A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 121 | |
|
Энэ удаагийн зочноор Варшавын эдийн засгийн их сургуулийн магистр, Дэлхийн банкны "Экспортыг дэмжих төсөл"-ийн зөвлөх асан, “Дөрвөн Өлзий” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг урилаа. Түүнийг санхүүгийн боловсрол түгээх "Дөлгөөний блог”-ийн нийтлэлч, аялагч гэдгээр нь уншигч та таних биз ээ. Энэ удаад “Бид яагаад санхүүгийн мэдлэг ойлголттой байх ёстой, үр ашигтай хөрөнгө оруулалт гэж юуг хэлэх, хүүхдээ хэрхэн санхүүгийн сахилга баттай болгон төлөвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Санхүүгийн мэдлэгтэй хүн гэж таныхаар хэнийг хэлэх вэ?
-Мөнгөний тухай ухагдахууныг ойлгодог, түүнийг яаж зарцуулж, удирдахыг мэддэг хүнийг хэлнэ.
-Бид яагаад санхүүгийн ойлголттой байх хэрэгтэй вэ?
-Хүн цаг үргэлж мөнгөтэй харьцаж, санхүүгийн харилцаанд орж байдаг учраас өдөр тутмын шийдвэрийг гаргахад санхүүгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Энэ нь хувь хүн болоод улс орны шийдвэр гаргахад нөлөөлөх боломжтой.
-Хувь хүний шийдвэр, санхүүгийн мэдлэг улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Шууд нөлөөлөөд үр дүнд хүрэхгүй ч “Domino effect” буюу “Даалууны эффект” гэж бий. Хэрэв тухай хүн санхүүгийн мэдлэгээ зөвөөр ашиглаж чаддаг бол эргэн тойрны хүмүүст дам байдлаар нөлөөлж, санхүүгийн мэдлэгтэй, зөв тогтолцоотой нийгэм бүрдсэнээр эдийн засагт эерэгээр нөлөөлөх бүрэн боломжтой.
-Иргэд нь эдийн засгийн мэдлэггүй байх нь улс оронд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Сөрөг нөлөө маш их. Улсыг хэдэн триллион төгрөг эргэлдүүлдэг компанитай жишье. Ажилчид энэ компани яаж мөнгө олж байгааг, ямар төсвийн хүрээнд юунд мөнгө зарцуулж байгааг мэдэхгүй бол доголдол үүснэ. Үүнээс мөнгө хувьдаа завшдаг, авилгал авдаг гэхчлэн маш олон жишээг ярьж болно. Бүх шийдвэр улсын төсөвтэй холбоотой.
Хэрэв иргэд санхүүгийн мэдлэггүй байвал төрийн шийдвэрийн зөв, бурууг мэдэхгүй учраас шаардлага, хяналт тавьж чадахгүй. Үүнээс үүдэн өөрсдөд нь санхүүгийн хүндрэл учирч эхэлнэ шүү дээ.
-Гадны жишигт томчууд хүүхдүүддээ багаас нь санхүүгийн мэдлэг хэрхэн олгодог вэ?
-Би европт долоон жил амьдарсан. Тэд хүүхдүүдийнхээ нас насанд нь тохируулж санхүүгийн сахилга бат олгодгийг анзаарсан. Жишээ нь хоёр, гурван настай хүүхдэдээ усаа байнга хааж байхыг заадаг. Нэгэн сонирхолтой жишээ хуваалцъя. Монгол эцэг эхчүүд хүүхдүүддээ 20 мянга, 10 мянган төгрөг гээд бүхэл мөнгө өгдөг.
Маш энгийн мөртлөө чухал ялгаа нь европчууд хүүхдэдээ дан задгай мөнгө өгнө. Яагаад гэвэл хүүхэд олон тоотой зүйлд дуртай. Олон ширхэг дэвсгэрт байгаа учраас заримыг нь хадгалах боломж олгодог.
