• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    65   |  
0
 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд үүрэгт ажилдаа томилогдоод, даруй хоёр сар болов. Мэдээж аливаа ажлын ноён нуруу, чиг шугамыг тодорхойлох сайдад салбартайгаа танилцах хугацаа өгөх ёстой ч энэ Засгийн газрын сайдууд эл бүрэн эрхт хугацаагаа давуулах нь ээ. Намар, өвлийн ажил эхэлж, нийслэлийнхэн өнөтэй өвөлжих үү, зуух яндангаа ярьсаар зутруухан хүйтний эхэнтэй золгох уу гэдэгт хариулах цаг айсуй. Гэтэл манай сайдууд өнөөдрийг болтол таг чимээгүй.

Дуутай тэнгэр хургүй гэж үг бий. Дуулиан шуугиантайхан алдраа цоллуулж, Ерөнхий сайдын танхим бүрдлээ хэмээн сүржин, даржин пи-ар хийж, шинэ хүмүүсээс шинэ л юм хүлээх хэрэгтэй гэх үзэл санааны туг болж “мандсан” тэдний гараас дорвитой ажил гарахгүй байсаар өнөөдрийг хүрэв ээ. 

Угтаа бол бүгд очсон очсон яамдадаа багаа бүрдүүлж, нөхцөлөө яриад, зөвлөхөө тодруулж, суух өрөөндөө төвхнөөд амжчихсан. Гэтэл улс орны нөхцөл байдал нэг л ундуй сундуй, таг чиг, чимээ аниргүй...

Сонгуулийн сурталчилгаатай хорь гаруй хоногийн уур амьсгал одоо ч зүрхэнд булгилаад, хариу үйлдэл нэхсэн мэдрэмж байсгээд л сэтгэл дүүргээд байна. Юу гээч, сонгуулийн өдрүүдэд МАН-ыг л багаар нь дэмжчихвэл гоё гоё боломж яригдаж, эдийн засаг эрчээ авч, үйлдвэржиж, корона зохиомжит үлгэр ч юм шиг сонсогдоод, иргэд бид энэ улсын капитал гэж хөөрмөөр болоод, УИХ, Засгийн газраас халамж, өглөг хоёр хоногт дөрвөн удаа урсаад л байх юм шиг санагдаж билээ.

Гэтэл сонгууль ч дууслаа, сонголтоо ч бид хийлээ. Хайлсан, халуун сэтгэл гэдэг ямагт задгай л байдгаас хойш янз бүрийн хөшүүн, хойрго нөхцөл байдал нүд, сэтгэлд тогтохоо болсон юм аа. Ингээд сонгууль ч дууслаа, сонголтын зарчмаар бүхэн өндөрлөлөө. Сонгуулийн маргаашнаас эхлээд, яагаад ч юм ялагдсан, ялсан хоёрын баяр, харуусал давхцаад, цагийн байдлыг тандах боломж ер гараагүй ээ. Энэхэн хугацаанаас тоолбол, өдгөө сонгуулийн баяр, хөөр сэтгэлийн мухраас хэдийн арилж, “Одоо тэгээд яг юу хийх юм бол” гэсэн хүлээлт үүсээд байна.

Ганц иргэд гэлтгүй цар тахлын нөлөөгөөр навс уначихаад байгаа Монголын эдийн засгийн орчин, нийгмийн сэтгэл зүй, ажлын байрны талбар, аж ахуйн нэгжүүдийн чадамж, адил тэгшийн харьцаа алдагдсан бизнес, улс төр, эрх мэдлийн боломж зэрэгт яах аргагүй зангидсан бодлого, зангарагтай нуруу, алсын хараа, ойрын менежмент хэрэгтэй байна.

Гэтэл унаж байгаа эдийн засгаа өсгөх, зогсонги байгаа нүүрсний экспортоо хөдөлгөх, мал аж ахуй, газар тариалангаа орчин үеийн услах, хөрвүүлэх, дэвшилтэд арга технологитой хослуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зам харилцаа, дэд бүтцийн шинэ шинэ урсгал руу хөрөнгө оруулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад харилцаагаа шинэ төвшинтэй нийцүүлэх зэргээр салбар бүрд хэрэгтэй шинэ ажил ер өрнөхгүй болчихлоо.

Хэтэрхий сонирхолгүй, хуучин сэдвүүдээ л хүзүү шиг эргүүлээд мөлжөөд байгаа нь нийгэмд шинийг бий болгохгүй ээ. Тэгэхээр дан ганц Монгол Улс коронавирусийн нөлөөгөөр өгөөжтэй гэсэн салбар бүрээ хумиагүй ээ. Дэлхий нийтээрээ сөхөрч байна. Гэхдээ улс орны бодлого чиглэл, хүн, нийгмийн харилцаа шинэ тутам өөрчлөгдөж байгаа энэ үед Монголын улс төрийн хүчнүүд ч мөн менежментийн болоод, бодлогын өөрчлөлт хийж, дэлхийтэй харилцах Монгол Улс гэх “цонх”-той болмоор байна. Тэр цонхоор махаа үнэд хүргэе, малаа стратегийн чухал баялаг болгоё. Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг тогтооё. Монголын боловсролыг, монгол хэл, соёлыг дархлаажуулъя.

