• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Бугласан асуудал үе үе сэдэрсээр

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Миннеаполис хотод дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хуурамч чек ашиглахыг завдсан хэргээр гэгээн цагаан өдрөөр цагдаа нарын гарт амиа алдсан нь дэлхийн хамгийн ардчилсан гэгдэх тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзэл амь бөхтэй оршиж буйг сэдрээж, Америк төдийгүй дэлхий нийтэд эсэргүүцлийг жагсаал өрнөх шалтгаан болсон билээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн тэмцэл намжаад удаагүй байхад өнгөрсөн ням гарагт буюу наймдугаар сарын 23-нд АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотын өнгөт арьст иргэн, 29 настай Жэкоб Блейк бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан нь АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өрдөөчихөв. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа гал нээсний нэг сум нь Жэкоб Блейкийн нуруунд туссанаас болж бүсэлхийнээсээ доош мэдээгүй болжээ.

Энэ удаад “Black Lives Matter” эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо NBA, төдийгүй спортын бусад салбарынхан Жэкоб Блейкийн төлөө шударга ёсыг шаардаж, ажил хаялт зарлаад байна.

Коронавирусийн цар тахлын үүдээс гуравдугаар сараас эхлэн спортын аливаа тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж, тоглолтын шууд дамжуулалтыг телевизээр цацаж эхэлсэн нь тус салбарын орлогыг  ердийн үеийнхээс хэдэн тэрбумаар буурсаар буй бол арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэл, шударга ёсыг шаардсан ажил хаялтаас болж энэ шууд дамжуулалтын үеэрх зар сурталчилгааны орлого, тоглогчдын цалин гэх мэт энэ салбарын эдийн засгийн хувьд улам ойлгомжгүй байдлыг бий болгов.  

NBA-ийн тамирчид 60 жилийн дараа ахин ажил хаялт зарлав

Милвауки Бакс болон Орландо Мэжик багуудын цувралын тав дахь тоглолт лхагва гарагт хамгийн эхэнд явагдах байсан ч Бакс багийн тоглогчид хувцас солих өрөөнөөс гараагүй юм Тэдний энэ үйлдлийг бусад багууд ч дэмжин ажил хаялт зарлалаа.

NBA-ийн албан ёсны мэдэгдэлд “NBA болон тоглогчдын холбооноос өнгөрсөн пүрэв гарагт болох ёстой байсан плей-оффын Милвауки Бакс–Орландо Мэжик, Хьюстон Рокетс–Оклахома Сити Тандер, Лос Анжелес Лэйкерс–Портланд Трейл Блэйзерс зэрэг багуудын тоглолтыг хойшлуулж байгаагаа зарлаж цувралын тав дахь тоглолтуудын товыг удахгүй дахин гаргана” гэсэн юм.

Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин Либрон Жэймс твиттер хаягтаа арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн, ажил хаялт зарласнаа “Өөрчлөлт бол ердөө яриад л ирчихдэг зүйл биш, өөрчлөлт үйл хэргээр ирдэг. Харин үйл хэрэг хийх цаг нь ОДОО” хэмээн жиргэсэн юм.

Тамирчид ажил хаялт зарлах нь байж болох үзэгдэл үү?

Тийм. Олон нийтийн анхаарлыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалд хандуулах чухал алхам. Яг үүнтэй ижилхэн түүх спортын салбарт давтагдаж байлаа. 

  • Тухайлбал, Мухаммед Алигийн Вьетнамын дайныг эсэргүүцсэн тэмцэл нь олны анхаарлыг энэ асуудлыг зөв өнцгөөр ойлгоход чиглүүлж чадсан.
  • Түүх сөхвөл 60 жилийн өмнө буюу 1961 онд Famer Bill Russell болон Boston Celtics багийн тамирчид арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэж сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа бойкот хийж байв.
  • Мөн Мексикт зохион байгуулагдсан 1968 оны зуны олимпын үеэр гүйлтийн тамирчин Томми Смит, Жон Карлос нар АНУ-ын ЗГ  өнгөт арьст тамирчдаа ялгаварлаж байна хэмээн буруутган 200 метрийн гүйлтийн эсэргүүцэл үзүүлж хөл нүцгэн уралдаж алт болон хүрэл байр эзэлсэн бөгөөд шагнал гардуулах үеэр, АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд, өрөөсөн гартаа хар бээлий өмсөн, гараа өргөж, толгойгоо бөхийлгөн эсэргүүцэл илэрхийлсэн юм. Үүний эсрэг АНУ-ын Олимпын хороо болон ОУОХ-ноос Томми Смит, Жон Карлос нарын олимпд оролцох эрхийг нь хориглож байлаа.
  • 1980 онд АНУ болон капиталист системтэй 61 улсын тамирчид Афганистан руу цэргээ оруулсан ЗХУ-ыг буруушааж Москвагийн олимпын наадмыг бойкотлож өнжиж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо, хөл бөмбөгийн үндсэн 5 лиг, MLB буюу Мэжор лиг бэйсболын  баг тамирчид болоод үндэсний хоккейн лигийн тамирчид мөн л ажил хаялт зарлаж “бид уур хилэн, зовлон шаналлаа хуваалцах болно” гэсэн юм.

