• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    109   |  
0
 

Ярилцлагынхаа энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэтэй "Удирдагч" сэдвээр ярилцсанаа хүргэж байна.  

“ТА УДИРДАГЧ МӨН ҮҮ?”

"Ер нь хэт гоёчлоод өөрөөсөө өөр дүрд хувирсан хүмүүс богино хугацаанд амжилтанд хүрэх боловч түүх бүтээх нөлөөлөгч байдаггүй л дээ" 

-“Leader”... Энэ үгийг орчин цагт онцолж, залуус манлайлалд тэмүүлж, нөгөө талаас хэн нэгний тодотгол болсоор иржээ. Таныхаар лидер гэж хэн бэ?

-Байгаагаараа л байдаг хүнийг хэлэх байх. Ер нь хэт гоёчлоод өөрөөсөө өөр дүрд хувирсан хүмүүс богино хугацаанд амжилтанд хүрэх боловч, түүх бүтээх нөлөөлөгч байдаггүй л дээ. 

Аливаа зүйл хэлбэр, агуулгын хоёр талтай. Агуулгыг цаг хугацаа, ирээдүй шүүдэг. Хэлбэр бол өнөөдөртэй шууд холбоотой. Тийм учраас дэлхийд ч, Монголд ч агуулгын, жинхэнэ мөн чанараараа орших удирдагч олон байгаасай гэж хүсдэг. Ер нь хэт гоёчлоод өөрөөсөө өөр дүрд хувирсан хүмүүс богино хугацаанд амжилтанд хүрэх боловч, түүх бүтээх нөлөөлөгч байдаггүй.

Миний хувьд аливаа удирдагчаас илүү систем, тогтолцоо, нийгмийн соёлд итгэдэг. Энэ хүчин зүйлс ирээдүйн шилдэг лидерүүд төрүүлэх агуулгын хөрс нь юм. Тэгэхээр хэн ч солигдсон бай өөрийн гэсэн хэм хэмжээтэй, өөрийн гэсэн дэг жаяг, хууль дүрэмтэй нийгэм бүрдэж байж улс орон урагшлан хөгжинө. 

Монголын нөхцөлд хувь хүнээс хамаарал багатай, илүү жам ёсны сайн засаглал бүрдээсэй гэж боддог. Түүнээс бус бид цагаан морьтой ханхүү ирээд бүгдийг аврах юм шиг ойлгох нь эндүүрэл. Урагшилсан, уруудсан улс орнуудын түүх өөрөө үүнийг нотолдог шүү дээ.

-Монголд удирдагч байна уу. Өмнө нь хэн байсан бэ?

-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас 1961 оны 10 сарын 27 нд НҮБ-д төрийн далбаа мандаж, тусгаар тогтнолоо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх хүртэл харамсалтайгаар амиа алдсан 70 гаруй удирдагчид бий.

Энэ бодит түүхийг бид эргэж харах зайлшгүй шаардлагатай. Энэ хүмүүсийн дийлэнх нь Эзэнт гүрний бутарсан туурийг эргэн сэргээхийн төлөө байсан нь харагддаг. Тэгэхээр удирдагчдын алсын хараа, улс төрийн байр суурийг тухайн цаг үе нь ойлгохгүй байх ч тохиолдол бий. 

Өнөөдөр жинхэнэ удирдагч байна үгүй гэж шууд хэлэхэд амаргүй. Магадгүй одоогоос 20-30 жилийн дараа энэ цаг үе бодитоор шүүгдэх биз ээ. Цаг хугацаа хожим нь юуны төлөө, юуны эсрэг байсныг шүүнэ. Өчигдрийн хувьд Анандын Амар сайдаас эхлээд ойлгон хүндэтгэх олон хүн бий. Ардчилсан тогтолцооны удирдагчид одоо үнэлэгдэж эхэлнэ. Тэр цаг ч ирж байгаа нь мэдрэгдэж байна.

Удирдагчдын алсын хараа, улс төрийн байр суурийг тухайн цаг үе нь ойлгохгүй байх ч тохиолдол бий

- Таны хувьд олон улсад үлгэр жишээ, урам зориг авдаг лидер гэвэл хэнийг нэрлэх вэ?

- Би дээр хэлсэн дээ. Удирдагчид үндсэндээ улс төрийн байр суурь, гүйцэтгэл ба эс үйлдэл, үлдээсэн өв, ёсзүй гээд олон шалгуураар үнэлэгддэг. Хамгийн чухал нь улс төрийн байр суурь байдаг болов уу гэж боддог. 

