• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    125   |  
0
 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клеческийн наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Түүний хувьд үүрэгт ажлаа аваад удаагүй бөгөөд энэ жил анх удаагаа Наадам тэмдэглэнэ. 

-Та наадмаар хэрхэн баярлах гэж байна вэ? 
-Элчин сайдаар томилогдож ирэхийн өмнө Монгол улсын баялаг түүх, ёс уламжлалын талаар олон ном уншсан учраас Наадам үзэхийг үнэхээр хүсэж байлаа. Тиймээс энэ жил анх удаагаа Монголд Наадам тэмдэглэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Баярын албан ёсны үйл ажиллагаануудад оролцож, урлаг соёлын тоглолт болон эрийн гурван наадмыг үзэхээр төлөвлөсөн. Наадмын хуушуур, айргийг ч заавал амтлах болно. 

-Наадмын талаар ямар төсөөлөлтэй байгаа вэ? 
-Наадам бол Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн баяр гэдгийг анх мэдээд Монголчуудын урт удаан, баялаг түүх уламжлалыг биширсэн. Орчин үеийн монголчууд энэ сайхан уламжлалаа хадгалж, цааш үргэлжлүүлж яваа нь бахархууштай сайн хэрэг. Манай Элчин сайдын яамны хамт олон үндэсний баяраа тэмдэглэж, гэр бүлийнхэнтэйгээ цагаа сайхан өнгөрөөж байгаад би баяртай байна. 

-Та дээл хийлгэж амжсан уу. Наадмаар Монгол үндэсний хувцас өмсөх үү? 
-Эхнэр бид хоёрт дээл бий, заавал өмсөнө. Монголд ирсэн анхны өдрөө Нарантуул зах дээр өнгөрөөсөн юм. Олон өнгө загварын, чанартай материалтай, сонголт ихтэй дээл байсан нь надад үнэхээр таалагдсан. 

НАРАНТУУЛ ЗАХ ДЭЭР ОЛОН СОНГОЛТТОЙ ДЭЭЛ БАЙСАН НЬ ҮНЭХЭЭР ТААЛАГДСАН 

 
 

-Танай оронд монголчуудын Үндэсний их баяр наадамтай төстэй ямар баяр байдаг вэ? 
-Америкчууд бидэнд “Тусгаар тогтнолын өдөр” гэж бий. Наадамтай адил долдугаар сард болдог бөгөөд Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсан долдугаар сарын 4-ний өдөр тэмдэглэдэг. Хэдхэн хоногийн өмнө бид Улаанбаатарт байдаг Монгол дахь түнш, найзуудтайгаа Тусгаар тогтнолоо тунхагласны ойгоо тэмдэглэлээ. Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, бидний баярыг хуваалцсан. Бид энэ баяраараа мах шарж, салхинд гарч, салют буудуулдаг.  

-Дипломат харилцааны хувьд хоёр орны хооронд ирэх жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна? 
-Энэ жил бид Монгол Улсын Засгийн газартай хамтран “Америк-Монголын Залуучуудын Жил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Бүтэн жилийн туршид бид хоёр орны шилдэг залуусыг боловсрол, соёл, бизнес, иргэний нийгмийн оролцоогоор дамжуулан нэгтгэхээр сургалт хөтөлбөрүүдэд хамруулж, хамтын ажиллагааг дэмжих юм. Бид Америк улсаас хип хоп хамтлаг, цахим худалдаа болон инновацийн мэргэжилтэн урьж, хөтөлбөрт хамрагдаж байсан төгсөгчдийн томоохон уулзалт зэрэг олон зүйлийг төлөвлөөд байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүгд манай фэйсбүүк хуудсаар зочлон биднийг дагаарай. 

-Та Монгол наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? 
-Намайг болон миний гэр бүлийг халуун дотно хүлээж авсан Монголын нийт ард иргэдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, сайхан наадахыг хүсэн ерөөе! Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гурав дахь хөрш гэдэгтээ бахархалтай байдаг бөгөөд АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол дахь нийт Америкчуудыг төлөөлөн наадмын энэ сайхан уур амьсгалыг та бүгдтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