A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |
|
“Хайраар зөөлөрсөн хорвоо”, “Ээжийн цэнхэр нутаг” дуугаараа хүмүүсийн танил болсон залуу дуучин Д.Найдандоржтой ярилцлаа.
ЭМЭЭ ӨВӨӨДӨӨ ЭРХЭЛЖ ӨССӨН ТЭР ҮЕ РҮҮГЭЭ Л ЯВАХЫГ ХҮСНЭ
-Мэдээж эх орны минь үзэсгэлэнт байгаль, газар шороо тэр чигтээ л жаргалын орон. Харин таны зүрх сэтгэл дэх амин өлгий хаана байдаг вэ?
-Жаргалын орон гэхээр надад хүүхэд нас минь л бодогдож байна. Би Хөвсгөл аймгийн Галт суманд өвөө, эмээтэйгээ өссөн. Сэтгэл зүрхэн дэх диваажин бол хүүхэд насанд үлдсэн ариун дагшин уул устай, хүмүүсийнх нь сэтгэл хиргүй цагаанаараа, уул усаа хөндөж сэндийлээгүй нутаг минь юм болов уу.
-Яг одоо хүүхэд насруугаа очих боломжийг олгоё гэвэл хаачих вэ?
-Би хар бага наснаасаа л өвөө эмээгийнхээ гэрт мал маллаж, морин дэлэн дээр өссөн. Эргээд бодох нь ээ хүүхэд насны гэнэн томоогүй, юунд ч үл санаа зовох, эмээ өвөөдөө эрхэлж өссөн тэр үе рүүгээ л явахыг хүснэ. Тэд маань хайраар дэвсэж өсгөсөн ч ихийг сургадаг байжээ. Үгээрээ бус үйлдлээрээ зэмлэж, ухааруулна. “Болох”, “болохгүй”-н хязгаарыг тавьж, ёс заншил, монгол ухааны үнэ цэнийг биеэрээ үлгэрлэж өсгөсөн.
-“Би дуулах авьяастай юм байна” гэсэн сэдлийг хэзээ авч байв?
-Мэдээж багадаа их дуулдаг байв. Бас өвөө маань уртын дууг их сайхан уянгалуулна. Тиймээс найр наадамд их уригдахын сацуу морин дэлэн дээр хонио хариулангаа дуулдаг байлаа. Тэр сайхан аялгуу, хуурыг би сонсож өссөн. Миний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдүгээр арван жилийг дүүргэсэн. Анх үсэглэлийн баяраас эхлэн дуулж, орон нутгийн хүүхдүүдийн дунд болдог “Яргуй” наадамд аймгаа төлөөлөн оролцдог байсан. Багаасаа л дуучин болно гэх бодол тээсэн гэх үү дээ.
-Өвөөгийнхөө уртын дуугаар хүмүүжихийн сацуу хониндоо явахдаа хэнд ч баригдахгүйгээр уул талыг цуурайттал дуулж байсан нь магад дуучин болоход хөтөлсөн байх. Тийм үү?
-Тийм шүү. Биднийг хүүхэд байхад хөдөө зурагт телевиз байсан биш. Өвөөгийн радиог сонсоно. Радиогоор эгшиглэх дууг дагаж дуулсаар сурчихна. Би чинь цэцэрлэгт хүмүүжээгүй шууд л сурагчийн ширээнд тохойлдсон доо.
ӨВӨӨ МИНЬ НАМАЙГ “НҮД НЬ ГЯЛАЛЗСАН АЙХТАР ХҮҮ” ГЭЖ ХҮМҮҮСТ ӨХӨӨРДДӨГ БАЙСАН
-Өвөөгийнхөө ямар дуунд дуртай байв?
-“Эр бор харцага” гэх мэт уртын дуунууд нь сэтгэлд үлджээ. Богинын дууг барагтай л дуулдаггүй байсан. “Миний хүү сайхан дуучин болно оо” гээд л намайг урамшуулна. Урмын үгийг ер хайрлахгүй дээ. Өвөө минь намайг “Нүд нь гялалзсан айхтар хүү” гэж хүмүүст өхөөрдөн ярьдаг байсныг нь санадаг юм. Хүмүүс гэрт ирэнгүүт яг өөдөөс нь хараад хүний яриа чагнаад цоо ширтээд суучихдаг байсан гэсэн. Бас малд нүдтэй, юм юманд адтай сэргэлэн гэж магтуулна аа. Би их хурдан гүйдэг байсан юм шиг байгаа юм. Шилбүүр унаад нэг мэдэхэд л уулын орой дээр харайлгаад явдаг. Мал нь хаана бэлчиж байгааг аль хэдийнэ мэдчихдэг байсан гэсэн.