Өнөөдөр нэг юм яриад, маргааш өөр юм яриад явдаг улс төрчид гэж өөрийгөө бодсон нөхдүүд адаглаад Нельсон Манделагийн намтрыг нь уншмаар байгаа юм.

Энэ утгаар нь харвал Нельсон Мандела яалтачгүй ялгардаг. Үзэл баримтлалдаа үнэнч байснаасаа болж 27 жил шоронд сууна гэдэг бодит амьдралд тийм ч амар биш.  Өнөөдөр нэг юм яриад, маргааш өөр юм яриад явдаг улс төрчид гэж өөрийгөө бодсон нөхдүүд адаглаад намтрыг нь уншмаар л байгаа юм.

Яагаад та улс төрд орсон юм бэ? Гэхэд шууд хариулах хэдэн хүн байгаа бол чи үзээрэй. Хэн нэгнийг шүүмжлэх утгаараа биш ирээдүй одооноос дэвшилттэй байгаасай гэдэг утгаар ярьж байгаа шүү зөвөөр ойлгоорой.

- Та удирдагч мөн үү. Өөртөө ямар дүн тавих вэ?

- Надад мөрөөдөл, дэмжсэн бас эсэргүүцсэн байр суурь бий. Мэдээж энэ бүхнээ биелүүлэхийн төлөө хичээх болно. 

- Та өөрийнхөө бусдыг дагуулдаг арга барил нууцаасаа хуваалцахгүй юу?

- Миний хувьд дараах зарчмыг баримталдаг. Лидер гурван зүйлийг хийх ёстой. 

1.Direct vision. Юу хүсэж байгаа,  багаараа юу хийлгэх зэрэг нь маш тодорхой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл алсын хараа ямар байх, хаа хүрэх, зорилго чиглэлээ ойлгомжтой болгох нь чухал. Бусдад өөрийгөө тэдний нэг гэдгийг байнга мэдрүүлэх нь чухал. 

Ямар ч эрсдэл хийсэн удирдагч минь хамт байна гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй. 

2. Сlear task. Хүмүүст маш тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч, тэр цагтаа эргээд хянаж, нягтал. 

3. Full protection. Хамгаалалт. Ямар ч эрсдэл хийсэн удирдагч минь хамт байна гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй. 

Ер нь улс төр, бизнес, ер нь бүхий л салбарынхан удирдлагын хувьд энэ гурван зүйл дээр л ихэвчлэн алдаа гаргадаг.

 

"УДИРДАГЧ ХҮНД ӨНДӨР БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ ЮУ?"

Боловсрол бол хүн болж төлөвших тухай л ойлголт гэж ойлгодог. 
Ур чадвар чухал ч түүнээс илүү зан чанарын шалгуур эхэнд тавигдана

-Залуучууд манлайлах, өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой ч хэт хэлбэрддэг болсон талаар хүмүүс шүүмжилдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Залуучууд идэвхтэй байх нь зөв шүү дээ. Залуу нас чинь өөрөө эрч хүч. Тэгэхээр алсын хараатай, амбицтай байх нь буруу биш. Хичээвэл хэн ч юунд ч хүрч чаддаг нийгмийг ардчилсан нийгэм гэж томъёолдог шүү дээ.

Манай улсын хувьд одоо 70 орчим хувь нь хүүхэд залуучуудын цонх үе тохиож байгааг зөвөөр ашиглах хэрэгтэй. 20 орчим жилийн дараа бид 5 саяулаа болно. Тэр үед дунд нас, ахмад давамгайлсан нийгэм бүрэлдэн тогтно. Тэгэхээр залуучуудын эрч хүч үнэртсэн улс бүхэнд тэр бүр тохиохгүй цонх үеийг шүүмжлэлгүй ашиглах нь зүйтэй л дээ. 

Урт хугацааны төлөвлөлт хийх ажлын хэсгийн хүрээнд саяхан “Gen-Z” үеийнхэнтэй уулзсан. 1997-2012 онд төрсөн хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Надад ирээдүйдээ улам итгэх итгэл үнэмшил төрсөн. Шинэ үеэ шүүмжлэхээс илүү, итгэж, хүлээн зөвшөөрч дэмжих хэрэгтэй гэж бодсон.

