A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 74 | |
|
Коронавирус аялал жуулчлалд маш сайн шалгуур болж байна
Оюутан байхаасаа хөтөч, орчуулагч хийж, аялал жуулчлалын салбартай амьдралаа холбосон бүсгүйг Н.Цэнддаваа гэдэг. Айлын том, гурван дүүтэй тэрбээр гэр бүлийнхээ орлогод хувь нэмэр оруулах зорилгоор анх хөтөч хийж эхэлснээс хойш 20 оныг үдэж буй.
Мөн хөдөө явах дуртай нь түүний хөтөч хийх хүслийг өдөөж, Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист очиж, байгалийн үзэсгэлэнт газар, үнэт ховор үзмэр, түүх, соёлын бүтээлүүдийг гаднын жуулчдад танилцуулахдаа “Энэ минийх” гэж бахархаж, бардамнана.
Олон хоногоор жуулчдыг дагуулан явахад нь хүмүүс ойлгохоосоо ойлгохгүй нь их тул жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, хөтөч, орчуулагч нарыг ойлгодог, ядарч яваа жолоочид анхаарал хандуулдаг өөрийн гэсэн аялал жуулчлалын газар байгуулах “оч” асаж, шөнийн зүүд, өдрийн бодол нь болсон байна.
Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2011 онд тэрбээр мөрөөдлөө биелүүлсэн. Ингэхдээ бүр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн болж, Хөвсгөл нуурын хаяанд мөрөөдлийн жуулчны газраа таван гэртэйгээр байгуулжээ. Тэрбээр морин аялал голцуу хийдэг. Тэднийх шиг онцлог маршруттай морин аялал хийдэг газар Хөвсгөл аймагт төдийгүй улсын хэмжээнд ховор.
Н.Цэнддаваа морь унаад, хэд хоногоор ч хамаагүй аялж явах дуртай. Нэг удаа жуулчдаа дагуулан Жанхайн даваанд хоноод, өглөө нь морио унаад хөдөлтөл нэвсийсэн их цас орж, модон дээр тогтсон цас унах чимээнээс өөр аниргүй байж. Тэр үед түүнд Жавар өвгөнтэй үлгэрт орчих шиг мэдрэмж төржээ.
Тэгээд л Хөвсгөлийн иргэн болохоор, энэ газарт мөрөөдлийн жуулчны баазаа байгуулахаар эргэлт, буцалтгүй шийджээ. Одоо түүнд энд төрж, өссөн мэт санагддаг гэсэн. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг аж.
Өдгөө түүний “Монгол үжин” жуулчны бааз 10 гаруй гэртэй, гадаадын жуулчдад төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг газар болж, Хатгалдаа төдийгүй Хөвсгөлдөө нэртэй болсон. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж, өдийд дархад зоны нүүдэл, мал төллөлтийг нүдээр үзэх хүсэлтэй жуулчдын хөлд дарагддаг байсан бол харин энэ жил коронавирустэй холбоотойгоор бүх аялал цуцлагдаж, Хатгал даяар эл хуль, хүнгүй шахам байв. Коронавирусийн халдвар гарснаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, хамгийн их хор хөнөөлийг нь хүртэж буй.
Тэгвэл “Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл, тэр дундаа жуулчдын хамгийн их очдог Хатгалд аялал жуулчлал ямар байдалтай байгааг бид сурвалжиллаа.
Н.Цэнддаваа өдгөө Хатгалын аялал, жуулчлалын холбооны тэргүүн төдийгүй “Nomadic harmony” компанийн захирлын албыг хашдаг. Тэрбээр “Манайх хоёрдугаар сарын 20-ноос, гуравдугаар сарыг дуустал жуулчид авч, төрөлжсөн аялал хийдэг.
Хөвсгөл нуурынхаа Ханх сум буюу хойд эргээс нь Хатгал хүртэл марафон гүйлт зохион байгуулдаг юм. Аялагчдын олонх нь Их Британиас ирдэг. Нэг групп хамгийн ихдээ 50 орчим хүнтэй ирж байсан. Энэ жил 126 хүний захиалга авч, гурван тусдаа групп болгон ангилаад, жуулчдаа хүлээн авахаар төлөвлөөд байлаа. Үүн дээр нэмэгдээд уулын аялал, отор нүүдэл сонирхох гээд 200 орчим хүнийг энэ өвөл хүлээж авахаар тооцоолсон юм.