-Багаасаа л аймгаа төлөөлж тэмцээн уралдаанд оролцдог байсан гэхээр хотод хэдийнэ хөл тавиад үзчихсэн хэрэг үү?
-Анх дөрөвдүгээр ангидаа хотод болдог “Дуулах уу” гээд 21 аймгийн аймагтаа авьяасаараа шалгарсан хүүхдүүдийн дунд болдог улсын дууны уралдаанд оролцож байв. Түүнээс хойш жил болгон л аймгаа төлөөлж хотод ирнэ. Хүүхдийн харшийн ёолконд оролцож, “Найрамдал” зусланд амарна аа. Аав минь хотод амьдардаг учир зуны амралтаараа бас очно. Ер нь багаасаа биеэ даачихсан учир ганцаараа л шуудангийн автобусанд суугаад явчихдаг байсан.
-Хүмүүсийн сэтгэлд хоногшсон таны дуунууд бол яах аргагүй “Эхийн сэтгэл”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”. Уг дуунуудын тухайд?
-Оюутан байхдаа л дуулсан дуунууд л даа. “Эхийн сэтгэл” дууны аялгуунд би үнэхээр дуртай байлаа. Надад боломж гарвал энэ дууг дуулна даа гэж бодно. Тэгээд дуулах завшаан тохиосон. Хамгийн сайхан нь би “Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг” дуунууддаа “Хөвсгөл” далай, ээж, эмээгээ мөнхөлсөн. Энэ сайхан дуунууд минь хүмүүст намайг таниулж, олон сайхан ээжийн зүрх сэтгэлд хүрсэн гэж боддог. Хаа ч очсон сайхан энергиэ түгээж байдаг сайхан бүтээлүүд.
-“Хайраар зөөлөрдөг хорвоо” дуу тань хүн бүрт дүүгээ санах, хайрлах сэтгэгдлийг төрүүлэх үнэхээр сайхан бүтээл. Клипэнд жүжигчин С.Ариунбямба тоглосон нь үнэхээр нүдээ олсон мэт санагдсан?
-Энэ дуу бол миний нэр хуудас гэж хэлж болохоор бас маш сонин түүхтэй бүтээл байгаа юм. Уг дууны захиалагч нь манай нутгийн зөвлөлийн дарга ах. Хожмоо тэр хүн манай хадам ах болсон. Өөрөөр хэлбэл би дүүгийнх нь хүүхдийг эхнэрээ болгосон гэх үү дээ. /Инээв/ Энэ дуугаараа олонд хүрсэн, анхны тоглолтоо нэрлэсэн, хамгийн сайхан нь би эхнэртэйгээ учирсан. Тийм ч учраас гэр бүлээрээ их хайртай. Мөн энэ дууны клипийг С.Ариунбямба ах маань гайхалтай сайхан амилуулж өгсөн. Ах дийлэнхдээ сөрөг дүр бүтээдэг. Харин миний дуунд дөрвөн дүүтэй, түшигтэй ахын дүрд тоглосон. Мэргэжлийн хүмүүс их мундаг юм билээ. Яг л миний хүссэн дүрийг амилуулж, клипийг чимж өгсөн. Ахдаа үргэлж талархаж явдаг. Ер нь хүний сэтгэл зүрхэнд хүрсэн уран бүтээл хийхийг үргэлж хүсдэг.
ХАЙР БОЛ ХҮНДЛЭЛ, ИТГЭЛЦЭЛ ЮМ. БИЕ БИЕДЭЭ ИТГЭЖ БАЙЖ Л ТЭР ХАЙР ОРШИНО
-Амьдрал гайхалтай учралаар дүүрэн шүү. Энэ дуу таныг дуучных нь хувьд олонд хүргэхийн сацуу амьдралын тань ханьтай учруулжээ. Эхнэртэйгээ хэрхэн учирсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Дуу бүтсэний дараа хадам ахынхаа зохион байгуулсан арга хэмжээнүүдэд их дуулдаг байсан. Ахын талынхан их гэр бүлсэг. Хаана ямар л үйл явдал болно хамтдаа явна. Тэр дунд л аав, ээжийгээ дагаад нэг хөөрхөн охин явдаг байлаа. Сүүлд их сургуулиа төгсөх үеэс ханьтайгаа харилцаж, дотносож эхэлсэн.
-Эхнэрийн тань ямар чанар таныг татсан юм бэ. Ханийгаа жаахан магтаач?
