• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0
 
 

Дөрвөн хүний нэг нь сэтгэл санааны хямралд өртөж, гутралд  орсон гэх судалгаа бий. Julia Southern Wilkins–ийн өөрийгөө хэрхэн эмчилж харанхуй “газраас” гарсан талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.  

Би хэзээ ч бичсэн зүйлээ нийтлэх хэмжээний зориг гаргана гэж бодож явсангүй. Таньдаг хүн маань харчихвал яана, бас өөрийнхөө эмх цэгцгүй бодлоо олон нийтийн сүлжээнд тавихаар хүртээлтэй гэж боддоггүй байлаа. Гэсэн ч хэн нэгэнд чадахаараа туслахыг хүссэн юм.  

Өнгөрсөн таван сарын хугацаанд өөртэйгөө хийсэн тэмцлээ “сэтгэцийн асуудал” гэхээр итгэмээргүй санагдах юм. Эмч надад хэд хэдэн онош тавьж, ноцтой шинж тэмдгүүд ажиглагдаж байгааг анхааруулсан ч надад бодит байдалтай нүүр тулах чадвар байсангүй.  

Нэгдүгээр курсийн сүүлийн семестрт ганцаараа байх нь ихсэж, үг яриа цөөрч, эцэст нь би дуугарахаа болив. Эргэн тойрны хүмүүс миний байдалд сэтгэл нь түгшиж ярилцахыг хичээдэг ч би гэдэг хүн сонсоогүй царайлж, хариулахаас бултана. Учир нь би өөрөө ч сайн ойлгохгүй байсан юм.

 
 

Энэ байдал даамжирсаар энгийн өгүүлбэр уншаад ч нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр гаргачихдаг, ганц мессэж бичих гэж хагас цаг зарцуулж байсан юм. Кино үзээд ямар дүрүүд гарсан, ямар үйл явдал өрнөснийг ч санахгүй.

Мэдээж хичээл сурлагад байж болох хамгийн сөргөөр нөлөөлсөн. Үр дүнд нь өөртөө сэтгэл дундуур болж ирэв. “Би үүнээс илүү байж чадах байсан” гэх бодол эргэлдэж их сургуульд байх эрхгүй мэт санагдаж байсан. Өглөө дотуур байрандаа сэрээд л “яаж өнөөдрийг барна” гэсэн айдастай.

Ингээд би сургуулиасаа гарч гэртээ ирлээ. Бүх найзуудаасаа хэсэг зайгаа барьж, утсаа унтраан нийгмээс өөрийгөө тусгаарлав. Энэ бүхэн хэдий болтол үргэлжлэхийг, хэр удаан ийм байдалтай байх талаар огтхон ч боддоггүй байв. Ер нь юу ч чухал санагдахаа болив.  

Гэвч аажимдаа би хэд хэдэн зүйл анзаарч эхэлсэн юм. Хэзээ хамгийн сүүлд бүтэн өгүүлбэрээр ярьж, өөрийнхөө бодлыг сонссон билээ?

Өөрийгөө гаргууд нь хаяснаас бие физиологийн хувьд доройтож эхэллээ. Гэр бүлийнхэн, найзууд маань үнэхээр гайхалтай хүмүүс. Надад тууштай, хүлээцтэй хандан, чадлаараа ойлгож дэмжсэний хүчинд би эргэн хөл дээрээ боссон юм. Энэ аяллаас өөрийгөө буцаан авахдаа ойлгосон зүйлсийг доор жагсаан бичье.

 
 

1. Уулын оргил өөд гарахын тулд бүхнийг доороос нь эхэлнэ

Зөвхөн чиний л амьдрал учраас өгсөж уруудах болгондоо өөртөө битгий хатуурхаарай. Бүх зүйлийг тэгээс эхлэх үе бишгүй л гарна. Амьдрал гэдэг чинь уралдаан биш шүү дээ.

2. Оргүйгээс ортой нь дээр

Чиний сэтгэл санааг хүн бүхэн ойлгож хүлээж авахгүй. Огт хөдлөхгүй байснаас таван минут ч гэсэн алх. Ганцхан эрүүл хоол идсэн ч амттай. Хумсаа будаж, подкаст сонсож, гэрийнхэнтэйгээ ярилц. Хүмүүст чамтай ярих боломжийг олго. Усанд хаясан чулуу шиг алга болсноос мянга дахин дээр гэдгийг өөрөө хийж үзэж байж мэдэрнэ. Үнэндээ бидний анзаардаггүй энгийн зүйлс л аз жаргал бэлэглэдэг.

3. Чи ганцаараа биш

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг тоног төхөөрөмжөөр илрүүлж болох амар зүйл биш учраас оношлоход хэцүү байдаг. Зарим нь өөрөө ч сэтгэл гутралтайгаа мэдэхгүй яваа. Хаа нэгтээ чамтай адил будлиж байгаа хүмүүс бий.

4. Хэнд ч тохиолдож болно

Өвчин хүнийг ялгаж ирдэггүйн адил сэтгэцийн асуудлууд ч адилхан. Хэн ч өөрт тохиолдоно гэж боддоггүй. Гэхдээ сэтгэл гутралтай ч түүнийгээ ил гаргадаггүй, амьдрал нь хэвийн үргэлжлээд үргэлж инээж явдаг хүн ч маргааш нь байхгүй болчихсон тохиолдол олон байдаг. Тийм учраас өөртөө бас бусдад санаа тавьж байхаа битгий мартаарай.

Социологийн шинжлэх ухаанд зөвхөн хүн л харьяаллын мэдрэмжтэй гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шүү.

5. Бүх зүйл сайхан болно

Мэдээж бүх зүйл сайхан болно. Гэхдээ чи сайн сайхныг хүсэж тэмүүлэхгүй бол бүх зүйлс бахь байрандаа л байна. Хийж байгаа бүх зүйлсээсээ таашаал авч, зөв шийдвэр гаргах цаг ирнэ ээ. Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүй. Цаг хугацаа бүгдийг эмчилнэ. Бас хичээл зүтгэл үргэлж шагнана.

Эх сурвалж: Independent 

 
TAGS