Түүнчлэн тус улсын үндэсний хөл бөмбөгийн лиг NFL бэлтгэл болоод  тоглолтоо зогсоосон бөгөөд тус лигийн тамирчдын холбооноос “энэ сорилтот цаг үед бие биенээ дэмжихээр урьд хожид байгаагүйгээр нэгдмэл байх хэрэгтэй”гэв.

Мөн нэрт теннисчин Наоми Осака пүрэв гарагт болох байсан хагас шигшээгийн тоглолтоо орохгүйгээ мэдэгдэж “Өнгөт арьст эмэгтэй болж төрснийхөө хувьд хэлэхэд намайг теннис тоглож байхыг хараад суухаас илүүтэй, нэн түрүүнд анхааралдаа авч, шийдвэрлэх ёстой чухал асуудалтай бид бүхэн  нүүр  тулж байна. Энэ үед тамирчдыг чимээгүй спортоо тогло гэх нь доромжлол юм” гэж твиттертээ жиргэсэн юм.

Улс төрчдийн өнцөг

Тус улсад дэгдсэн хар салхины үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлаар ерөнхийлөгч Трамп “NBA нь улс төрийн байгууллагаас ялгаагүй болчихлоо. Тамирчдын ажил хаялт нь улсын эдийн засаг хийгээд, спортын нэр хүндэд муугаар нөлөөлнө. Үнэнийг хэлэхэд би NBA-ийн эсэргүүцэгчдийн талаар төдийлөн мэдэхгүй ч миний мэдэж байгаа ганц зүйл бол хүмүүс NBA-гээс залхсан тул тэдний үнэлэмж маш муу байгаа” хэмээн тамирчдын дургүйг хүргэв.

Харин ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден Трампыг шүүмжилж: “Өнгөт арьстан болж төрснөөрөө энэ нийгмийн гэмтэн болж буй эдгээр хүмүүсийн ах, дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүсийн итгэлийг алдлаа. Америкчуудын дийлэнх нь арьс өнгөний үзэл бугшсан нийгмийн тогтолцоог үндсээр нь эргүүлэхэд бэлэн буй. Гэтэл өнөөгийн удирдлагын тогтолцоо гал дээр тос нэмсээр байна.” гэлээ

Коронавирусийн дэгдэлт, тамирчдын ажил хаялт спортын салбарын эдийн засгийг хэр шархлуулав?

Коронавирусийн цар тахлын үеэр орлогынхоо тал хувийг алдаж буй холбоод, тамирчдын орлогыг залгуулж буй үзэгчгүй тоглолт, зурагтаар өөр үзчих сонирхолтой зүйлгүй энэ үед тамирчид ажил хаялт зарласан нь спортын түүхэнд маш чухал үйл явдалд тооцогдов.

Үүнээс улбаалан үзэгчгүй тоглолтын шууд дамжуулалтыг ивээн тэтгэгчид, зар сурталчилгаа нийлүүлэгчид хэдийн алдагдал хүлээгээд эхэлсэн. Тодруулбал,

Kantar Media-гийн мэдээлснээр 2018-2019 онд TNT, ESPN, ABC- телевизийн NBA-ийн тоглолтын ердийн үеийн шууд дамжуулалтын дундуурх зар сурталчилгааны орлого 1.44 тэрбум ам.доллар хүрч байжээ. Мөн NBA нь 2019 онд телевизийн шууд дамжуулалт, тасалбарын борлуулалт, мерчендайзингаар 8 тэрбум ам.долларын орлого олжээ.

Энэ жилийн хувьд NBA-г шууд дамжуулдаг үндсэн 3 телевизийн /ESPN, TNT, NBA TV / сар сурталчилгааны орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 14 хувиар буурсан байна.  TNT болон ESPN телевиз нь 2014 онд 2025 он хүртэл тоглолтыг дамжуулахаар 24 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байсан аж.

SQAD олон улсын судалгааны байгууллагын  2020 оны эхний хагасын статистикийг авч үзвэл ердийн үеийн тоглолтын финалын дамжуулалтын үеийн 30 секундийн зар сурталчилгааны өртөг TNT телевизийн хувьд 48,388 ам.доллар бол ESPN телевизийнх нь 34,780 ам.доллар байжээ.

Гэхдээ үүнээс ч том гарз хохирол бол эрх чөлөө, ардчиллыг зарлан тунхаглагч оронд хүний жам ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн шударга бус үйл явдал удаа дараа гарсаар буй нь үл хайхарч болохгүй асуудал. Тиймдээ ч NBA-ийн бойкот бол 40,50 жил энэ спортыг шимтэн үзэгчдийн хувьд гарцаагүй нөлөө бүхий хөдөлгөөн.