Нэг аялал 10 орчим хоног үргэлжлэх учраас маш их бэлтгэл ажил шаардлагатай. Өвлийн экстрим төрлийн аялал өртөг өндөртэй, хүн бүл шаарддаг. Багийнхан, морь, чарга, гэр орон, хоол хүнсээ бэлдчихсэн, аяллуудынхаа урьдчилгааг авчихсан байсан.
Гэтэл коронавирустэй холбоотой аялал цуцлагдсан. Зарим хүн маань “2021 оны өвөл очъё” гээд аяллаа жилээр хойшлуулж, урьдчилгаагаа буцааж аваагүй. Гэтэл зарим нь урьдчилгаагаа авсан.
Он гарснаас хойш ердөө зургаахан хүн хүлээн авсан. Манайд тогооч, бэлтгэгч, гэрийн үйлчлэгч гээд тогтмол тав, түр тав, нийт 10 хүн ажилладаг. Мөн үүн дээр 20 гаруй хөтөч нэмэгдэнэ. Одоо бол бүх хүнээ амраасан” хэмээсэн юм.
Түүнээс одоо энэ байдлаас гарах ямар гарц, гаргалгаа байгааг асуухад “Хатгалын аялал, жуулчлал эрхлэгчдийн холбооныхон уулзаад, хорио цээр тавигдвал дотоодын аялагчдад зориулсан сонирхолтой аяллын хөтөлбөр бүхий багцын үйлчилгээ гаргахаар ярьсан.
Коронавирус аялал жуулчлалын салбарт нэг талаараа маш сайн шалгуур болж байна. Энэ салбарт сэтгэлтэй, сайн, цаашид үйл ажиллагаа явуулж чадах газрууд үлдэж, аялал жуулчлалыг үнэгүйдүүлээд байдаг үүргэвчтэй аялагчид цөөрнө. Төрөлжсөн аялал илүү хөгжинө гэж үзэж байгаа” хэмээсэн. Түүнчлэн хатгалынхан аялал жуулчлал эмх замбараагүй хөгжиж, тархай, бутархай байж болохгүй, нэгдсэн бодлоготой байх ёстой хэмээн үзэж, чармайж байгаа гэнэ.
Хатгалд 60 орчим гэр буудал байдаг бөгөөд жилд 100 мянга гаруй аялагч хүлээж авдгаас 20 мянга орчим нь гадаадын жуулчид байдаг гэнэ. Энэ нь улсын хэмжээнд ирж байгаа гадаадын жуулчдын 30 орчим хувийг эзэлдэг байна. Харин Хатгалын иргэдийн орлогын 70 орчим хувь нь аялал жуулчлалаас шууд хамааралтай учраас бүхий л үйл ажиллагаа нь бараг зогссон гэж хэлж болохоор байлаа. Тухайлбал, Хатгал тосгоны хэмжээнд нэг л хоолны газар үйл ажиллагаа явуулж байв.
“Алмаз” зоогийн газрыг ажиллуулдаг Г.Дариймаа “Манайх гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Жил бүрийн өдийд хунгийн чуулган харахаар хүмүүс их ирдэг байлаа. Харин энэ жил хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бараг хүн ирээгүй. Хүний хөдөлгөөн маш бага байна. Үүнийг дагаад орлого ч багассан” хэмээн ярив.
Харин Хөвсгөл аймгийн хэмжээнд 82 жуулчны бааз, гэр буудал үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр газруудын үйл ажиллагаа ч мөн зогсжээ. Мөсний баяраар ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, олон улсын хэмжээний баяр болсон. Өнгөрсөн жил зохион байгуулсан мөсний баяраар л гэхэд 2018 оныхоос хоёр дахин олон хүн цугларсан байна.
