• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    131   |  
0
 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Калыбек Ибрагимович Кобландины наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Түүний хувьд улсаа төлөөлж манай улсад зургаан жил Элчин сайдын албыг хашсан бөгөөд тун удахгүй энэхүү нэр хүндтэй албаа дуусгавар болгох юм.  

-Та наадмаар хэрхэн баярлах гэж байна вэ? 
-Үндэсний их баяр наадмыг бид зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Мэдээж хамгийн түрүүнд уламжлалт ёсоор төрийн ёслолын арга хэмжээнүүдэд оролцоно. Өнөөдрийн хувьд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо. Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэн орж Наадмын нээлтэнд оролцоно. Дараа нь Хүй долоон худаг хурдан морины уралдаан үзнэ. Аль болохоор уригдсан бүхий л арга хэмжээнд чадах чинээгээрээ оролцохыг хичээх болно. Монгол Наадмыг албаны байдлаар, мөн монгол найзуудын хамтаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол найзуудынхаараа зочилно. 

-Наадмын юу нь сайхан санагддаг вэ? 
-Энэ баяр Монголын ард түмний хувьд үндэсний хэмжээний маш том баяр. Монгол улсын XIX, XX зуунд тусгаар тогтнолоо тунхаглан зарласны баяр наадам. Нөгөөтэйгүүр Үндэсний их баяр наадмыг Монголын бүх ард түмний ирээдүйнхээ төлөөх итгэл найдварт урам зориг хайрладаг, гэр бүл, төрөл садандаа эрүүл энхийг ерөөдөг баярын өдөр гэж ойлгодог.  

-Та дээлтэй юу. Наадмаар Монгол үндэсний хувцас өмсөх үү? 
-Баяр наадмаар монгол хүн бүр үндэсний хувцас дээлээрээ гоёдог. Анзаараад байхад бусад орны төлөөлөл өөр өөрсдийн үндэсний хувцасаараа гоёдог нь харагдсан. Би ч гэсэн үндэснийхээ дээлээрээ гоёж зарим хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцдог. Надад дээл байдаггүй юм байна. Монгол найзууд маань өгнө гэж амласан л байгаа. Амлалтаа биелүүлэх байхаа.  

-Танай оронд монголчуудын Үндэсний их баяр наадамтай төстэй ямар баяр байдаг вэ? 
-Казахстанчууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 16-нд Улс тунхагласны баяраа үндэсний хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.  

МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭХ МӨЧ ОЙРХОН БАЙНА 

 
 

-Дипломат харилцааны хувьд хоёр орны хооронд ирэх жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна? 
-Элчин сайдын хувьд хоёр улсын дипломат хамтын ажиллагаанд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Хамгийн сүүлийн ажлаас дурдвал өнгөрөгч зургаадугаар сарын 3-наас эхэлсэн “Нур-Султан-Улаанбаатар” чиглэлийн шууд нислэг, хоёр улс хоорондын эдийн засгийн комиссын ажил хэрэгжиж эхэллээ. Мөн түүнчлэн бизнес форум, уулзалтууд явагдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт ч олон талт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Ирэх жилүүдэд ч эдгээр хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Миний хувьд энэ жил зургаа дахь жилдээ улсаа төлөөлж Элчин сайдаар сууж байгаа билээ. Монголын ард түмэнд баяртай гэж хэлэх, дипломат ажлаа дуусгавар болгох мөч тун ойрхон байна. Бага зэрэг гунигтай байна гэх үү дээ. Хаана ч явсан Монгол орон миний зүрх сэтгэлд үргэлж хадгалаастай байх болно. 

-Та Монгол наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? 
-Монгол Улс олон улсын тавцанд өөрийн гэсэн үүрэг рольтой, нүүдэлчин ард түмний нэг хэсэг өөрийн гэсэн өвөрмөц соёл, зан заншилтай орон. Монголын нийт ард түмэнд Үндэсний их баяр наадмын халуун мэндийг хүргэе. Үндэсний их баяр наадам та бүхэнд эв нэгдэл, баяр баясал, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг авчирах болтугай. Монгол улс улам их цэцэглэн хөгжиг! 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!  

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