-Удирдагч хүнд заавал өндөр боловсрол, мэдлэг шаардлагагүй, харин зохион байгуулах, мэдрэмжтэй байх, амбицтай байх хэрэгтэй гэдэг. Боловсролыг хэрхэн ойлгодог вэ. Удирдагч хүнд боловсрол хэр чухал вэ. Нийгэм сургууль төгсөөгүй хүн олныг манлайлах тохиолдол бишгүйдээ л ажиглагддаг?

-Боловсрол бол хүн болж төлөвших тухай л ойлголт гэж ойлгодог. Ур чадвар чухал ч түүнээс илүү зан чанарын шалгуур эхэнд тавигдана. 

Мэдээж хослож байж сайн манлайллын тухай асуудал яригдна. Сайн боловсрол бол хүн амьдралаа өөрчлөх боломж. Тиймээс бид боловсролын асуудлыг чухалчилж байж, бидний тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулагдана. 

Эдийн засаг талаас нь тайлбарлавал дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 70 хувиас дээш байна гэсэн үг.

-Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдийг шилдгээр уралдуулж, эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь шагнал урамшуулалд дуртай хүн болгон өсгөж байна гэдэг. Үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Эцэг эхчүүдийн зөв шүү дээ. Тэд хүүхдээ сайн яваасай гэж хүсч байгаа. Сургуулийн өмнөх насанд тухайн хүний суурь үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзэл бүрэлддэг. Хүүхдийг урамшуулах нь юу нь буруу гэж.

Ер нь тэгээд хүн гэдэг чинь нэрэлхээд л байдаг болохоос биш бүгд л тоогдож, амьд гэдгээ мэдрэх дуртай амьтан шүү дээ чаавас. Олуулаа авхуулсан зурагнаас эхлээд өөрийгөө, дараа нь таалагддаг нэгнээ, тэгээд дургуй хүнээ хардаг гэдгийг судлаачид баталчихсан шүү дээ. (инээв) 

Хуучин нийгэмд байсан “Алтангадас” одонг хүн бүхэн шүүмжилдэг ч одоо хүртэл өөрчилж чадаагүй нь үүнтэй л холбоотой. Шүүмжилдэг ч бид сонгож байгуулдаг тусгаар төртэй улс шүү.

 

"МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛ... ХААНААС?"

Хүний хөгжил төрөхөөс л эхэлнэ

- Хувь хүний хөгжил юунаас эхэлдэг вэ?

- Хүний хөгжил төрөхөөс л эхэлнэ. Төрөхөөс эхлээд л гоо зүйн тухай ойлголтыг мэдэрч эхлэдэг. Ээж, аав, сүү, тэврэлт, бүүвэйн дуу, хайр. Гоо зүйг хэрхэн ойлгохоос тухайн хүний мөн чанар “identity” хамаарна. Энэ нь эх орон, нүүдэлчин ахуй, эх түүхээ хэрхэн ойлгох тухай иргэний асуудал болно. 

Ер нь хүн бол 10 жилийн долоо, наймдугаар ангидаа ерөнхий төлөвшлөө олчихсон байдаг. Тиймээс өөр өөр хөтөлбөртэй олон сургуулийн бас анхаарах л ёстой. Хүний хөгжлийн хувьд иймэрхүү ойлголттой явдаг. Бидний хувьд Монгол хүн болж төлөвшихийг давхар бодолцох ёстой.

- Хөх хотод маш олон үндэсний музей байгуулагдсан бөгөөд бага ангийн болоод цэцэрлэгийн хүүхдүүдийг олноор нь үзүүлэх бодлого баримталдаг талаар сонсож байсан. Уг музейг үзсэн багачууд “Би хятад хүн юм байна” гэх үзлийг яс махандаа шингээгээд гардаг талаар нэгэн түүхч ярьсан. Гэтэл бидэнд өнөөдөр бага насны хүүхдэд үзүүлэх, “Би Монгол хүн юм байна” гэж бодох, үзэл бодолд нь нэвчих хэчнээн музей байна вэ. Ер нь үндэсний сэтгэлгээг яаж бий болгох ёстой юм?

- Ерөнхийдөө санал нэг байгаа. Энэ бол үндэсний мөн чанар гэж яригдаад байдаг зүйл. 

Юу вэ гэхээр өнгөрсөн, одоо, ирээдүйн огтлолцол. Өнгөрсөн гэхээр мэдээж бид нарын өнөөх түүх. Энийг бид маш нарийн ойлгох ёстой. Түүхээ ойлгохгүй бол ойрд төөрсөн сармагчин гэдэг. Яагаад тийм үг гарсан бэ гэхээр түүхээ ойлгоогүй хүн ирээдүйг зөв харж чадахгүй гэсэн үг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван огтлолцол бол үндэсний мөн чанар буюу “national identity” гэх ойлголт. 