Гадаадын 200 гаруй жуулчин ирдэг аж. Гэвч энэ жил коронавирустэй холбоотойгоор энэ аялал цуцлагдаж, 200 гаруй гадаадын жуулчин аяллаа цуцалжээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан “Бид жуулчдыг тогтмолжуулж, эргээд ирэх боломжийг хангаж, сэтгэгдэл төрүүлж буцаах нь чухал. Дотоодын аялагчид Хөвсгөл нуурыг зорьж ирдэг.
Иймээс бид энэ жил дотоодын жуулчдыг татахаар зорьж байна. Энэ хүрээнд жуулчны баазуудад мэдээлэл өгч, үүнд бэлдэж, алдагдлаа нөхөхөөр төлөвлөж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалын салбараас аймагт жилд 20 сая төгрөг ус, газрын төлбөр гэж ордог. Жуулчны баазуудыг ихэвчлэн Улаанбаатарын иргэд ажилуулдаг учраас татвар нь хотод төвлөрдөг. Иймээс энэ орлогыг аймагт оруулах талаар татварын тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан” хэмээсэн юм.
Нийтийн бие засах газар байгуулсан ч эвдэлж, сүйтгэжээ
Гадаадын аялагчид багадаа нэг сар, түүнээс дээш хугацааны өмнө хаашаа, хэрхэн аялахаа төлөвлөж, тэр дагуу захиалга өгдөг. Харин манайхан төлөвлөж сураагүй бөгөөд хүссэн үедээ машиндаа бензин хийгээд аялах, зугаалах хандлагатай. Энэ нь наадмын дараа Хөвсгөл нуур дотоодын жуулчдын хөлд дарагддагаас хамгийн илэрхий харагддаг. Үүний улмаас буудаллах газар олдохгүй, хаа хамаагүй майхан саваа байрлуулж, ил задгай хүндрэх, хог хаяхаас эхлээд олон асуудал дагуулдаг.
Мөн Хөвсгөл төдийгүй Монголын аялал жуулчлалын салбарт бие засах газар аялагчдын хамгийн тулгамдсан асуудал байдаг. Хатгал тосгон, тэр дундаа нуурын эрэг орчмоор маш их цэвдэгтэй мөн нуурын усанд нөлөөлж болзошгүй учраас нүхэн жорлон хийх боломжгүй.
Түүнчлэн гадаадынхан тийм жорлон хэрэглэж сураагүй учраас хамгийн их цочирддог гэнэ. Харин өдгөө Хөвсгөл нуурын эрэг орчмоорх аялал жуулчлалын газрууд жорлонгийн асуудлаа шийдсэн сайхан мэдээтэй байв.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл төсөл хэрэгжжээ. Энэ төсөл дөрвөн жил хэрэгжиж, нийтийн бие засах газруудыг олноор байгуулсан нь гадаад, дотоодын жуулчдын талархлыг хүлээсэн байна. Энэ бол нийтийн бие засах газрын асуудлыг шийдсэн Монгол Улсын хаана ч байхгүй арга хэмжээ болж чаджээ.
Харамсалтай нь монголчууд өнөөх л зангаараа суултуур дээр сууж биш, зогсож бие засах болсноор өнгөрсөн жилээс суултуурыг нүхэн болгож эхэлсэн аж. Мөн аялагчдын хамгийн их очдог, зураг авдаг газруудад байгуулсан бие засах газруудыг эвдэлж, хэрэглэх аргагүй болгосон нь ч бий гэнэ. Аялал жуулчлалын томоохон бизнес эрхлэгчид бие засах газраа суултууртай болгосон ч монголчуудыг хүлээж авахаас үргэлж болгоомжилдог гэсэн.
“Жорлонгийн суултуур, компьютерийн гар хоёрыг харьцуулахад суултуур илүү цэвэрхэн гарсан судалгаа байдаг. Гадаадын жуулчид суултуур дээр суух л ёстой гэж боддог. Өөрөөр ямар нэгэн байдлаар ашиглах тухай боддоггүй. Гэтэл манайхан хэчнээн цэвэр байсан ч суулгүй, гутлаараа гишгэж, гадуур нь шээж, баадаг.