Цар тахлын дэгдэлт, үзэгчгүй тоглогчоос болж  энэ салбар ямар алдагдал хүлээх вэ?

Цар тахлын дэгдэлтийн уршигт хамгийн их өртөж буй салбарынхны нэг бол спортынхон. Тэр дундаа NBA. Тодруулбал, Statista олон улсын судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар энэ оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэл Los Angeles Lakers баг 82.1 сая ам.доллар, New York Knicks баг 46.1 сая ам.доллар, Golden State Warriors 42.1 сая, Toronto Raptors 32.9,  Boston  Celtics 32.3 сая ам.долларын тасалбарын алдагдал тус тус хүлээгээд байна.

Sportspromedia хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Спортын маркетингийн агентлаг Two Circles-ийн хийсэн судалгаагаар энэ оны эцэс гэхэд коронавирусийн үр нөлөөгөөр спортын салбар 61.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй болоод буй.

Тус хүрээлэнгийн тооцоогоор энэ онд 5000 гаруй үзэгчтэй, 49,803 спортын үйл ажиллагаа /тоглолт, тэмцээн / зохиогдохоор төлөвлөгдсөн байжээ.

Two Circles-ийн судалгаагаар  спортын салбар 2020 онд өнгөрсөн оны 129 тэрбум ам.долларын орлогоо 4.9 хувиар өсгөн буюу 135.3 тэрбум ам.долларын орлого олохыг зорьж байсан авч 73.7 тэрбум болтол буурах нь нэгэнт тодорхой болсон гэж тооцоо гарчээ.

Биеийн тамирын сургууль, тоглолтын талбайн бизнес эрхлэгч, спорт цогцолбор, шууд дамжуулалтын өргөн нэвтрүүлгийн глобал телевизүүд үүнээс үүдэн алдагдалд ороод эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд цалин багатай үйлчилгээний ажилтнуудад дарамт болоод буй.  

Энэ хямрал нь иргэдийн татвараас санхүүждэг нийгмийн үйлчилгээний байгууллагууд болох эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа гээд  иргэдийн  өдөр тутмын амьдралын аюулгүй байдлыг хангадаг байгууллагуудын төсвийн хуваарилалтыг бууруулах нь эргээд иргэдийн амьдралд шууд нөлөөлөх сөрөг үр дагавартай.

Ковидын дэгдэлтээс үүдэн спортын салбарын орлогын гэнэтийн алдагдал, тамирчдын ажил хаялт зэрэг нь хамгийн багадаа 12 тэрбум ам.долларын алдагдал бий болгох төдийгүй олон мянган ажлын байрыг цомхтгох эрсдэлтэй гэж тооцоолол гарчээ.

Энэ тоо нь тасалбарын өртгөөс өгсүүлээд,  хөл бөмбөгийн сургалтаас хүүхдээ авахдаа авч өгдөг хотдогны мөнгө гээд бүгдийг багтаана.

Тухайлбал, энэ хямрал нь тус салбараас спортыг дэмжигч /pro sport/ үзэгчдийн оруулдаг 3.25 тэрбум ам.долларыг орлогыг арчин одсон бол тасалбар борлуулагч, шар айраг худалдаалагсад зэрэг стадионы ажилчдын 371 сая ам.долларын цалин, түүгээр ч үл барам үндэсний телевизийн 2.2 тэрбум ам.долларын орлого /хамгийн багадаа/, спортын аялал жуулчлалын 2.4 тэрбум ам.долларын орлогыг тус тус арчин одох дүр зураг харагдаж буй.

Сонирхуулахад үндэсний хөл бөмбөгийн лиг NFL-ийн нэг улирлын тоглолт нь зөвхөн телевизийн дамжуулалтаар 24 сая ам.долларын орлого олдог нь Холливүүдийн зарим кино бүтэх төсвөөс ч их мөнгө юм.

Нэмж хэлэхэд АНУ-ын статистикийн хорооны судалгаагаар спорттой холбоотой 524 төрлийн мэргэжлийн 3 сая гаруй ажлын байр бий аж.

Мөн NBA болон Сагсан бөмбөг тоглогчдын холбоо 10 жилийн өмнө 300 сая ам.долларыг  цуглуулан “өнгөт арьстнуудын нийгэмлэгийг дэмжих, эдийн засгийг хүчирхэг байдлыг хангахад зориулж ” “NBA Foundation” санг үүсгэн байгуулж байлаа.  Үүнээс хойш NBA-гийн 30 клубийн эзэн жил бүр энэ санд 30 сая ам.долларыг “өнгөт арьс хүүхдүүдийн боловсрол хөгжил хийгээд тэднийг ажлын байраар хангахад”зориулан хандивладаг болсон юм.

Эх сурвалж: 

cnbc.com

espn.com

forbes.com

statista.com

edition.cnn.com

TAGS