Хүүхэд бүхэл мөнгөөр худалдан авалт хийхдээ бүр мөсөн үрэх магадлал өндөр. Тухайлбал 20 ширхэг мянгатын дэвсгэрийн 5-ыг нь үрэхэд мөнгө нь хорогдож буй мэдрэмж төрдөг юм байна л даа. Энэ бол маш энгийн мөртлөө гүнзгий агуулгатай арга. Европт төдийгүй бусад орны жишигт ч задгай, зоосон мөнгийг хүүхдүүддээ өгдөг.
Хүүхэд бага мөнгөн дэвсгэртийг зөв зарцуулж сурснаар том дэвсгэрттэй зөв харьцаж чадна гэж үздэг. Тэгэхээр хүүхдэдээ анхнаас нь задгай мөнгө өгөх нь шат шатаар мөнгөтэй зөв харьцахын үндэс болно.
Энэ жишээг би бас охин дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг.
-Таныхаар Монгол залуусын санхүүгийн мэдлэг ямар түвшинд байна вэ?
-Манай улс эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийгмийн хөгжлийн хүрээнд ч хөгжил рүү чиглэж байна гэж боддог. Эерэг хөдөлгөөн нэгэнт гарчихсан учраас инерцээрээ урагшлах боломжтой. Үүнтэй уялдаад залуусын сонирхол олширч байна. Гэхдээ мэдлэг хэр хэмжээнд дээшилж байгааг мэдэхгүй. Гэхдээ сонирхол дээшилж байна гэдэг, түүнийг судлах магадлал ихэснэ гэсэн үг. Харин манай өмнөх үеийн хүмүүс санхүүгийн мэдлэг бага зэрэг дутуу байсан. Энэ нь маш олон зүйл дээр, наад зах нь сонгуулийн үеэр ажиглагддаг.
-Таны бодлоор залуусын юун түрүүнд өөртөө хийх хөрөнгө оруулалт юу вэ?
-Би өөрөө ч залуу хүн. Миний баримталдаг нэг зарчим бол 25 хүртлээ сурч, ур чадвараа хөгжүүлэхэд цаг хугацаа, санхүүгийн бүх нөөц бололцоогоо өөртөө зарцуулах юм. Залуучууд их мөнгө олмоор байна, старт ап эхлүүлнэ гэж ярьдаг. Мэдээж мөнгөтэй болж өндөр албан тушаалд хүрэх бүрэн боломжтой. Гэхдээ нэн түрүүнд өөрийгөө хөгжүүлж, аль болох олон хүмүүстэй уулзаж, танилцаж ментортой болох хэрэгтэй. Маш олон зүйлийг хийж, туршиж үзсэний дараа хүн бэлэн болсон байдаг. Тэдгээр хүмүүсийн алдаанаас суралцах хэрэгтэй. Би ажлын гараагаа яг 25-тайдаа эхэлж байв.
-Алдагдсан боломжийн өртгийг та юу гэж тайлбарлах вэ?
-Бид маш олон сонголтуудын дунд амьдардаг. Жишээ нь кофе шопт ороод американо эсвэл латте авах сонголт байлаа гэж бодъё. Би американог сонговол Латте нь алдагдсан боломж юм. Энэ мэтчилэн өдөр тутмын энгийн шийдвэрээс эхлээд санхүүгийн бүх шийдвэр алдагдсан боломжийн өртөгтэй байдаг. Аль ч шийдвэрийг гаргасан чамд ямар нэгэн зүйл алдагдах учраас, авч байгаа зүйлсийн үнэ цэнэ алдаж байгаагаас их байх ёстой. Тэгэхээр санхүүгийн хүрээнд аль сонголтыг хийвэл алдагдсан боломжийн өртөг хамгийн бага байхыг үргэлж харьцуулж, өртгийг бага байлгах хэрэгтэй. Үүнийг авбал надад санхүүгийн хувьд ямар давуу тал бий болох вэ, авахгүй бол юуг алдаж байна гэдгийг бодож шийдвэр гаргаарай.
