхуулах шиг толгой өргөн дүүхэлзэх хурдан хүлгүүд эрхгүй хараа булаана. Хамгийн наад захад хээр, халтар зэрэг бараан зүсмийн морьд уяж, цаашлах тусам хонгор, шарга, хул зэрэг цайвар 

Айлын бүсгүйчүүд найрын идээ бэлтгэн их гэр, банаг хоёрын хооронд тун ч завгүй холхино. Эрчүүд унага тамгалахад бэлтгэн адууны тамга, бугуйлаа базаан, зарим нь дааганы уралдааны гараа, барианы зурхай татна. Хөвгүүд  адуундаа мордсон бололтой аргамжааны морь, машин ард байсан эмээл тохом эзгүй байлаа. Малчны хот гэдэг хэзээ ямагт ажил ундарч байдаг даа. Монголчууд аливаа үйлийг хийхдээ сайн цагт эхлүүлдэг учиртай. Энэ уламжлалын дагуу морин цаг гэхэд сэвлэг үргээх найрын ширээ бэлэн болж, дааган насны морьд гарааны зурхай руу эргэлээ.

Гэрийн урд талд өнгө өнгийн будгаар цоохорлон хээлсэн шар өнгийн модон ширээ хоёрыг залгуулан тавьж, тавгийн идээ, шинэхэн хайлмаг, ааруул хурууд, айраг цагаа зэхжээ. Найрын ширээний хойморт тод манлай уяач Д.Хишигжаргал, түүний баруун гар талд н.Гэндэнсүрэн гуай суужээ. Мөн сэвлэг үргээх ёслолд түүхч,доктор Д.Эрдэнэбаатар МУГЖ, И.Одончимэг, СТА Н.Онон Т.Бархүү зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэнд айл хотлынхон ихэд бэлгэшээн, унаган сэвлэгээ үргээж буй хүүгээ “Мундаг хүмүүсийн ерөөл билгийг сонссон юм чинь эрдэмтэй хүн болох нь дамжиггүй” гэжөхөөрдөнө. 

Гэрийн эзэн н.Гэндэнсүрэн ач хүүгийнхээ хонгор шаргал сэвлэгт модон хайч хүргэн домнож, дараагаар нь хэсэг үс хайчлан хөндсөнөөр найр эхлэв. Жүжигчин Т.Бархүү “Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй сайн хүн болоорой” хэмээх ерөөл дэвшүүлж, ая дууны цэнхэр хадаг дэлгэлээ. Цээл сайхан хоолой нь аясын салхитай сүлэлдэх нь чихнээ чимэгтэй.

Энэ үед толгодын цаанаас тоос манарч, гийнгоон түрлэг цуурайтсаар айраг түрүү булаалдсан дааганууд айсуй. Есөн километрын зайд 20 орчим даага уралдсанаас Д.Хишигжаргалын буурал даага түрүү магнайд хурдалж, Дорнод аймгийн Булган сумаас зорин ирсэн залуу уяач Б.Наранбаатарын хул даага аман хүзүүдэв. Хэдий аймаг, сумын наадам биш ч хүүхэд бүр хамгаалалтын малгай, өвдгөвч өмссөн байсныг онцолмоор. 

Уралдаан зохион байгуулсан хүний даага түрүүлсэн тул аман хүзүүний даагыг түрүү магнайд цоллож, айргийн зургаад хурдалсан даагыг шагнасан нь наадамчдын сэтгэлд нийцэв бололтой. Түүнчлэн хүүхэд бүрт бэлэг өгсөнд хацар нь сайртаж, зуны наранд борлосон уралдаанч хөвгүүд баярлаж буй гэж жигтэйхэн. Хэдхэн мөчийн өмнө бие биентэйгээ өрсөлдөн, хоолойн чадлаар гийнгоо хашхирч, унасан хүлгээ ташуурдан, хүлгийн зоон дээр дэрвэлзэж явснаа умартан атга чихрээ хуваалцах нь цагаахан. Өглөөхөн нам гүм байсан хөндийд хорь гаруй машин, мотоцикл цугларч, найрын дуу цуурайтан овоо тахилгын наадмыг санагдуулам хөл хөдөлгөөнтэй болж орхив.

Хот айлаас саахалтын зайд орших адууны хашаанд унага тамгалах ёсон мөн л сайн цагт багтаж эхлэв. Малын тарга тэвээрэг гүйцсэн намрын сард гүүгээ тавихтай зэрэгцүүлэн унагаа тамгалж, эдэлгээнд сургах, эзэнтэй хүлэг болсныг батлан энэхүү ёсыг үйлддэг билээ. Хамгийн түрүүнд энэ жилийн ууган төл болох  шарга унагыг тамгаллаа. 