Нэг үгээр бид хамтын засаглалтай, хамтын дүгнэлттэй, хамтын төсөөлөлтэй болохыг л хэлээд байгаа юм. Бидэнд дүгнэлт хийх цаг ирчихээд байгаад би их баяртай байгаа. Жишээ нь, одоогоос арван хэдэн жилийн өмнө өнгөрсөн цаг үеийн нийгмийн тухай ойлголт их өөр байлаа. Гэтэл одоо бид тэр цаг үеэ буцаагаад шүүж байна. 

Бид хэт хаагдмал системээс хэт нээгдмэл системд шилжсэн. Одоо өнгөрсөн 27 жилээ монголчууд тэр чигт нь дүгнэж байна. Энэ бол сайн зүйл гэж миний хувьд бодож байгаа. 

Энэ огтлолцол дундаас л тухайн хүн, ирээдүйн иргэн гэдэг энэ солиболцлын ерөнхий төсөөлөл гарч ирнэ. Түүнээс биш өнөөдөр шууд тийм, үгүй гээд хэлчхээр худлаа ярьсан болчихно.

- Сүүлийн үед хүүхэд залуусыг Монголоо алдсан гэж шүүмжлэх болсон. Нэг талаасаа хэтэрхий их глобалчлагдаад харийг шүтэж байна гэдэг. Монголоо гэх сэтгэлийг бий болгохын тулд бид яах ёстой вэ?

- Эх түүх, эх хэл, нүүдлийн соёл иргэншил. Энэ гурван зүйлд бидний бүх зүйл бий. Оньсого таавар, тооно тушаа уянаас эхлээд зүйр үг, уртын дуу, морин хуур гээд... Энгийн ч гэсэн энэ гурван зүйлд Монгол хүн байх тулгын гурван чулуу агуулагдсан байгаа.

 

“УЙТГАРТАЙ” СЭДЭВ БУЮУ БИДНИЙ БОЛОВСРОЛ

Бид чадна гэх итгэлээ хурцлах ёстой

-Залуус гэснээс боловсролын талаар багахан яриа өрнүүлье л дээ. Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг. Энэ нь өндөр хувь ч бид өөрсдийн боловсрол, боловсролын системдээ үргэлж шүүмжлэлтэй ханддаг?

-Боловсролын хувьд мэдээж олон улсын түвшинд бусад оронтой өрсөлдөх чадвар ямар байгаагаар л дүгнэнэ. Жишээ нь манайх бичиг үсгийн хувьд тун өндөр үзүүлэлттэй. Энэ бол бидний давуу тал. 

Их дээд сургууль яагаад өндөр үнэлэгддэггүй вэ гэхээр манайх дэлхийд нөлөөлөх монгол боловсролын тойрог бага байна гэсэн үг. Дэлхийд өндөрт жагсдаг сургуулиуд бүх салбарт боловсон хүчний нэгдсэн системтэй учраас олон улсад нөлөөллийн тойрог нь өргөн. Их дээд сургууль яагаад өндөр үнэлэгддэггүй вэ гэхээр манайх дэлхийд нөлөөлөх монгол боловсролын тойрог бага байна гэсэн үг. 

Үүний хүрээг томсгож, боловсролын нөлөөллийг сайжруулъя гэвэл том хэмжээний реформыг хийхээс өөр гарцгүй. Юун түрүүнд бид хамгийн багадаа азидаа өрсөлдөх ёстой. Олон зүйлийг тогтолцооных нь хувьд дахин харах шаардлагатай болно.

-Бусад улс орон ДНБ-ийхээ 4-6 хувийг сургалтын материаллаг баазаа бэхжүүлдэг бол бид сургууль, цэцэрлэгийн барилга, багш нарын цалин зэрэгт зарцуулдаг. Энэ нь боловсролын салбар хөгжихгүй байгаа нэг шалтгаан байж болох уу?