-Бизнес эхлүүлэхээр зэхэж буй залууст юуг захих вэ?
-Мөнгө бол хаа сайгүй байдаг, мөнгийг олох аргыг олж болно. Хамгийн гол нь түүнийгээ зөв зарцуулах нь чухал. Үүн дээр олон залуучууд алддаг. Би ч мөн адил зөндөө алдаж байсан. Одоо ч гэсэн сурах гэж яваа.
Зарцуулалтыг сайн хийж чадахгүй бол хэчнээн их мөнгө олоод ч нэмэргүй. Уранхай халаасанд мөнгөө хийхтэй зүйрлэж болно.
Тэгэхээр ямар ч старт ап та эхлүүлсэн зарцуулалт дээрээ анхаарах хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой дараах гурван төрлийн зүйлийг баримтлах хэрэгтэй гэж би боддог.
Нэгт: Өөрт чинь мөнгө авч ирэх чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Чи өөрөө чадвартай л бол мөнгө олон зам хязгааргүй. Хоёрт: Санхүүгийн маш өндөр зарчим, дэгтэй байх. Үргэлж төсөв баталж, санхүүгийн төлөвлөгөө гаргаж, мөнгөн урсгалыг нь чанд хянаж байх хэрэгтэй. Иймд санхүүгийн тооцооллыг нарийн гаргаж, зарцуулалтаа хянаж сурснаар мөнгө чинь эргээд үүнээс ч их үр ашгийг авчирна. Гурав дахь зөв зүйлд, ухаалгаар хөрөнгө оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэж ойлгон үр ашиггүй олон зүйл худалдаж авч түүгээрээ алдагдалд орж болохгүй.
Старт ап эхлүүлж буй залууст хэлэхэд бие биендээ итгэж, нэг зорилготой гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Оюутан байхдаа маш их зүйлийг хийж туршиж байж юунд дуртай үгүйгээ мэднэ.
-Залуусын хувьд алсыг харсан хөрөнгө оруулалт хийх, хадгалах тал дээр яарч ашиг харах тал бий?
-Ялангуяа бизнес эхлүүлэхэд мөнгө тийм ч хурдан эргэлдэхгүй. Тиймээс бизнес эхлүүлэхэд хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрч, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтыг хоёр жилийн дотор нөхнө гэдэг бол маш өндөр маржинтай бүтээгдэхүүн гэсэн үг. Мөн манайхан маш муу төлөвлөдөг. Бизнес эхлүүлэх гэж байгаа бол төлөвлөгөөг маш сайн хийх хэрэгтэй. Санхүүгийн төлөвлөлт, төсөв, зарцуулалт, орлого, прогнозын төлөвлөгөөг маш нарийн гаргах хэрэгтэй. Энэ бүгдийг хийсний дараа дарамт арай багасна. Ямар ч мэргэжилтэй байхаас үл хамааран, санхүүгийн мэдлэгийг маш сайн эзэмших хэрэгтэй. Дор хаяж л компанийнхаа тайланг уншдаг байх хэрэгтэй. Тайлангаа уншиж чадахгүй бол мөнгө зарцуулах нь хүндрэлтэй. Тэгэхээр санхүүгийн тодорхой хэмжээний, тодорхой гэдэг нь нэлээн дээгүүр хэмжээний мэдлэгтэй байж бизнес эрхэлнэ. Харин хувийн санхүүгийн хувьд мөнгө гэх ухагдахууныг ойлгох, хаанаас олох, яаж зарцуулж, хэрхэн хадгалах зэрэг хоорондын уялдаа холбоог мэддэг болсны үндсэнд хувь хүн санхүүгийн сахилга баттай боллоо гэж хэлж болно.