Тэр цонхоор, үүх түүхээ тодруулж, аялал жуулчлал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх гол шалтгаан нөхцөл болгоё. Тэр цонхоор Монголын амар амгалан хөдөөг диваажингийн үүд, хаалга болгоё. Тэр цонхоор Монголын хөрснөөс ургасан үндэстэй бүхнийг үнэд хүргээд, авах, таслах, хураах, тарих нь өндөр үнэлгээтэйг ойлгуулъя. Тэр цонхоор Монголын хууль, шүүх шударга гэдгийг, төр төмөр нударгатайг харуулъя. Тэр цонхоор монгол хүн Монголын баялаг гэдгийг тунхаглая. Ингэж чадвал бид цар тахлын үед тийм амар сөхрөхгүй, Монголыг зорих хөрөнгийн урсгал, аялагчдын сонирхлыг татсаар байна.

Монгол Улс түүхэндээ шинэчлэлийн, шийдлийн, хамтарсан гээд гоё гоё уриа, нэршилтэй Засгийн газар байгуулж, түүнээ унагаж ирсэн. Тэгвэл энэ удаад мэргэжлийн Засгийн газар бүтцээ тодорхой болгочихоод, сайдуудаа томилчихоод байгаа. Тэгэхээр энэ удаагийн 14 яам, 17 сайдаас хүлээх ажил, бүтээх баялаг ихийг нэхмээр байна.

Тэгэхгүй их савны ёроолд юм байж л таараа гэсэн хандлагаар салбар бүрдээ хандаж, мөнхийн албан тушаал биш учир сайдын суудалд тухалсан цагаа ашиглаад, өөрийн хөрөнгөө зузаатгая, хувийн улс төр хийе, эрх ашиг, эзэн суугаа бүхнээ ашиглая гэсэн өвөр зуурын хоноцын сэтгэхүйгээр хандвал, төрийн сайдын гэх эрхэм хувь заяа, нэр алдар сэвтэнэ. Тиймээс сайдууд өөрсдийн толгойгоор салбараа удирдах боломж олдсон энэхэн хувь ерөөлөө бататгаж, хэлбэрийн бус агуулгын чанартай ажил хийж, бодлого ярья.

Түүнээс өнөөх л Уул уурхайн сайд нь нүүрсний ганцхан шугам ярьж, урд хөршийнхөө гарыг харсан мэдэгдэл хийдэг байж боломгүй. Шатахууны цөөн хэдэн компаниудын атганд орж, үнэ хөөсрүүлээд, эдийн засгийн орчныг савлуулдаг байж таарахгүй. 

Мөн Боловсролын сайд нь сурах бичгийн будилаантай тендер зохион байгуулж, Кембридж гэх ганцхан системийг “бурханчлан” тахидаггүй байгаасай. Хөдөө аж ахуйн сайд нь үнэд оруулж ч чаддаггүй, үйлдвэрлэлийн шатанд боловсруулж ч чаддаггүй малын түүхий эдийг газраар нэг хог болгоод, өмхийрүүлчихээд, ноос, ноолуур хоёроор эдийн засгийг эрчимжүүлнэ гэж бүлт үсэрч, “тэвэг” тоглодог байж болохгүй.

Олон жил хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар гэрээсээ гарч чаддаггүй, түрийгээ эргэтэл тулгаа тойрсон чавганц шиг явлаа. Одоо арай өөр менежмент, бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Угтаа бол хөдөө аж ахуй, Байгаль орчны салбар өдгөө Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар гэгдэх ёстой байлаа. Гэтэл төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд толгойд нь суусан сайдууд саад мэт хөшүүн, хойрго хандсанаас өнөөдрийн яамд “дампуурсан”. 

Яамдыг төрийн мөнгөний урсгалыг эргэлдүүлж байдаг гол судас гэж үзвэл тэнд лугшилт үгүй болсон. Харьяалах салбар бүхэндээ зарцуулалт, хуваарилалт хийх чадамжгүй болсон. Чиглэлийн газар, хэлтэс, компани, аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээ рүү очих ёстой хувь яамдын санд очоод гацдаг, элдэв дарга нарын халаас руу дамждаг, бохир мөнгө болж угаагддаг болсон.

Нарийн яривал, ломбард, ББСБ болж хэлбэр, зарцуулалтаа өөрчилдөг болсон. Үр дүнд нь авлига, танил талын эрх ашиг нийгэмд цэцэглэсэн. 

Тэгэхээр аливаа булхай, бугшаа, идээ бээр нийгэмд цаашаа харсан хатиг мэт томорч, хөндүүрлэж байгаа бол салбарын яамныхан ажлаа хийхгүй болсонтой энэ бүхэн шууд холбоотой юм аа. Тэгэхээр ирэх дөрвөн жилд мэргэжлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэрхэн ажиллах, юу бүтээх, ямар далайцтай, үр өгөөжтэй ажил хийх нь өнөөдрийн сайдуудаас бүрэн хамаарах учиртай. Тэгэхээр У.Хүрэлсүхийн гэх овогтой 17 сайд, 14 яамдаас ямар гээчийн гоё санаа гарч, гайхам ажил өрнөхийг таашгүй. Юутай ч Монгол Улсын иргэний хувиар хэлье. Сайд та саад байхгүйн төлөө ухаанаа тодруулах цаг үе, нөхцөл байдал тулгарлаа. Мэргэжлийн сайдуудаас мэргэжлийн удирдамж хүлээе дээ.

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