Унага тамгална гэдэг ихээхэн ёс жаягтай үйл ажээ. Юунд түрүүнд унагыг бугуйлдан, газарт хэвтүүлж, дөрвөн хөлийг нь хадгаар уяв. Үүний дараа зөв талын хондлойн хэсгийн үсийг хусаж, арьсыг нь бэлдсэний дараа толгойд нь хадаг уясан адууны тамгаа ихэд хянамгай, хөдөлгөөнгүй хоёр минут орчим дарлаа. Нялх малын нимгэн арьсан дээр арвай тамга дурайн үлдэх нь тэр. Цагийн аясаар юм бүхэн хувьсан байдгийн адилаар унага тамгалах ёс ч бас өөрчлөгджээ. Хуучин цагт адууны тамгаа галд улайсган, халуун төмрөөр тамгалдаг байсан бол өдгөө азотын хий ашиглан тамгаа хөлдөөж, үсийг нь хуссан нимгэн арьсан дээр тамгална. Ингэснээр хөлдсөн хэсгийн үс цагаанаар ургадаг аж. Үнэхээр ч нас бие гүйцсэн морьдын хондлой дээр өнөөх тамга цайран харагдана.

Бугуйл шидэх тоолонд хашаатай адуу нэгэн зүгт хуйлран янцгааж, хүлгийн туурайгаар өтөг бууцны шар тоос манарна. Энэ чимээнд эх орны минь тэнгэр цэлмэж, хамар цоргиосон бууцны үнэрт сэтгэл сэргэдэг болов уу гэлтэй тоосонд даруулаад зогсоод л баймаар. Эмнэг хүлгийг нэг хөлөөрөө этэн эвлэгхэн хавтгайлдуулах идэр залуухан адуучны ур чадвар, эд хав гэдэг хачин бахдалтай. Мөн бугуйлын сурнаас зугатаан, хуйлран давхисан ч  хашаан дотор наадан тоглох  үрс, унага тамгалж буй эрсийн алийг нь ч үл дайрах нь адуу гэдэг хэчнээн ухаантай амьтан болохыг гэрчлэх шиг. Тийм ч болохоор Монголчууд төрийнхөө сүлдэнд залж, үгийн сайхнаар магтан дуулдаг биз ээ.

Унага тамгалах найранд хот, хөдөөнөөс ирсэн залуус ханцуй шамлан ажиллаж, хашааны тал бүрт амсхийх завгүй тонголзоно. Тэдний дундаас хамгийн хайр хүрмээр нь уралдаанч хүүхдүүд. Арав орчим насны хөвгүүд эвлэгхэн бугуйл шиднэ. Унага бугуйланд ормогц нь бусад нь гүйн ирж, хүч хавсран тогтоон, хамтдаа ноцолдсоор унагааж дөнгөнө. Тэд хэд хэд шидсэний эцэст сартай хүрэн унагыг бугуйлдлаа. Энэ үед бас нэг нь хадаг барьсаар гүйн ирж, хөлийг нь тушив. 

Унаганы эх  хар хээр гүү үрээ тамгалж дуустал дэргэд нь зогсож, толгой духыг нь үнэрлэн тайвшруулах мэт аяглах нь хүмүүний сэтгэлийг эрхгүй хөдөлгөм. Тамгалж дууссаны дараа хөлийнх тушааг авмагц сартай хүрэн год хийн босож, эхийгээ даган хашааны хоймор зүгт давхилаа. Төд удалгүй мээмээ хөхөн, сүүлээ годгонуулан зогсох нялх хүүхэд мэт. Их багагүй ийн ажилласаар 100 орчим унага тамгаллаа.  

Нар буухтай уралдан их ажлын ард гарсан залуус бугуйлаа  мөрлөн, эмээл дээрээ хазгайдуухан сууж ардын дуу аялсаар гэрийн зүг хөдлөлөө. Адуучин залуусын исгэрээнд талын шувууд уярч, саальчин бүсгүй гэгэлзмээр тийм гэгэлгэн намрын орой. Тал нутагт нар жаргах сонин бөгөөд сайхан юм. Дугариг улаан наран өнхөрсөөр намхан толгодын альхан хэсэгт  нуугдаа бол гэлтэй далд орчихно. Энэ мөчид тэнгэрийн хаяа дулаан шаргал өнгөөр төөнүүлэн байх нь ирэх өдөр амгалан, угтах ирээдүй гэгээн сайхан, унаган хүлэг хурдан, ажил үйлс, галын дөл шиг бадран байхыг бэлгэдэх мэт.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