-Тэгвэл санхүүгийн анхан шатны мэдлэгтэй байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
-Бизнесийн хэмжээнд ярих юм бол нэгт мэргэжлийн сургалтанд суух хэрэгтэй, тайлан тооцоо уншдаг болох хэрэгтэй. Хоёрт, үнэхээр их хүсэж, сурах ёстойгоо ухамсарлах шаардлагатай. Дараагийн зүйл бол бараг бүх хүн л хэлдэг сурах боломж хязгааргүй. Linkedin, Edex, Courserа зэрэг маш олон үнэгүй онлайн сургалтууд бий. Үүн дээр MIT, Stanford, Harvard зэрэг дэлхийн томоохон их сургуулиудын яг тухайн үед зааж байгаа хичээлүүдийг онлайнаар үнэгүй авах боломж бүрдчихсэн. Мэдээж эдгээрийг уншиж мэдэхэд гадаад хэл хэрэг болно. Англи хэл бол одоо нэмэлт хэл гэж тооцогдохоо больсон.. Эцэст нь эдгээр сургалтанд хамрагдсан бол практик дээр хэрэглэж, туршиж үзэх хэрэгтэй. Алдаа гаргахаас ерөөсөө айж болохгүй, миний хувьд олон зүйлийг туршиж үзээд алдаж байсан.
-Тухайлбал?
-Өө олон. Сангийн яаманд ажилладаг байхад дур мэдээд маш олон зүйлийг хийж үзээд болохгүйгээ мэдсэн. Тэндээс гараад найзуудтайгаа хамтарч консалтингийн компани байгуулж үзлээ. Анхныхаа олсон орлогыг хуваагаад компани дээрээ ямар ч ашиггүй, x тайлан өгч үзлээ. Болохгүйг мэдсэн. Болох, болохгүйг хийж үзэж байж л мэддэг. Сангийн яаманд жил хагас ажиллачихаад Дэлхийн банканд хоёр жил ажиллав. Тэнэг ч байж, залуухан ч байж. Доллараар цалинждаг газраас гараад найзуудтайгаа нийлээд старт ап эхлүүлэхэд маш хэцүү байхыг би төсөөлөөчгүй. Хийж үзэж байж л ойлгосон. Гэхдээ одоо ч миний байгуулсан консалтингийн компани хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулаад, манай найз удирдаж байна.
Хиймээр байвал, хийгээд үз, хийж үзэхгүй бол болох үгүйг нь мэдэхгүй шүү дээ. Сурмаар байвал сургалтад суугаад үз, тэгэхгүй бол хэзээ ч чадах, чадахгүйгээ мэдэхгүй.
Би саяхан байт харваагаар хичээллэж үзлээ. Миний хийх зүйл биш гэдгийг мэдлээ. Сүүлийн үед youtube дээр контент хийж эхэлсэн. Болох болохгүйг нь одоо харъя. Залуучууд завгүй гэж их ярьдаг. Тэр хүмүүст харах өнцгөө өөрчлөөсэй гэж хэлмээр байна. Бид бүгдэд ижилхэн цаг хугацаа бий. Зарим хүн зөв зүйлд цагаа зарцуулдаг, зарим нь дэмий зүйлд. Хэрэггүй зүйлд зарцуулахаа болих хэрэгтэй, тэр тусмаа залуу насан дээрээ бүр болих хэрэгтэй.
-Дэлхийн банкнаас та юу сурсан бэ?