-Айлын даруухан охид байдаг даа. Ээж аавынхаа үгнээс гардаггүй, эвдрээгүй... Тэр эгэл, даруу, хүмүүжилтэй байдал нь сэтгэл татсан юм болов уу. Манай хүн маш халамжтай хань, эх хүн.
-Хайрын тухай төсөөллөө хэлэхгүй юу. Юутай зүйрлэх вэ?
-Хайр бол хүндлэл, итгэлцэл юм. Бие биедээ итгэж байж л тэр хайр оршино. Тэгэхээр хүлээцтэй харилцах хэрэгтэй болов уу. Яг төсөөлөх гэхээр санаанд яг буухгүй байна уучлаарай.
-Хамгийн хайртай дуу?
-Бүх л дуундаа дуртай. Тэр дундаа эхийн тухай дуунууддаа илүү их дуртай. Сүүлд “Ээж шүтээн” гэдэг дуу хийсэн. Миний бүхий л зүйлд үнэнч найдвартай дэмжигч, ар тал болж дааж явдаг хүн бол миний ээж. Ээжийн тухай дуунууд дуулбал хамаг хар бараан бүхэн үргэдэг гэдэг. Түүнээс гадна би аавдаа зориулж нэг дуу хийсэн. Аав минь өөд болоод удаагүй байгаа. Клипийг нь маш гоё хийх ёстой гэсэн сэтгэлээр ажиллаж байна даа.
НОЁН НУРУУГАА АЛДАХГҮЙ, УРУУДАЖ ДОРОЙТОЖ СЭТГЭЛИЙГ НЬ ЧИЛЭЭХГҮЙ ЯВАХ НЬ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ БАГАХАН Ч АТУГАЙ ХАРИУЛЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ
-Эхийн ачийг хариулахын тухайд?
-Ноён нуруугаа алдахгүй, уруудаж доройтож сэтгэлийг нь чилээхгүй явах нь эхийнхээ ачийг багахан ч атугай хариулж байгаа юм болов уу. Зөв л явахыг хүсдэг. Сэтгэлийг нь амар тайван байлгах нь л хамгийн чухал. Түүнээс бус торго, тосонд умбуулаад болчихдог зүйл биш байх аа.
-Мэдээж эх нутаг, морь мал, монгол ахуйтайгаа ойр өссөн юм чинь эх нутгаа санагалзаад хааяа гүйгээд очмоор санагдана биз дээ?
-Байлгүй яах вэ. Анх оюутан болоод гэрээ их санаж байж билээ. Эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү, хоол хүнснээс авахуулаад бүгдийг л ээж ааваараа бэлдүүлж өссөн байдаг. Гэтэл оюутан болоод биеэ даагаад эхлэхээр амаргүй санагдсан. Одоо бол миний гэр бүл энд байна. Хааяа төрж өссөн сумандаа нутагтаа очих юмсан гэж хүснэ. Цагаан сар, наадам болохоор нутагруугаа явмаар санагдана. Нас залуу ч хүний нас явахаар нутаг руугаа сэтгэл нь тэмүүлдэг юм шиг ээ. Энэ зун заавал нутагтаа очно.
-Хэр сүсэгтэй вэ?
-Янз бүрийн мухар сүсгээс илүү нутгийнхаа уул усанд залбирдаг даа. Нутаг ус, ээж аавыгаа шүтэх нь дээдийн шүтээн. Тэгээд сүүлийн үед төрж өссөн нутагтаа сайн сайхан үйл хийж, нутгийнхаа уул усыг баярлуулах юмсан гэж хүсдэг болсон.
-Амьдралдаа барьдаг чиг шугам юу вэ?
-Өөрийн гэсэн бодолтой, ноён нуруутай байхыг эрмэлздэг. Түүнээс бус хамхуул шиг салхины аясыг дагаад хийсэх дургүй. Ер нь зөв л явбал болно гэж боддог.
-Хүмүүс олны танил болоод ирэхээр биеэ тоох хандлага гаргадаг. Үүн дээр юу хэлэх вэ?
-Хүн олны дунд орох тусмаа хүрээлэл нь ихэсдэг. Тэр үедээ анх хэн байснаа мартаж болохгүй, үргэлж санах ёстой гэж боддог. Түр зуурын амжилтаа үүрд юм шиг л бардаж болохгүй. Ер нь хэн байснаа мартахаар л хүн өөрийгөө гээдэг.
-Хүн юуны төлөө амьдардаг юм бэ?
-Гэр бүлийнхээ төлөө л амьдардаг. Хамгийн эрхэм зүйл гэр бүл шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье!
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|