-Манай улсын төсөв сая л анх удаа 10 их наяд болж байна шүү дээ. Тэгэхээр энийг бид дэлхийд тэргүүлэх эдийн засагтай шууд харьцуулах амар биш л дээ. Харин бид яаж сургалтын чанараа илүү байлгах тал дээр төвлөрч байгаа нөөц боломжуудаа ашиглаад явах ёстой. Ер нь манай эдийн засаг чинь хүмүүс л сүртэй

ярьдаг болохоос нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт алт, гуравдугаарт төмрийн хүдэр, дөрөвдүгээрт зэс гээд дөрөвхөн зүйлээс л нийт экспортын орлого бүрдэж байгаа. 

Энэ дөрөв чинь дэлхийн зах зээл дээр амжилт олохоо боливол Монгол улс маш хүнд байдалд орно. Тиймээс л Баялгийн сан байгуулж, эдийн засгийн тэргүүлэх салбарууд гаргахаас өөр гарцгүй. Харамсалтай нь бид ийм сэдвээр нэг их ярьдаггүй л дээ. Сэдэв нь уйтгартай болохоор. 

Миний хувьд УИХ гишүүн болсноосоо хойш анх удаа л дэлгэрэнгүй маягийн ярилцлага өгч байна гэх үү дээ. Тэр нь улс төр, өнөө маргаашийн хов жив ярихгүй гэж амласан учраас тэр. Яагаад надад ярих сонирхол төрдөггүй вэ гэвэл асуултууд өнөө маргаашийн үйл явдлын араас л хөөцөлддөг. Тэгэхээр ярилцлага биш тодруулга хийгээд явахад л хангалттай байсан гэх юм уу.

-15-16 настнуудын 80 хувь нь ЕБС-аа төгсөөд "БОЛЖ ӨГВӨЛ ГАДААД ЯВНА" гэдэг сонголтыг хийжээ. Эндээс хүүхэд залуус өөрийн улсын сургууль, боловсролд итгэлгүй болсныг илтгэж байна уу?

-Саяхан 3x3 сагсны тэмцээн болж, манай залуус Монгол улсын хөгжилд том хувь нэмэр орууллаа. Яагаад хөгжилд хувь нэмэр оруулсан гэж хэлж байна гэхээр өнгөрсөн хугацаанд Монголчууд чадахгүй гэдэг ойлголтыг хаанаас ч юм суулгачихаж. Геополитикийн том тоглолт байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Сумын сургууль төгсөөд Харвардад суралцах боломж бүх хүүхдэд нээгдээсэй гэж боддог

Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт гаргахгүй гэдэг ойлголттой байв. Гэтэл тэр залуус энэ ойлголтыг эвдээд өгчихлөө. Чадна гэдэг ойлголтыг төрүүлсэн анхны Олимпийн аваргын дараа юу болсныг эргээд боддоо. Магадгүй тэр ойлголт

өнөөдөр нефтийн үйлдвэр өөрсдөө барьж яагаад болохгүй гэж гэх төрийн шийдэл уруу хөтөлсөн ч байж болох талтай. 

Тиймээс бид чадна гэх итгэлээ хурцлах ёстой. Энэ итгэл нь үндэстний ухамсар, мөн чанарыг сэргээнэ. Энэ нь тэр залуус эх орондоо өөрийн байр суурьтай ажиллах итгэл үнэмшлийн суурь болно. Энэ бүхэн дахиад л эх үндэс нь боловсролын тогтолцоотой холбогдно.

-Та Харвард төгссөн. Залуус тийшээ очиж суралцах сонирхолтой болсон. Та тэндээс юуг олж авав. Залуус гадагшаа явж сурах зайлшгүй шаардлагатай юу. Таны бодол?

-Харвардын их сургууль бол мэдээж оюун санааны том ертөнц л дөө. Миний хувьд харьцуулалт байсан. Сонгох хичээл, уулзах профессор бараг л тодорхой байсан гэж ойлгож болно. Дэлхийн 120 орчим орны оюутнуудтай уулзах бас л сонин мэдрэмж.

Сумын сургууль төгсөөд Харвардад суралцах боломж бүх хүүхдэд нээгдээсэй гэж боддог. Хот хөдөөгийн боловсролын ялгаа бага байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.Гэхдээ барууны боловсрол бүх зүйл гэж сохроор итгэж болохгүй. Барууны систем бидний үндэсний онцлоготой тохирох тохирохгүй зүйлс олон бий.

-Харвардад сурахын өмнө, сурсны дараа оюун санаанд ямар өөрчлөлт бий болов?

Мөн чанарын хувьд би хэвээрээ л байгаа. Үзэл бодол, үзэн ядалт дундуур мөн чанараа алдахгүйгээр урагшлах болно.

-Ярилцсанд баярлалаа

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