-Өмнө нь би сангийн яаманд ажиллаж байсан. Тэр үед Дэлхийн банкны 100 хувийн санхүүжилттэй төсөл манайд хэрэгжихэд анкетаа явуулаад тэнцсэн юм. Туслахаар ороод нэг жилийн дараа манай төслийн дарга намайг үнэлээд бизнесийн шинжээч болгон дэвшүүлсэн. Олон улсын байгууллагад ажилласнаар маш нээлттэй болж хөгжиж чадсан. Жинхэнэ чадварлаг мэргэжилтнүүдтэй ажиллана, тэр хүмүүсээс маш олон зүйл сурна. Манай дэлхийн банкны мэргэжилтэн өдөрт 30 минутад өөрийгөө гадаад орчноос бүрэн салгаж, төвлөрч чаддаг байсан. Тэр 30 минутанд бүх шийдвэр, боловсруулалт, тооцооллоо хийдэг. Би тэр хүнээс богино хугацаанд хурдтай, үр дүнтэй ажиллах арга барилаас нь суралцсан. Мөн дээрээс нь гадны хүмүүстэй ажиллахаар олон улсын байгууллага яаж ажилладаг зарчмыг ойлгож авна. Тэндээс олсон туршлагаа хожим компаниа удирдахад хэрэгжүүлж байна. Мөн гадаад хэлний чадвар минь нэлээд сайжирсан гэж боддог.
-Үр ашигтай төлөвлөлт гэж таныхаар юу вэ? Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Хүмүүс календарь дээрээ баахан ажил төлөвлөөд түүнийгээ амжуулах гээд стрессддэг. Урт хугацаанд хүн өдөрт тийм олон ажил амжуулж дийлэхгүй. Би өдөрт 3-4 ажил төлөвлөөд хийж дуусгадаг. Ажлаа дуусгасан бол өөр ажил нэмж төлөвлөдөггүй.
Заримдаа би ажлаа өдрийн 12:00 цаг хүртэл амжуулчхаад үлдсэн цагаа бодоход зарцуулдаг. Бодно гэдэг маш чухал бас хэцүү ажил. Бодохыг манайхан их дутуу хийдэг юм шиг санагддаг.
Тэр тусмаа удирдлагын хүрээний ажил хийж байгаа эсвэл бизнес эхлүүлж байгаа хүмүүс бодох ажлыг сайн хийх хэрэгтэй.
Чөлөөт цаг гарч л байвал одоо хийж буй ажлаа хэрхэн сайжруулах вэ, цаашид юу хийх вэ, юу надад дутагдаад байна, ямар арга барилаар ажиллавал илүү үр дүнтэй байх гэдгийг бодох хэрэгтэй.
Ингэж бодож, шат дараалалтайгаар төлөвлөснөөр өөртөө итгэлтэйгээр, ажлаа хурдан амжуулахад тустай. Аяга тавгаа угааж байх хоорондоо ч бодож болно. Цөөн ажил төлөвлөөд түүнийгээ чанартай хийчих юм бол би хийж чадлаа гэсэн эерэг сэтгэлзүйгээр хүн цаашдаа илүү үр дүнтэй ажиллаж чаддаг.
-Залуу хүний хувьд баг хамт олноо удирдахад ямар бэрхшээл тулгарч байна. Өөрийн арга барилаа хуваалцвал?
-Залуу хүн болохоор хүндрэл их учирна. Хамт олноо харанхуйд үлдээж болохгүй гэж би боддог. Өөрөөр хэлбэл мэдлэг, мэдээллээс хоцроож болохгүй. Миний арга барил бол ажилчдадаа итгэх. Тухайн хүнд энэ ажлыг даалгах нь өөрт нь тэр компанид ч харилцан ашигтайг үнэхээр ойлгуулах хэрэгтэй. Би захирал гээд бүх ажилд нь оролцоод, хянаад байдаггүй. Тийм маягаар удирдвал ажилтан өөртөө итгэх итгэлгүй болж, нэг ажил хийх болвол захирлаас асуухгүй бол болохгүй гэсэн бодолтой болж, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Тодорхой хэмжээний шийдвэр гаргах, ажлыг авч явах эрх чөлөөг олгох хэрэгтэй. Үүн дээрээс л итгэлцэл үүсэж, компани илүү хурдтайгаар хөгжих боломжтой.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|