Гадаадын жуулчин хэчнээн олон байсан ч асуудал үүсдэггүй хэрнээ ганц, хоёрхон монгол хүн буухад энэ мэт асуудал үүсдэг” гэдгийг Хатгал тосгонд аялал, жуулчлалын бизнес эрхэлдэг, нэрээ хэлэхээс татгалзсан иргэн ярьсан. Иймээс гадаад, дотоодын жуулчдыг нэг дор авахад хүндрэл үүсдэг байна. Мөн БОАЖЯ-наас жуулчны баазуудад боловсон бие засах газартай, цэвэрлэх байгууламжтай байх шаардлага тавьж байгаа гэнэ.
Төсөл хөтөлбөрүүд эзэндээ хүрдэггүй
Хөвсгөл нуурыг тойрсон, аялал жуулчлалыг дэмжсэн олон сайхан нэртэй төсөл, хөтөлбөрүүд байдаг ч тэр бүр хөрсөн дээр бууж, байгаа онодоггүй, эзэндээ хүрдэггүй, хий ажил болдог гэдгийг орон нутгийнхан хэлж байлаа.
Мөн төсөл, хөтөлбөрийг мөнгө болгож харах нь цөөнгүй гэнэ. Тухайлбал, Хөвсгөл нууранд унасан машин тэргийг гаргах, Далай ээжээ хамгаалах төслүүд төдий л үр дүнгээ өгөөгүй, хэчнээн машиныг нуураас гаргаж, нуураа хэрхэн хамгаалж буй нь тодорхойгүй аж. Харин хамгийн сайн хэрэгждэг төслүүд нь гаднын хүмүүсийнх.
Тодруулбал, дани хүмүүс Хөвсгөл аймагт ирж, малчид өртэй гэдгийг мэдээд хоршоо байгуулахаар айлуудыг судалж, “Сарлагийн сайхан хишиг” хоршоо байгуулсан байна. Данийн Засгийн газар, хувь хүмүүс тус хоршоонд тусламж үзүүлээд сүүний цех байгуулахаар болжээ.
Мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хоёр охиныг ШУТИС-ийн сүүний технологийн ангид сургаж байгаа сайхан мэдээ ч байна. Энэ жил тус сүүний цех ашиглалтад орох аж. Харин улсын нэртэй төсөл, хөтөлбөрүүд төдий л үр дүнгээ өгдөггүй гэнэ.
Монголын аялал жуулчлалын шинэ хөгжлийг Хөвсгөлөөс эхэлье
Хөвсгөл аймаг бол Монголын аялал жуулчлалын тулгуур төв. Тиймээс ч аялал жуулчлал, Хөвсгөл гэх үгс холбоо юм шиг сонсогддог. Үүнийг дээр өгүүлсэн, Монголд ирдэг гадаадын жуулчдын 30 гаруй хувь нь зөвхөн Хөвсгөлийг зорьдогоос харж болно.
Харамсалтай нь, хөвсгөлийнхөн үүнийгээ төдий л ухаж ойлгохгүй, аялал жуулчлал гэдгийг байшин бариад, хэдэн ор тавиад, түүнийгээ түрээслүүлэхээр төлөөлүүлэн ойлгодог гэхэд хилсдүүлсэн болохгүй. Умгар байшин, уранхай бүрээстэй гэрт өмнөх хүмүүсийнх нь уусан архины эхүүн үнэр арилаагүй шахам байхад оруулж, хүссэн үнээ хэлдэг нь хэнд ч нууц биш.
Харин салбар тодорхойлдог яам, энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид өдгөө гаднынхан гэж хошуурахаасаа илүү монголчууддаа анхаарал хандуулахаа мэдэгдлээ. Нэгэнт аялал жуулчлалын салбар шинэчлэл хийхээс, дотоодынхноо онилохоос өөр боломжгүй нөхцөл байдлыг коронавирус үүсгэсэн тул үүнээс буцах аргагүй. Ингэхдээ энэ шинэчлэлийг хийх, хэрэгжүүлэх, бусад аймагт үлгэр дуурайлал үзүүлэх “хөрс” нь Хөвсгөл.
Иймээс хөвсгөлийнхөн үүнд онцгойлон анхаарал хандуулж, аялал жуулчлалын шинэ хөгжлийн түүхийг бичихэд ханцуй шумлан зүтгэх эгцэгтэй цаг үетэй нүүр тулжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|