• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

Сургууль, цэцэрлэгийг хааснаар төр тэрбум тэрбумаар “ашиг” хүртээд удаж байна. Алаг үрс, оюутан залуус дэлгэц ширтэн, гэртээ бүгэх зуур сургууль, цэцэрлэгийн үүдийг хааж, үйл ажиллагааг зогсоосон энэ хэдэн сард төр чамгүй хэмжээний мөнгийг чимээгүйхэн “халааслачихаж".  

Боловсрол бол улсын төсвийн мөнгийг хамгийн их “залгидаг” салбарын нэг. Энгийнээр тайлбарлавал, төсвийн таван төгрөг тутмын нэг нь боловсрол, соёлын салбарыг чиглэдэг. Энэ онд гэхэд боловсролын салбарын урсгал зардалд 1.67 их наяд төгрөг зарцуулахаар 2020 оны төсөвт хэдийнэ тусгажээ.  

Харин сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоож, цахимаар хичээллэх болсноор төсвөөс санхүүжүүлдэг урсгал зардал хэмнэгдэж байгаа юм. Товчхондоо, урсгал зардал нь сургууль, цэцэрлэгийн ус дулаанаас эхлээд тог цахилгаан,  сургууль, цэцэрлэгийн өдрийн хоол, үдийн цайны мөнгө хүртэл хэмнэгдэж байгаа гэсэн үг. Төсвөөс боловсрол, соёлын салбарт зарцуулдаг урсгал зардлыг сараар тооцвол 139 тэрбум төгрөг гэсэн тойм дүнг гаргаж болно. 

Засгийн газраас төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг олгож байна. Харин үүнээс бусад буюу энэ жил зарцуулна хэмээн хэдийнэ тооцчихсон урсгал зардал цахим хэлбэрт шилжсэнээр тодорхой хэмжээгээр хэмнэгдэж таарна. Коронавирусаас үүдэн хэдий хэмжээ мөнгө хэмнэгдэж буйг нарийн хэлэх боломжгүй. Гэхдээ төрийн "халааслаад" буй мөнгийг тооцох гэж оролдъё. 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨӨС 30 ТЭРБУМ ТӨГРӨГ

Цэцэрлэгийн багачууд гэртээ харьснаар тэдний хоолны мөнгө хэмнэгдэж буй. Төр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд энэ онд 90.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Харин энэ мөнгийг цэцэрлэгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг найман сард хуваабал нэг сард 12 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн үг.

Тэгвэл нэгдүгээр сарын 27-ноос хойш цэцэрлэгийг хааснаар сүүлийн хоёр сар хагасын хугацаанд төр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс ойролцоогоор 30 тэрбум төгрөг хэмнээд байна. 

ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРӨӨС 16.7 ТЭРБУМ ТӨГРӨГ

Сурагчид үдийн цайгаа гэртээ уудаг болсноор жилийн 54 тэрбум төгрөгийн өртөгтэй "Үдийн хоол" хөтөлбөр түр зогссон.  Төр нэг сард сурагчдыг цайлахад 6.7 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Нэгдүгээр сарын 27-ноос өнөөг хүртэл энэ хөтөлбөрт мөнгө зарцуулахаа больсноор төр ойролцоогоор 16.7 тэрбум төгрөгийг хэмнэжээ. 

ДОТУУР БАЙРНЫ ЗАРДЛААС 22 ТЭРБУМ ТӨГРӨГ 

Дотуур байранд амьдардаг оюутан, сурагчид гэртээ харьцгаасан. Ингэснээр дотуур байрын зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэж таарна. Төр жилд 71 тэрбум, сард 8.8 тэрбум төгрөгийг оюутан, залуусыг орон байраар хангахад зарцуулдаг. Дотуур байрны оршин суугчид гэртээ байгаа энэ хугацаанд төр хэдийнэ 22 тэрбум төгрөгийг хэмнэж байна. 

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГ 

Эцэг эх нь завгүй үед харах хүнгүй багачуудыг харж ханддаг энэ үйлчилгээнд төр сард 450 сая төгрөг зарцуулдаг. Тэгвэл сүүлийн хэдэн сард 1.1 тэрбум төгрөг хэмнээд байна. 

ТАНЫ ТАТВАРЫН МӨНГӨ ТӨРИЙН ХАЛААСАНД ҮЛДЭЖ БАЙНА 

Бидний сайн мэддэг хэдхэн төрлийн үйлчилгээг тооцоход  л төрийн "халааслаж" буй мөнгөний хэмжээ тэрбум тэрбумаар хэмжигдэж байна. Гэтэл төсвөөс санхүүжүүлдэг үйлчилгээ, үйл ажиллагаа үүгээр дуусахгүй бөгөөд уртаас урт жагсаалт үргэлжилнэ. 

Энэ хэрээр төсвийн мөнгө хэмнэгдэж, төрийн халаасанд үлдэж байна. Уг нийтлэлээр коронавирусээс ард иргэд, хүүхэд залуусаа хамгаалах төрийн бодлогыг шүүмжлэх гэсэнгүй. 

Гагцхүү коронавирусээс хамгаална хэмээн тайлбарлаж буй төрийн бодлого, шийдвэрийн цаана хүүхэддээ сургууль, цэцэрлэгт хамруулахаар төлсөн таны татварын мөнгө төрийн эрх баригчдын мэдэлд үлдэж байгаа шүү гэдгийг сануулахыг хичээлээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